Нийтлэл 12 сарын 28, 2017

2017 онд хамгийн их уншигдсан Хөгжлийн тухай нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. 2017 онд trends.mn уншигч та бүхэнтэй хамт олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцийн бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байгаа билээ.

Энэ удаад зөв бодлого хэрэгжүүлсэн улс орон хэрхэн богино хугацаанд хөгжиж, буруу бодлого хэрэгжүүлсэн орон хэрхэн богино хугацаанд нуран унаж байгаа тухай асуудлуудыг хөндөж хамгийн олон хүнд хүрсэн 5 нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.

Хятадын төрийн бодлого ба манай төөрсөн бодлого

БНХАУ хүнд үйлдвэрлэлийн салбараа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэж үзэхээ больж орчин үеийн технологийн үйлдвэрлэлд тэргүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлчихсэн явж байна гэсэн үг. Цаашдаа Монгол-Хятадын технологийн хөгжлийн зөрүү Монголыг Хятадын үйлдвэрлэл, эдийн засгийн системийн ихээхэн сул дорой, доод түвшинд аваачих буюу бид хоцорч үлдэх нь байна.

 

ХӨГЖИЛ БОДЛОГО: Экспансия

Төгсгөлд нь онцлоход манай улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил хоёр хөрштэй шууд холбоотой. Хоёр хөршийг даваад гуравдагч орноос цэрэг-улс төрийн экспансия орж ирнэ гэж байхгүй. Бусад орон Монголд  хөрөнгө оруулж үйлдвэр байгуулахдаа бүтээгдэхүүнийг нь юуны түрүүнд манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэхийг л эрмэлздэг. Жишээ нь, Оюу толгойд гаднынхан Хятадын зах зээлд  гарахын тулд хөрөнгө оруулсан. Иймд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд байнга анхаарах нь юу юунаас чухал байгаа юм.

 

 Моралтай ард түмэн, улс орон хөгждөг: Японы хөгжлийн түүхээс

Аливаа хөгжил заавал урт хугацааных байх ёстой гэсэн ташаа бодлогыг Японы хөгжлийн загвар халж хаясныг бид ойлгох ёстой. Япон орон хөгжихдөө ердөө 6-7 жил (Японы эдийн засаг бол төлөвлөгөөт эдийн засаг) зарцуулсан. Яагаад гэхээр эдийн засгийн хөгжлийг урьтаж ард иргэдийн морал, улс орны удирдагчдын моралыг хөгжүүлэхгүйгээр хөгжил яриад ч хэрэггүй болохыг тэд эрт ухаарсанд байгаа юм. Хүнлэг, ёс суртахуунтай байх зэрэг нь моралын нэг л хэлбэр. Капитализмд хүртэл өөрийн морал байдгийг Японы хөгжил харуулна.

 

 ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Венесуэлийн сүйрлийн түүх

Килограмм будаа эсвэл гурил, магадгүй шүдний оо эсвэл нойлын цаас зэрэг ховор барааг тэд олох цорын ганц өдөр нь өнөөдөр байж магадгүй. Хэрвээ тэд азтай бол хоёр сонголттой учирна. Нэг литр ургамлын тос эсвэл нэг килограмм элсэн чихэр. Ухаан санаагаа алдаж богинохон гэсэн ч мөрөөднө. Оочер урагшилсан ч хүмүүс тасрахгүй. Дараалалд зогсох зайгаа үүрээс өмнө захиалчихна. Маш олон хүн тэндээ шөнийг өнгөрөөж хамгийн эхэнд зогсох гэсэн хүмүүс зогсох зай худалдаж авна.

Би энэ дүр зургийг харж хүмүүс яагаад ийм хойрго байгааг гайхсан. Удирдагчид бүхэл бүтэн ард түмний хоол хүнсээр яаж тоглож чадаж байна вэ? 

 

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Ли Куан Югийн үлдээсэн өв

Эрхэм Ли авилгын аюулын тухай үргэлж анхааруулж байсан. 2005 онд Куала Лумпурын "Дэлхийн ёс зүй, шударга байдал"-ын форумд тэрээр: Одоогийн Сингапурын Засгийн газар 1959 онд засгийн эрхэнд гарах үед цэвэр, ёс зүйтэй Засгийн газар байгуулахыг зорьж байсан. Бид ёс зүйтэй, авилгач бус манлайллыг сонгуулийн кампанит ажлын үндсэн асуудал болгосон. “Энэ бол коммунист Барисан Сосиалис (Barisan Sosialis) болон түүний холбоотнуудын гүтгэлэгийн эсрэг сөрөлт байв.” 

Жижиг улс том зорилготой байх ёстой

1960-аад оноос бүх ард түмэндээ шууд хүрч үйлчилж чадахгүй гэдгээ ойлгоод улсынхаа бүх нөөцийг хүний нөөцдөө зарцуулах шийдвэр гаргасан аж. Тухайн үедээ хамгийн толгойтой залуусаа шигшин цуглуулж бүгдийг нь барууны сургуулиуд руу явуулж дээд боловсрол эзэмшүүлж, улсынхаа элит давхаргыг үүсгэх бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн тухайгаа хэлж байв. Одоо тэд ба тэдний дараагийн өндөр боловсролтой үе нь эх орноо удирдаж байна. Жижиг улс том зорилготой байх ёстой. Том зорилготой байхын тулд өндөр боловсролтой байх ёстой.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon