Нийтлэл 12 сарын 28, 2017

БИ САЙН ЭЭЖ: Нийгэмд болж буй үйл явц хүүхдийн хүмүүжилд их нөлөөлдөг

Хүнээр хүн хийх гайхалтай нарийн арга ухаан гагцхүү ээж хүнээс л гардаг. Тиймдээ ч хүний хорвоогийн хамгийн нандин эрдэнэ бол ээж хүн. Хариу нэхдэггүй тусыг, мэдрээд хэзээ ч шавхагдахгүй их хайрыг ээж гэдэг эрхэм хүмүүс л бидэнд өгч чаддаг юм. Бид хүүхдээ зөв хүмүүжил эерэг хандлагатай хүн болгон хүмүүжүүлсэн ээжүүдийн туршлагаас хуваалцдаг “Би сайн ээж” буланг хүргэдэг билээ. Энэ удаа боловсролын салбарт олон жил ажиллаж хүний өөрийн маш олон хүүхдүүдэд хоёргүй сэтгэлээр хандаж ардын багш хэмээх хүндтэй алдрыг өндөрт өргөж яваа нэгэн ээжийн туршлагаас хуваалцахаар бэлтгэлээ. Архангайн багшийн сургуулийг Бага ангийн багш гэсэн мэргэжлийг эзэмшин улсад  хорь гаруй жил ажиллаж байгаа. Одоогоор Баян-Өлгий аймгийн Баастын нэрэмжит 2-р бүрэн дунд сургуульд багшилдаг. Үр хүүхэндээ сайн ээж, сайн сурган хүмүүжүүлэгч байхыг үлгэрлэсээр яваа энэ эмэгтэйг Цэдэнжавын Наранцэцэг гэдэг.

Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг

Би нэг хүү, нэг охинтой. Хүү маань цагдаагийн сургууль төгсөж одоо нутагтаа ажиллаж байна. Харин охин маань МУИС-ийг төгссөн. Би өөрөө багш хүн болохоор хүүхдүүддээ  хатуу, зарчимч хүн болгож өсгөсөн. Ер нь  0-3 насанд хаан мэт өргөмжил, 3-6 насанд хатан мэт ойлго, 6-12 насанд харц мэт дагуул, 13-18 насанд хань мэт зөвлө гэдэг дээ. Би хоёр хүүхдээ ингэж л өсгөсөн.  Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Ямар насанд юуг ойлгож, юу сурсан байх ёстой вэ гэдгийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Тэгээд тэр зүйлүүдийг хүүхэд хийж сурахад ямар хүчин зүйл нөлөөлөх вэ, бидний зүгээс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг мэдэрдэг байх нь л чухал л даа.  Миний охин хүү хоёр маань 6 настайгаасаа л эхлэн бие дааж хоол хийж, хувцсаа угаах гэрээ цэвэрлэхээс эхлээд л зуныхаа амралтаар өвөө эмээгийндээ очиж туслах гээд насандаа тохирсон ажлыг хийж сурсан. Өөрсдөө бие дааж сураад хэнээр шаардуулалгүйгээр ажлаа хийгээд сурчихаар их амар байдаг. Харин эрэгтэй эмэгтэй хүүхэд хоёулахнаа болохоор жаахан хэцүү. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд чинь өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Тэр болгонд нь тохируулж харьцахыг л хичээдэг.

Би өөрөө социализмын үед хүмүүжсэн зарчимч хүн

 Би чинь өөрөө социализмын үед хүмүүжсэн хүн. Тиймээс  харьцангуй хатуу чанга, зарчимч хүн болж төлөвшсөн. Багш мэргэжилтэй маань ч холбоотой байх. Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийдэг. Ахмад настан удирдлагынхаа үгийг сонсдог байхыг ухамсарладаг. Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн  бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүх­дийнхээ барааг хардаггүй болсон юм шиг санагддаг. Ингэхээр хүүхдүүд бүхий л зүйлсийг эргэн тойрныхоо хүмүүсээс найз нөхдөөсөө мэддэг. Компьютер интернетээс зөв буруу мэдээлэл олж авдаг. Үүнийг буруу зөв гэж ялгахын аргагүй ч жаахан эмзэглэдэг.

 13-18 насанд нь хүүхэдтэйгээ маш болгоомжтой харьцах хэрэгтэй

 Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг маш эмзэг үе байдаг юм шиг байгаа юм. Мөрөөдөлдөө авт­даг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн нэмэгдэж заримдаа бүдүүлэг зан авир гаргана. Тиймээс яг л энэ үед маш болгоомжтой харьцаж хүүхдийнхээ гаргаж буй ааш авир, хийж буй үйлдлийг хянахгүй бол нэгэнт буруу замаар орж алдаа эндэгдэл гаргавал тэр нь насан туршид нь хар толбо болж үлдэх магадлал өндөр. Тиймээс л энэ насыг шилжилтийн онцгой үе гэж нэрлээд байдаг байх.

 Хүүхдүүддээ ямар ч хүнтэй үргэлж зөв харьцаарай гэж захидаг

Бидний өдөр тутмын амьдрал, ажил маань тасралтгүй үргэлжлэх харилцаанаас бүтдэг. Хүн ямар мэргэжилтэй, ямар салбарт үйл ажиллагаа явуулдаг, хаана амьдардаг зэргээс үл хамааран түүний ажил амьдрал амжилттай сайхан байх эсэх нь тухайн хүн бусадтай хэр ”хэл ам аа ололцож” чаддаг вэ? гэдгээс хамаардаг. Тиймээс би хоёр хүүхэддээ хэнийг ч битгий ялгаварлан гадуурх. Үргэлж зөв боловсон харьцаж бусдад үлгэр дууриалал болж яв гэж захидаг.

 Нийгэмд болж буй үйл явц хүүхдийн хүмүүжилд их нөлөөлдөг

Хүүхдийн хүмүүжилд нийг­эмд болж буй үйл явдал, зурагт радиогоор нэвтрүүлж байгаа бүхэн маш хүчтэй нөлөөлдөг.  Би үүнийг ээж хүний хувьд, багш хүний хувьд мэдэрдэг юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, , урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.  Тэднийг дагаж дууриадаг. Заримдаа уруу татагддаг. Ядаж л телевизийн сувгаар хүүхдэд үзүүлэх сайн нэвтрүүлэг тун ховор байх шиг санагддаг. Манай хүүхдүүд ч одоо том болсон болохоор юу үзэх, хэнийг дагахаа надаар заалгахгүй мэднэ. Би багад нь ихэвчлэн боловсролд нь чиглэсэн нэвтрүүлэг үзүүлэхийг чухалчилдаг байсан.

 Авьяас чадвар 1 хувь байхад хөдөлмөр 99 хувь байх ёстой

Мэдээж хэрэг хүүхдүүд маань юунд дуртай байна, ямар зүйл хийж сурсан байна гээд бүгдийг ажигладаг байсан. Хөөрхөн хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх дугуйланд хамруулах гээд л би чинь хүүхдээ хөтөлж очоод л бүртгүүлчихдэг байсан. Би охиноо аль болох урлагийн мэдрэмжтэй урлагийн хүн болгох гээд дуу бүжгийн дугуйланд явуулдаг байсан. Харин охин маань спортод илүү сонирхолтой. Сургуулийн багт орж тоглоод л амжилт гаргаад түүндээ урамшдаг. Ер нь тэгээд авьяас чадвар 1 хувь байхад хөдөлмөр 99 хувь байх хэрэгтэй гэдгийг л хүүхдүүддээ үргэлж хэлдэг.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon