Нийтлэл 12 сарын 28, 2017

Ерөнхийлөгч Х.Баттулга: Утаа бүлэглэлийн бизнес болсон

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр агаарын бохирдлыг шийдвэрлэх тухай хэвлэлийн бага хурал хийлээ. 

Утааны асуудлыг жил бүр ярьдаг. 2010 онд Барилга хот байгуулалтын сайд байхдаа утааг цогцоор нь шийдэх боломж гэсэн танилцуулга хийж байсан. Энэ танилцуулганд баялгийнхаа 2 хувиар хөдөөгөө хөгжүүлье, хотоо нүүлгэн шилжүүлэх давуу тал бий болгоё гэдэг танилцуулга хийж байсан. Утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр бизнесийн бүлэглэлүүд гарсан. Тэд нар 147 тэрбум төгрөгийг утааг багасна гэдэг нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая долларыг утаагүй зууханд зарцуулсан.

Ерөнхийлөгч болсоныхоо дараа 10 сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах ямар арга зам байна гэдгийг эрэлхийлж Үндэсний чуулганыг хийсэн. Харамсалтай нь ямар ч үр дүнд хүрээгүй. Утаатай холбоотой маш зузаан төлөвлөгөө гаргасан ч нэг жилийн дараа харахад 6300 айлыг л тогтой холбосон гэдэг мэдээлэл байна. Энэ төлөвлөгөөн дотор бас л Таван толгойгоос Сайншанд руу автозам барина. Таван толгойн коксжих нүүрсийг иргэдэд тараана гэсэн заалт явж байна. Гэтэл иргэдийн хэрэглэж байгаа зуух энэ нүүрсийг шатааж дийлэхгүй. Энэ коксжих нүүрсэнд 600 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. УИХ-д Үндсэн хуульд заасны дагуу онц байдал зарлах эрх байдаг учраас УИХ-ын дарга М.Энхболдод онц байдал зарлаач гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Энэ тал дээр УИХ өнөө маргаашгүй шийдвэр гаргах байх.

Асуудал гарах тусам мөнгө гардаг. Мөнгө гарах тусам бизнес болдог. Эрх мэдэлтнүүд, бизнесийнхэн зовлон дээр тоглодог асуудал дахин дахин давтагдаж байна. Иймд агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, шийдвэрлэхийг яаралтай хүсье гэсэн санал хүргүүлсэн байгаа.

Эцэг эхчүүдээс эмнэлгийн орны хүрэлцээ муу байна гэсэн маш олон гомдол ирсэний дагуу амралтын өдрүүдээр 5-6 эмнэлгээр орж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байна. 10-4 сар хүртэл томуу болон томуу төст өвчний тархалт багастал төрийн албан хаагчдын эмнэлэг болон цэргийн эмнэлгийн хүчин чадлыг ашиглаач гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. ЭМЯ, БХЯ, ХЗЯ энэ асуудлыг хүлээж аваад шийдвэр гаргаж байх шиг байна.

2018 оны 1-р сарын 1-ээс нийт хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгө олгох Хүүхдийн мөнгөний хууль батлагдсан байгаа. Энэ асуудлыг эргэж хараач гэдэг саналыг мөн УИХ-д тавьсан байгаа. 100 тэрбум төгрөг байвал хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх боломж байгаа гэдгийг санал болгосон. Хүүхдийг багаас нь ялгаварлан гадуурхаж болохгүй.

Утааны асуудал дээр онцгой анхаарал тавья. 2010 оноос эхлэн утааг бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлсэн боловч үүнийг бизнес болгосон.

Б.Хурцын томилгоонд ямар байр суурь баримталж байна вэ?

Солонгосын хойгийн тухай дэлхий даяар ярьж байна. Манай 40000 иргэн БНСУ-д хар цагаанаар амьдардаг. Энэ асуудал дээр бид дипломат ёсыг бодсон ч, иргэдээ бодсон ч цэргийн цолтой хүн очсон нь дээр гэж Ерөнхий сайдтай зөвшилцсөн. Элчин сайдаар томилуулах үед олон асуудал яригдсан учраас энэ асуудлыг хойшлуулсан. УИХ-ын гишүүд улс төрийн зорилгоор ийм асуудал сөхөөд байвал байдал яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс тэр асуудлыг түдгэлзүүлсэн байгаа. Нухацтай ярилцана.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon