Нийтлэл 12 сарын 28, 2017

2017 он Твиттерт: ТОП 10 ЧАГТЛАГДСАН сэдэв

trends.mn-ийн зүгээс өдөр тутам, 7 хоног тутам Твиттер болон Фэисбүүк олон нийтийн сүлжээнд трэнд болж буй сэдэв, нөлөөлөгчдийг танилцуулдаг.  Төрийн бодлого шийдвэр болон нийгмийн халуун сэдвээр идэвхитэй үзэл бодлоо илэрхийлдэг олон нийтийн сүлжээ хэрэглэгчид 2017 онд юу хэлэлцэв?

 

#Би2016онд

2017 оны твиттер хуучин оноо дүгнэж шинэ оноо угтах #Би2016онд хаштагаар эхэлжээ. Хувийн болон ажил хэргийн алдаа оноогоо дүгнэсэн олон жиргээнээс УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнийн дараах жиргээ хамгийн олон дахин жиргэгдсэн нь 2017 он хэзээ хэзээнээс илүү шударга ёс, хариуцлага нэхсэн жил болохын цондон байв.  Та #Би2016онд хаштаг хайлтаар иргэд, жиргээчдийн оруулсан мэдээлэл, үзэл бодолтой танилцаарай. Мөн #Би2017онд хаштагаар өнгөрч буй онд хийж бүтээсэн, суралцсанаасаа хуваалцаарай. 

#Утаа

Утаанд бухимдаж оныг үдээд утаанд бухимдаж оныг угтдаг уламжлал тогтоод хэдэн оныг үджээ. 2017 оны хувьд trends.mn судлаачидтай хамтран судалгааны өгүүллүүд гаргаж ажилласан ба  иргэдээс төрд тодорхой шийдэл гаргах талаар шахалт үзүүлэх хандлага эрчимжлээ.  Жиргээч @altanalim манлайлж ирсэн трэндийг  #утаа хаштагаар хайж иргэдийн үзэл бодол, шаардлагатай танилцаарай. 

#ӨвлийнУралдаан

Засгийн газраас хуваарь гаргаж батлаад уралдуулдаг өвлийн уралдааныг тойрсон хэлэлцүүлэг 2017 онд өмнөх жилүүдээс ч ширүүн өрнөлөө. Хуульчид, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтран ажилласны дүнд С.Чинзориг сайд өвлийн уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нд хориглох шийдвэр гаргажээ. Уламжлал, хүүхэд, томчуудын хариуцлага, хүний эрхийн тухай олон нийтийн хэлэлцүүлэгтэй  #ӨвлийнУралдаан энд дарж танилцаарай. 

#АНдарга

Оны төгсгөлд эргэн харвал АНУ-ын сонгуулиар Д.Трамп, ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга сонгогдсон завсарт  АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдох нь нэг бодлын ойлгомжтой үр дүн байлаа. Нөгөөтэйгүүр намын нөхөд өөд өөдөөсөө харж суунгаа ар хударгаар нь  нэг нэг рүүгээ  “Алунгоо эхийн сум”-аа нууж тавьсан элдэв гүтгэлэг хар пиараас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгаа юу гээчийн жонхуу болж хувирахыг урдчилан төсөөлж болох байлаа. Энэ үеийн хэлэлцүүлгийг #АНдарга хайлтаар эргэн санаарай. 

#Мэтгэлцүүлье

АН-ын даргын сунгаагаар эхэлсэн хар пиарын шуурга Ерөнхийлөгчийн сонгуулиар оргилдоо хүрлээ. Энэ дундуур илүү боловсролтой, төрийн хүний имиж бүрдүүлэхийг зорьж байсан М.Энхболдын баг, МАН-аас улстөрийн шинэ соёл бүрдүүлэх зорилгын дор хоёр нэр дэвшигчийг мэтгэлцүүлэх уриалга өрнүүлсээр санасандаа хүрэв. Харин улстөрийн шинэ соёл бүрдэхүйц бодлогын мэтгэлцээн биш унаган аядуу зан чанарын сурталчилгаа болж хувирсан нь эргээд нэр дэвшигчээ хорлох үр дүн гарсныг бид харсан. Трэндийн архивыг #Мэтгэлцүүлье хаштагаар хайж уншаарай. 



#ЦагаанСонголт

“Хужаа” “хулгайч” хоёрын аль нэгийг сонгохоос өөр аргагүйд тулсан иргэд хар пиараас залхаж хоёулаа цаашаа гэж шийдсэнээр #ЦагаанСонголт гарч ирэв. Монголын улстөр, сонгуулийн түүхэнд шинэ үзэгдэл болж санал өгсөн сонгогчдын 8,3 %, сонгуулийн насны хүн амын 5%-тай тэнцэх 100 мянган цагаан хуудас уншуулж чадсан уг трэндийн архивыг  #ЦагаанСонголт хаштагаар хайгаарай. Дахиад 7000 гаруй хүн л нэмэгдсэн бол дахин сонгуульд хөтлөх байсан энэ давалгаа 2020 оны сонгуульд хэрхэн нөлөөлөх нь сонирхолтой асуулт. 

#МАН

АН-аас залхаж дууссан ард түмэн МАН-д 65 суудал өгч үзжээ. Засгийн эрх авмагц татвар нэмж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нам Засгийн эрх ба намын даргын төлөө тэмцэлд хоёр хуваагдаж төрийн танхимд нохой гахайгаараа дуудалцахад хүрэв. Дуутай тэнгэр хургүйн үлгэрээр сүртэй гарч ирсэн Сүх сайдын бодлого 300 мянгыг тарааж, 3000-ын  маск зүүхээс эхлээд гуниг болж хувираад байна.  Иргэдийн хүлээлт ба бодлого, 30 хувьд хүрэхээ байсан намын рейтинг #МАН хайлтаар ерөнхийдөө харагдана. 


#БодлогоЗахиалъя

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөгийн үлгэрээр иргэд Ж.Эрдэнэбатын кабинетийг унагаж гарсан У.Хүрэлсүхийн засгийн газарт бодлого захиалж үзэв. #БодлогоЗахиалъя хаштаг хайлтаар бэлэн мөнгө, халамжаас илүү бодлого, шинэчлэл, ёс зүй захиалсан дуу хоолойг эргэн харах боломжтой. Даанч захиалаад хэдхэн хонож байтал Засгаас бэлэн мөнгө тарааж,  бодлого захиалаад боорцог хүртэхийн үлгэр болжээ.


#НүдээНээ

2017 он гадаад дотоодгүй далд нуугддаг хүчирхийллийн эсрэг дуу хоолой ил гарсан жил болж өнгөрлөө. 29-р сургуулийн хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд ч “хэлэх үгээ хэлж”, Холлиувуудын оддоос авахуулаад өсвөр насны хүүхдүүд ил тод дуугарч,  хүчирхийлэл, хар тамхины хэрэглээний талаар аюулын харанга дэлдэж байгааг нийгмийн анхааралд оруулав. Хүчирхийлэлд соргог, хүний төлөө байхад уриалан дуудсан #НүдээНээ трэндтэй эндээс танилцаарай. 


#Цааз

Өмнө нь нийтэд хаалттай байсан хүчингийн гэмт хэрэг, шүүхийн материалууд олноор хэвлэл мэдээлэлд ил тод мэдээлэгдэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цаазын ялыг сэргээх санаа цухалзуулж, хүний эрхийн хүчирхийллийг хүний амиар наймаалах санаачлага гаргалаа. Хонх нь дугарахаар дамар нь таг болсон энэ санаачлагын эсрэг хуульч, хүний эрх, хэвлэл мэдээллийн зүгээс хүчтэй эсэргүүцэл хэрхэн түгэж байгаатай #Цааз хайлтаар уншиж танилцаарай. 




Сэтгэгдэл бичих

arrow icon