Нийтлэл 12 сарын 28, 2017

ЭРҮҮЛ МЭНД: 21-р зуунд хөгжлийг хүнээс салгаж ойлгох боломжгүй

2.9 тэрбум ам.долларын хандив

Хүн бүр эрүүл мэндийн чанартай үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүй авах эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад (universal health coverage) хүрэх зорилтыг дэмжиж Япон улс энэ мөнгийг гаргав. Хэнд өгч байгаа, бидэнд олдох эсэх, ямар төслийг санхүүжүүлэх гэхээс илүүтэй яагаад Япон хүний аж амьдрал, амьдрах орчин, тансаг хэрэглэгээг улам нэмэгдүүлэх боломжтой энэ мөнгийг тэдэнд зориулалгүй гадагш гаргаж байна, энэ мөнгөний эх үүсвэр юу болох талаас нь хараад үзье. Япон улсын хөгжлийн өнөөгийн ололт, амжилт бол ердөө хүнээ дээдэлж, хүнээ хөгжүүлж, хүнээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломжоор хангахад анхаарч ирсэн явдал. Миний мэдэхийн 1990-д оны сүүлээс хүний аюулгүй байдал (human security) гэсэн нэр томьёог олон улсын хэмжээнд гарган тавьж энэ чиглэлийн төсөл, санаачилгыг дэмжин санхүүжүүлж ирсэн. Ингэхдээ нийгмийн амьдрал, хөгжлийн гол үндэс бол эрүүл мэнд, өөрөөр хэлвэл хүн эрүүл байж оюун санаа, бие бялдарын хувьд өндөр бүтээмжтэй, сайн сайхан амьдарч аж төрөх чадвар өндөр байна гэсэн байр сууриа илэрхийлсэн хэрэг. Энэ үзэл баримтлал өнөөдөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт (sustainable development goals буюу SDGs)-уудын үндэс болон дэвшигдлээ. Өөрөөр хэлвэл, XXI зуунд хөгжлийг хүнээс салгаж ойлгох боломжгүй болов. Хүн нь эрүүл, эрхэмлэх зорилго, үнэт зүйлстэй, шудрага үнэн нь ил тод, итгэл үнэмшилтэй, өв тэгш хүмүүжил, боловсролыг дээдэлсэн улс орон бусдаас илүү чадамжтай, хурдтай хөгжиж үр шимийг нь эргээд нь ард иргэд нь хүртэх боломжтой гэсэн үг. Ийм учраас эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгч байна.

Эрүүл мэндийн салбарын үүрэг
Эрүүл мэнд гэхээр эрүүл мэндийн салбар яах аргагүй яригдана. Гэхдээ энэ салбарт зөвхөн өвчнийг эмчлэх бус нийтийн эрүүл мэндэд анхаарсан эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндэд нөлөөтэй салбар хоорондын бодлого, ажлын уялдааг хангах, хөрөнгө санхүүг дайчлах, оновчтой зөв ашиглах гээд тал бүрийн мэдлэг, мэргэжил шаардсан олон талт үйл ажиллагааг хамааруулж ойлгох хэрэгтэй юм. Эдгээрийг зохицуулж хэрэгжүүлдэг нэг жор байхгүй. Улс орон бүр өөрийн арга, замыг сонгох хэдий ч өнөөдөр нэг зүйл их тодорхой болов. Энэ юу гэхээр хувь хүн дангаараа хэзээ ч эрүүл мэндийн асуудлаа шийдэж, эмчилгээний төлбөр, зардлаа даах боломжгүйг нийтээр хүлээн зөвшөөрөв. Хувийн төлбөр дээр суурилсан эрүүл мэндийн систем тэгш бус байдлыг үүсгэхээс гадна бага орлоготой иргэд нь тусламж авах боломжгүй, дээр нь эрүүл мэндэд хувиараа төлж байгаа мөнгө өрхийн орлогод нөлөөлж ядууралд түлхэх гол шалтгаан болоод байна. Ийм учраас өнөөдөр дэлхийн нийт хүн амын бараг тал нь эрүүл мэндийн зайлшгүй чухал үйлчилгээг чанартай авах боломжгүйд хүрч, ойролцоогор 800 сая хүн орлогынхоо дор хаяж 10%-г эрүүл мэндийн төлбөрт хувиараа төлж, үүний улмаас жил бүр 100 сая хүн үгээгүй ядуурч байна.

Эрүүл мэнд хөгжлийн түлхүүр 
Дэлхийн хүн амын нэг хэсэг нь харьцангуй эрүүл, хэрэгцээтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломжтой байхад нөгөө хэсэгт нь ийм боломж хаалттай, олноороо өвчин, зовлонд нэрвэгдэн шаналж, хүүхэд эмэгтэйчүүд нь эндэж байна. Ийм байхад бид хөгжиж байна гэж ярих үндэсгүй юм. Үүнийг дагаад эрүүл мэнд хөгжлийн гол зангилаа боллоо. Нөгөө талаар бид бүгдээрээ нэг нэгнээсээ хамааралтай нэг дэлхийд аж төрж байгаа хүмүүс. Энэ утгаараа эрүүл мэндийн бүх нийтийн хамралт гэдэг нь дэлхийн 7.6 их наяд иргэний хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй байх зорилт юм. Энэ хүрээнд хүний хөгжил, хүний эрүүл мэндийн асуудал нэг улс орны хэмжээнээс хальж дэлхийн асуудал болж байгаа тул Япон, Герман, Франц, Швейцарь зэрэг орнууд эвсэлдэн нэгдэж, хөрөнгө мөнгө, хүчээ дайчлан гаргаж хамтран ажиллаж эхэллээ. Ингэж дэлхийн хүн амын эрүүл мэндийн төлөө зориулан зарж байгаа мөнгө хаанаас гарч байгаа нь тодорхой. Энэ бол тухайн орнуудын ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө юм. Тэр орнууд бид болж байна, бид өөрсдөө улам тасраад хөгжөөд байя гэхээс илүүтэй бие биеэс хамааран оршиж байгаагаа илүү ойлгон ухамсарлаж, бусад улс орны ард иргэдийн эрүүл мэндийн төлөө өөрсдийн цалин, орлогын тодорхой хувиа өгч, хуваалцаж байна. Яагаад гэвэл эрүүл мэндгүй хөгжил гэж байхгүй учраас бүгдээр нэгдэж, асуудлаа хамтаар шийдэх, хамтаар хариуцлагатай байж хамтаар хөгжих зорилтыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх алхамыг тэд хийж байна.

Олон улсын байгууллагын дэмжлэг
Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг бүгд дэмжиж үүнд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. 2017 оны 12 сарын 12-15 өдрүүдэд Токио хотноо болсон эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ёнг Ким бид өнгөрсөн он жилүүдэд том алдаа гаргажээ. Бид эрүүл мэнд гэхээс илүүтэй дэд бүтцэд илүү анхаарч хөрөнгө оруулалтыг тийш чиглүүлж ирсэн. Одоо энэ алдааг засаж, чиглэлээ өөрчлөх ажил бидэнд тулгарч байна гэж мэдэгдэв. Эрүүл мэндийн салбарыг хувь хун биш харин улсын оролцоотой хамтын санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийн чухлыг нийтээр хүлээн зөвшөөрөв. Энэ хурлаас Токиогийн деклараци гарав. Үүнд 2023 он гэхэд эрүүл мэндийн чанартай, хэрэгцээт тусламжинд нэмж хамрагдах хүний тоог дор хаяж 1 тэрбумаар нэмэх, ядууралд өртөх хүний тоог 100-с 50 саяд бууруулах дунд хугацааны зорилт тавигдлаа. Үүний тулд эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг дэлхий нийтээр ярьж дэмжих, хөрөнгө, хүчээ нэгтгэх, 2018-2019 онуудад болох дэлхийн өндөр хэмжээний уулзалт, хурлуудаар хэрэгжилтийг хэлэлцэх, улс орнуудын өөрсдийн санал, санаачилга, оролцоо, манлайлалыг дэмжих, шинэ нээлт, боломжуудыг өргөн ашиглахыг уриалав.

Монгол улсын оролцоо
Дэлхийн хэмжээнд тавигдсан эрүүл мэндийн бүх нийтийн хамралтанд хүрэх зорилт Монгол улсыг тойрохгүй. Бид энэ зорилтыг НҮБ-ын хэмжээнд батлахад оролцсон гэдгээрээ бус харин үйл ажиллагаагаар харуулж зорилтот үр дүнд хүрэх үүрэг хүлээсэн орон. Өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд олон талын эрсдэлтэй тулгарч, өвчин зовлонд нэрвэгдэх, тусламж, үйчилгээ доголдох, эрүүл мэндийн байдлаас болж ядуурдаг, нийгмийн хамгааллын баталгаа суларсан цаг үед бид амьдарч байна. Үүний гол шалтгаан нь эрүүл мэндийн салбарын манлайлах үүрэг орхигдож, энэ хэрээр салбарын болоод салбар хооронын бодлого, зохицуулалт алдагдаж, үүнийхээ үр дагаврыг бид бүгдээрээ ямар нэг байдлаар амсаж байна. 

Эрүүл мэнд хувь хүнээс эхэлнэ
Хүн эрүүл байх шиг үнэ цэнэтэй юм үгүйг гэдгийг их зохиолч Д.Нацагдорж жаргалан, жаргалан, жаргалан, түүний дундаас чухам жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан хэмээн бичсэн нь бий. Гэхдээ хувь хүн өөрөө эрүүл мэндээ хайрлахгүй бол өөр хэн нэгний дэмжлэг, нөлөөгөөр эрүүл байх боломж хэзээ ч бүрдэхгүй. Хүн хичнээн хөрөнгө, мөнгөтэй байгаад ч тэр хүний өмнөөс өөр хэн нэгэн өвдөж, шаналж өвчин, эмгэгийг авна гэж байхгүй. Эрүүл байхын тулд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хүн бүрд хэрэгтэй. Энэ мэдлэгийг өгөх, хэрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалсан, сэргийлсэн дадал зуршлыг хүн амд, ялангуяа хүүхэд залууст багаас зааж, сургаж төлөвшүүлэх ажил бол эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг. Энэ тэргүүлэх чиглэл дээр бид доголдож ирсэн, одоо ч доголдсон хэвээр байна.

Эрүүл мэндийн боловсрол
Эрүүл мэндийн наад захын мэдлэг, боловсрол дутмагаас болж эмчлэхэд түвэгтэй, насаараа эдгэхгүй архаг өвчтэй болох, бусдад халдааж тараах эрсдэл өнөөдөр нээлттэй байна. Хүн амын дунд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол ямар байгааг харуулдаг өвчлөлүүд байдаг. Үүний тоонд бэлгийн замын халдварт өвчин орно. Саяхан ЭМЯ-ны гаргасан мэдээгээр манайд бэлгийн замын халдварт өвчин нийт халдварт өвчний 3-т түрэн орж иржээ. Нийт өвчлөгсдийн 42% нь 15-24 насны залуус эзэлсэн байна. Одоогоор 15-19 насны хүүхдэд ДОХ-ын вирус илэрсэн тохиолдол 14 бүртгэгджээ. Цаашлаад 12-13хан насандаа жирэмсэлдэг, үр хөнддөг тохиолдол буурахгүй байгаа ажээ.  2017 гэхэд 18316 үр хөндөлт хийсний 15868 нь буюу 87%-ийг 20-с доош насны охид эзэлсэн байна. Энэ бол хүнээ, хүүхэд, залуусаа анхааралгүй сул орхисны үр дагавар. Улс орны хөгжил, ирээдүй болсон залуус маань өөрсдийн эрүүл мэндэд ингэж хандаж, алдаж, насаараа эмгэгтэй болох эрсдэл үүсгэж байгааг өсөн хүмүүжиж, үлгэр дууриал авч байгаа орчин, мэдлэг, мэдээлэлтэй холбон үзэхээс өөр аргагүй. Энэ бол хөгжлийг удаашруулах нэг хүчин зүйл.

Эрүүл мэнд ба нийгмийн хүчин зүйлс
Хөгжлийн цөмөө эрүүл мэнд гэж харж байгаа бол эрүүл мэндийн бодлогыг хүний эрүүл мэндэд нөлөөтэй бүх салбарт оруулж ярьдаг, тусгадаг, хэрэгжүүлдэг байх шаардлага гарна. Ингэж байж эрүүл мэндийн салбар төдийгүй салбар хороондын уялдаатай хөгжлийн цогц бодлого гарч хэрэгжих боломжтой. Энэ тал дээр бид бас алдсаар байна. Тухайлбал, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжлээ, хүн юу хийх, хаана, яаж амьдрахаа өөрөө шийдэх эрхтэй гэх мэт улс төрийн мэдэгдэл, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, зохицуулалт хэрэгтэйг орхигдуулсан явдал. Ийм учраас хүн амын дийлэнх нийслэлдээ бөөгнөрч, нийслэл хот нь ачаагаа дааж дийлэхгүй болсон учраас замын их түгжрэл, агаарын бохирдол эрс нэмэгдэж эрүүл ахуйн шаардлага хангахгуй хүнс тэжээл, зам тээвэр, эмнэлэг, сургууль гээд эрүүл мэндэд нөлөөтэй нийгмийн үйлчилгээ хүрээгүй орчинд хүмүүс амьдрах болов. Бүртгэл, хаяг нь тодорхой бусаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамарагдах боломжгүй, өвдлөө гэхэд эрүүл мэндийн тусламж яаж авах нь тодорхойгүй өрх гэр олон байна. Дээр нь өвөл цагийн утаа, өвчлөл, нас баралт, автын осол гэмтэл, архидалт, гэмт хэрэг, зөрчил, уур уцаар, сэтгэлийн дарамт, стресс гээд сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндийн шинжтэй олон асуудал бүгд салбар хоорондын оролцоо шаардана.

Эрүүл эрүүл мэндийн систем
Хүн амын эрүүл мэнд дан ганц эрүүл мэндийн салбараас хамаарахгүй ч эрүүл мэндийн салбарын нөлөөлөл, манлайлал маш чухал. Энэ үүрэг юуны өмнө систем дотроо их тодорхой байх шаардлагатай. Өнөөдөр бид эрүүл мэндийн салбараа өвдсөн хүнийг л эмчилдэг салбар гэж ойлгон эмчилгээ, оношлогооны зардал, мөнгө нэмэх, эмнэлэг барих, өргөжүүлэх тухай их ярьж байна. Ингэж зардал хөөсөн салбараар хүн амаа эрүүл байлгаж улс орноо хөгжүүлэх боломжгүй. Манай улс 2000 онд нэг иргэний эрүүл мэндэд 27 ам.доллар зарж байсан бол 2015 онд 152 ам.доллар буюу зардлаа бараг 6 дахин өсгөсөн ч асуудал шийдэгдсэн үү гэвэл үгүй. Иймээс зардал биш харин хүнээ эрүүл байлгах, өвчлүүлэхгүй, өвчнөөс сэргийлэх арга замыг илүү харсан эрүүл мэндийн системийг хөгжүүлж байж ирэх 15 жилийн хөгжлийн зорилтоо шийдэх шаардлага гарч байна. Энд боловсон хүчнээ бэлдэх, сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зөв зохистой зохион байгуулах, өвчтөн хамгийн түрүүнд эхэлж очдог, харьцдаг анхан шатны тусламж, үйлчилгээг сайтар хөгжүүлэх, чанартай эм, тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалтыг сайжруулах, хүрэлцээтэй, хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хувийн ба улсын салбарыг бодлогын хүрээнд зангидаж удирдан зохицуулах гээд олон ажил энд хамаатай. Системийн хүрээнд асуудлаа зангидахгүй бол эм хангамж, эм зүйн салбар нэг тусдаа, эмнэлгүүд нь тугай хуулиар бие даагаад хөгжөөд явна гэх мэт төсөөлөл давамгайлж болох талтай. Ийм тохиолдолд эрүүл мэндийн системийн цогц байдал алдагдаж нийтийн эрүүл мэндийн асуудал орхигдох болно гэдгийг анхаарах нь чухал.

Эрүүл мэнд үнэгүй биш үнэтэй 
Аливаа юм олон талтай учраас хүмүүс юмыг эхлээд шууд өөрсдийн сонирхох өнцгөөс харж, ярих явдал байдаг. Эрүүл мэндийг үнэтэй, төлбөртэй болгох хэрэгтэй, одоогийн төлбөрийг нэм, үнэгүй юм хэзээд үнэгүй байдаг, үүнээс болж эмч үнэгүйдэж байна, идэх талхаа мөнгөөр авдаг хэрнээ хамгийн үнэтэй эрүүл мэнд нь үнэгүй байна гэх мэт яриа гардаг болов. Эрүүл мэнд үнэгүй биш үнэтэй. Манай улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4%, дэлхий нийт гэвэл 10%-г эрүүл мэндэд зарж байна. Үүний дотор хувиараа хийж байгаа төлбөр ч туссан байгаа. Манай эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 40%-г өвчтөн өөрөө кармаанаасаа төлдөг болсон. Хэрэв үнэгүй бол эмчилгээнд хандив хүсэх шаардлага гарахгүй. Ийм байхад өвдөж зовсон хүмүүс асуудлаа яаж шийдэж байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй. Энэ бол бодлогын чухал асуудал. Боломжтой нэг нь байр сууц, мал хөрөнгөө зарж эрүүл мэнд, эдийн засгийн өндөр эрсдэлд байгаа тохиолдол бага биш. Ийм учраас эрүүл мэндээс болж ядуурах явдал улам ихсэх хандлага ажиглагдаж байна. Сүүлд гаргасан үнэлгээгээр манай нийт өрхийн 6% хувь нь орлогынхоо 10-с дээш хувийг эмнэлгийн төлбөрт хувиараа төлж, хамгийн багаар бодоход жил бүр 20 мянган хүн хувийн төлбөрөөс болж ядуурч байгааг тогтоов. Мөн өрхийн орлогын байдал эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, тэгш байдалд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг 2007, 2008, 2012 оны байдлаар гаргасан. 1990-д оны эхээр байсан ядуурлын хэмжээ өнөөдөр дорвитой буураагүй, харин ч нэмэгдэх хандлагатай болов. Яагаад бид ийм асуудалтай тулгарах болов гэдгийг үнэн зөв оношилж нэгдсэн нэг ойлголтонд хүрэх, хөгжлийн цаашдын хандлага, өнгө төрхөө зөв тодорхойлж шаардлага бидэнд байна.

Хувиа хичээх үү, хамтарч шийдэх үү 
Одоогоор Монгол улс бусдын төлөө хөрөнгө, мөнгө хандивлах боломж, сэтгэл зүйн бэлтгэл байхгүй нь ойлгомжтой. Харин дотроо бие биенээ дэмжээд өөрсдийгөө аваад явах, бусдад үлгэр үзүүлэх боломж бий. Соёл, иргэншлээ дагаад ганц мод гал болдоггүй, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө, цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж ярьдаг ард түмэн. Бид энэ зарчмаа цааш улам төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь бид эвсэлдэн нэгдэх, эв хамтын зарчим дээр суурилсан эрүүл мэндийн албан журмын даатгалын тогтолцооны үр өгөөжийг бусдаас түрүүнд мэдэрч 1994 оноос эхлэн нэвтрүүлсэн орон. Эрүүл мэндийн даатгал хүндээ хүрэхгүй байна, даатгалын болон эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог үндсээр өөрчилж, социалист маягийн эрүүлийг хамгаалах тогтолцоог халах цаг болсон гэх мэтийн үзэл бодолтой хүмүүс бий. Энэ бол бас л нэг эрх ашгийг харсан хүмүүсийн яриа. Эрүүл мэндийн албан журмын даатгал бол эрсдэл хуваадаг, тэгш байдлыг илүүтэй бүрдүүлдэг механизм гэдгийг Япон, Герман, Франц, Өмнөд Солонгос гээд олон орон нотлон харуулсан. Харин энэ тогтолцоог зөв зохион байгуулж, удирдаж, ажилуулж чадаж байгаа эсэх гэдэг өөр асуудал. Манай улс эрүүл мэндийн даатгалын хуулиа улс төрийн нөлөөн дор байнга оролдож, 2-3 жил тутамд өөрчилж ирсэн. Өмнө хийсэн өөрчлөлтийн үр дүнг тооцолгүй, янз бүрийн сонирхол дор шил шилээ дагасан олон өөрчлөлтөөс авсан сургамжийг ярихгүйгээр даатгалаа муулах, дахиад өөрчлөх гэж оролдох нь илүү муу үр дагавартайг бодолцох нь зөв юм.

Хувийн, улсын салбарын оролцоо 

Эрүүл мэндийн хувийн, улсын гэдгийг өмчийн хэлбэр мөн санхүүгийн эх үүсвэртэй холбон ярьж болно. Өмчийн талаас хувийн эсвэл улсын эрүүл мэндийн байгууллага гэдгийг тогтооход түвэггүй ч аль аль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалж сайжруулах нэг л зорилго дор үйл ажиллагаа явуулах учиртай. Хувийн хэвшлийн байгууллага ашиг, орлого сонирхсон бизнесс чиглэлээр илүүтэй ажилладаг бол улсын хэвшлийн байгууллага төрийн бодлогод илүүтэй захирагдаж ажилдаг. Ийм учраас үйлчилгээний хүрээ, зах зээл нь өөр өөр болов ч нэг нэгнээ орлон нөхөж ажиллах тогтолцоог улс орон бүр эрхэмлэдэг. Төрийн бодлого, зохицуулалт, оролцоогүй эрүүл мэндийн салбар гэж хаана ч байдаггүй. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбар бол өөрөө зах зээлийн хуулиар хөгжөөд явдаг салбар биш. Энд мэдээлэл, мэргэжилтэй холбоотой олон онцлог байдаг ба тэдгээрийн нэг нь эрүүл мэндийн зардал. Хувь хүн өөрөө эрүүл мэндийн зардлаа даагаад явах ямар ч боломжгүй. Ийм учраас төр оролцож хүмүүсийн төлдөг татварын орлогоос эрүүл мэндийн төсвийг бүрдүүлэх, эсвэл даатгалын хураамж авч сан байгуулдаг. Ийнхүү хуульчилж албан журмаар урдчилан цуглуулж байгаа татвар, хураамж дагасан санхүүгийн эх үүсвэрийг захиран зарцуулах эрх нь хувь хүн биш төрийн байгууллага учраас улсын санхүүжилт гэж үздэг. Харин хувь хүн өөрөө мэдээд хувиараа хийж байгаа төлбөр бол хувийн санхүүжилт юм. Дээр дурдсанчлан улсын ба хувийн санхүүжилтийн харьцаа манай улсад одоогоор 60:40 орчим байна. Хэрэв бид дэлхий нийтийн зорилтод хүрч бүх хүндээ эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг саадгүй, санхүүгийн бэрхшээлд орохгүй авах боломжийг бүрдүүлэхийг зоривол даатгал болоод төсвөөр дамжиж санхүүжих хэмжээг улам нэмэгдүүлэх, хувийн төлбөрийг аль болох бууруулах замаар дээрх харьцааг дор хаяж 80:20 болгох шаардлагатай. Учир нь эвлэлдэн нэгдэж эрсдэл хуваасан, эв хамтын зарчим дор иргэн бүр орлогоос үл хамаарч эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш авах боломжтой. Харин хувийн төлбөрт ийм боломж хаалттай учраас өвдсөн үедээ мөнгөтэй нэг нь үйлчилгээ авна, төлбөрийн чадамжгүй нь хаалганы гадна үлдэх нэг л зарчим үйлчилнэ.

Татварын дарамт
Ямарч нийгэмд татвар төлөх бол хууль. Татварын дарамт их, бага байх тухай асуудал бол татварын мөнгийг хэн яаж ашиглаж байна, хамгийн гол нь татварын мөнгө эргээд татвар төлөгч хүндээ яаж хүрч байгаатай холбоотой. Татварын мөнгөөр нийгмийн олон асуудал, тэр дундаа эрүүл мэндийн асуудлыг шийдэж иргэдээ амар тайван, эрүүл саруул, өндөр бүтээмжтэй ажиллах орчинг шийдэж байдаг. Одоо нэг орноос халиад дэлхийн хөгжлийн асуудлыг шийдэж байна. Ийм учраас өндөр татвар төлдөг ч иргэд нь сэтгэл хангалуун улс орон олон байна. Өндөр татвартай оронд Дани, Франц, Финланд, Швед, Герман, Англи, Япон зэрэг орнууд орно. Тэнд татварын дарамт (tax burden) дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулбал 32%-47% байдаг. Гэсэн ч ард иргэд нь өндөр татварын асуудал ярьдаггүй. Тэд төлж байгаа татвар, авч байгаа нийгмийн үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байна гэж ойлгож болно. Манайд энэ тоо 2012 оны байдлаар 18.2% байгаа. Дээр нь татварын мөнгийг яаж зарж байна гэдэг маш чухал. Зарцуулалт нь ил тод биш муу байхад татвар нэмэх асуудал ихээхэн зөрчилтэй тулгарна. Харин ил тод, шудрага орчинд өндөр татвар төлөх бол нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, нэр төрийн хэрэг юм. Үүнийг дөнгөж өчигдөр Rachel Clarke гэдэг бүсгүй Английн Оксфорд хотоос хийсэн жиргээнээс харж болно. Тэрээр

“Хайрт аавыг минь хорт хавдар гэх өвчин өнөөдөр биднээс авч одлоо. Аав минь энэ өвчин туссан цагаасаа хойш нэг том хагалгаанд орж, маш олон удаагийн химийн болоод хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж, эмч, сувилагч нар гэрээр нь эргэж тойрч, хэрэгтэй бүх эмчилгээг амьсгал хураах мөч хүртэл хийж аавыг минь бидэнтэй хамт байх цаг хугацааг уртасгаж өгсөнд гүнээ талархаж байна. Энэ бүх хугацаанд биднээс ямарч төлбөр, зардал гарсангүй, бидний хувьд нойль, яагаад гэвэл улс бүгдийг хариуцав. Бид том хагацал, гашуудал, сэтгэлийн хоосролыг мэдэрч байгаа ч санхүүгийн ямарч асуудал, дампууралтай учирсангүй. Үндэсний эрүүл мэндийн системдээ баярлалаа”

гэжээ.

Д.Баярсайхан

Сэтгэгдэл бичих

arrow icon