2017 оныг хүртэл
Анх 1991 оны хавар Олон Улсын Валютын Сан “БНМАУ: Зах зээлийн эдийн засаг өөд” гэсэн наяад хуудастай судалгаа хэвлэж байв. Улмаар бүтцийн өөрчлөлт хийх болж, Монголын Засгийн газар 9.3 сая долларын зээл авсан нь 1993 он. 15 жилийн дараа энэ дүнг бараг 600 нугалсан 5.5 тэрбумын зээл авахаар болчихоод сууж байна гэдэг чухам бахархам амжилт мэт ээ.
Манай муу төрийн түшээд ч бахархаад жигтэйхэн. Лагардтай гар барьж нэг мэдээлээд л, зээл орж ирлээ гэж мэдээлээд л, кабинет нь унах дөхөхөөр ОУВС-гийхныг царайчилж байгаад магтуулж нэг үзээд л, зайлуул. Яагаав ийм онигоо байгаа шт, 5.5 тэрбумд Японоос 850 сая долларын зээл багтжээ. Юм гуйхаас нь залхсан Абэ цуваад айлчлахаар нь энийгээ хэлчихдэг, эргэж ирээд бүгд 850 сая доллар олоод ирлээ гээ л мэдээлдэг. Хэсэгчлээд олгохоор нь бас баярлаад баахан мэдээлдэг. Сайн эцгийн нэрийг мянга худалдаж иддэг гэдэг шиг л юм, сайн эцэг мөн үү биш үү гэдэг нь тусдаа асуудал болохоос.
ОУВС-тай хамтрах, том зээл авч ирлээ гэх мэт нь мөн чанартаа баярын мэдээ уг нь биш. Живж байгаад амь аврагдвал мэдээж тустай. Гэхдээ ийм мэдээний ард хүн татаж гаргахгүй л бол живж үхэхдээ тулсан бодит байдал бий. Том зээл бол эдийн засаг өөрийгөө тэжээж чадахгүй байгаагийн шинж, бодлогын интервенц хийдэг байгууллагатай хамтрах нь төр бие даан оршиж чадахгүй байгаагийн шинж юм
. Өөрөөр хэлбэл тусгаар улсын хувьд байх ёстой хоёр шинж чанар алдагдсан, түүнийгээ төр өөрөө баясаад мэдээлээд байгаа хэрэг. Бидний хувьд 1991 онд чадаагүйгээ чадахгүй хэвээр 2018 онтой золгож дахин хамтрахад хүрчээ.
1990-ээд оны эхээр ч энэ хоёр шинж алдагдсан байсан болохоор тусламж авсан. Тэр үед бие даах боломжгүй байсан нь тогтолцооны шок буюу гадаад хүчин зүйлээс илүү хамааралтай байлаа. Гэнэт шилжиж орсон шинэ системээ удирдах туршлага, эдийн засгийн нөөц Монголд байсангүй. Ингээд 2000 оныг гартал цувуулан зээл авч бодлогын зөвлөгөө авч шинэчлэл хийв. Өөрөөр хэлбэл 2000 он гартал бие даасан төргүй байсан гэхэд хилсдэхгүй. Хот хоорондын автобусны билетийн үнэд хүртэл оролцож байсныг өмнө нь бичсэн. 2002 онд л арай гэж 1989 оны түвшиндээ хүрсэн гэхээр ямар том уналтын арваныг туулж гарсан нь мэдэгдэнэ. Тэгж байтал “хужаа ялж", түүхий эд үнэд оров. 2011 оны өсөлтөөр Minegolia гэгдэж нэрд гарсан ч аль 2004 оноос л хоёр оронтой тоогоор өсч байсан эдийн засаг. Хөх Монгол хөрөнгөт Монгол болох замдаа шуударсан мэт харагдаж байлаа.
Монголын төр мөнгөжиж бодлого заалгахаа болиод бие даав. Бие даагаад юу болсон нь бидний мэдэх харьцангуй шинэ түүх. Боломжийн тогтворжсон инфляцийг эс тооцвол төсөв, экспортын хамаарал, валютын нөөц, эдийн засгийн эмзэг бүтцийн хувьд 1990-ээд оны эхний хагастай нэн төстэй байдалд эргээд унаж, сувирнитет (тусгаар төр)-ийн бодлогоо мөнгөөр наймаалахад хүрснийг бид баярын мэдээ болгон уншсаар 2017 оныг элсэн нь тэр ээ.
Ерээд оноос ялгаатай нь гэвэл Хятадын өсөлт гэх мэт харьцангуй таатай гадаад нөхцөлд дотоод хүчин зүйл буюу өөрсдөөсөө болоод энд хүрч ирэв. Өөрсдөө бид яасан юм бэ, тэгээд? Олон шалтгаан дурдаж болох ч энэ бүхний цөмд эдийн засгийн бүтээмжит үйлдвэрлэлийг дарангуйлах бодлого(дарлага гэх үү?) бүх талаар хэрэгжүүлж ирснийг барин тавин нотолж болно. Монголын төр эдийн засгийн бүтээмжийг гурван талаас нь бүсэлж алж ирсэн гэхэд болно.
Нэгд, салбарын бодлогогүй нээлттэй гадаад худалдаа(өмнө нь энд бичиж байсан). Хоёрт, бүтээлч хөдөлмөрч бүлгийг дээрэмдэж, ажилгүй арчаагүй залхуу хэсэгт шилжүүлэх халамжийн бодлого. Гуравт, эдийн засгаар цус шиг эргэлдэж капитал бүтээж байх ёстой хөрөнгийг татвар ба зээлээр төрийн төсөвт төвлөрүүлээд бүтээмжгүй төсөлд бөөн бөөнөөр зарах буюу бүлэглэн хулгайлж хувааж идэх. Бодит эдийн засаг 60 хувь өссөн хэдэн жилд төсвийн зардал 6 дахин нугарах жишээтэй төрийн гүзээ тэнтийсээр өдгөө төсвийн зардал бараг 10 их наяд хүрч, Засгийн газрын өр ДНБ-тэйгээ бараг л тэнцүү 24 их наяд даваад байна.
Татвар оршихуй дор төр оршихуй. Бүтээмж оршихуй дор татвар оршихуй.
Энэ хоёрын логикоос л харахад өөрийнхөө оршихуйг өөрийн гараар боомилж ирсэн төр өрөнд баригдаж, бодлогоо заалгахдаа тулах нь мэдээжийн үр дагавар байлаа. Өөрөөр хэлбэл төр хүчгүйдэх(түүний зэрэгцээ улам булчинжих) ба түүний бодлого алдрах хоёр трэнд ёроолдоо тулсан 2017 оныг бид дөнгөж үдээд байна. Энэ хоёр ёроолдоо тулмагц өр тэнгэрт, угаар уушгинд тулах нь мэдээж хэрэг.
Бүтээмж.. ер нь бүх юмаа бүр амьсгалах хөдлөх эрхээ боомилуулсан нийгэм боож үхэхдээ тулж буруутан хайх болов. Тэр нэг өдрийнх шиг угаар хэд хоног үргэлжлэхэд бослого гарч байвал гайхах юмгүй. Хүн төвтэй эгэл сэтгэлгээтэй нүүдэлчид хувь хүнээс буруу хайхын сацуу хувь хүн, лидер нэхэх болж ирлээ
. “Төр” хэмээх монголчуудын сүсэлдэг абстракт ухагдахуун үнэ хүндээ алдаж, түүнээс илүү хувь хүний характер, манлайлалд найдах болсны дүнд төрийн үнэ хүнд 8-р ангийн боловсролоос дорд үзэгдэж, боловсролоор шалихгүй ч босс, лидер төрхтэй Баттулга, Хүрэлсүх хоёр төрийн толгойд зэрэгцэн залрав. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал авахад ерөнхийлөгчийн засаглал гэсэн санал нэгт явж харагдана. Байшин барих гэж байгаад урц босгочихоод өөрсдийгөө биш байшинг буруутгадаг зан парламентын ардчилал дээр ч гарч байгаа нь тэр.
Олон толгойтой төр бодлого хийж чадахгүй хямраад байхад чадамжтай тогтолцоо захиалахын оронд боломжийн харагдаж байгаа хэн нэгэнд нь даатгачих гэсэн олон нийтийн эрэлт өнөөгийн Монголын улстөр, нийгмийн хамгийн том дилемма, ацан шалаа болж хувираад байна.
Чадахгүй байхаар нь чадахаар болгож төвхнүүлэхийн оронд нэг мөр голж цаашлуулах буюу сөнөл мөхлөө өөрсдийн толгойгоор сонгох эрх чөлөө. Ээ...эрхчөлөө чи, юутай харгис!!!
2018 онд
Үндсэн хуулийн өөрчлөлт хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Нэгэнт Ерөнхийлөгч ба Засгийн толгойд хоёр ижил төстэй дүр гараад байгаагаас хойш Монголын ард түмэн эцэг хуулиндаа өөрчлөлт захиалах эрхчөлөөгөө хэрхэн эдлэх нь энэ хоёр дүрийн имиж, хоёр өөр инстүүцийн хэрэгжүүлж байгаа бодлогоос ихээхэн хамаарах болоод байна. Одоогоор дүр зураг нэн баргар. Х.Баттулгын хувьд буруутан хайх сэтгэлзүй, айдас дээр сайн тоглодог, түүнийгээ ч чадамгай үргэлжлүүлж байна. Ядуурч, дээрэмдүүлж цөхөрсөн монголчууд өөрсдөө хөгжих гэхээсээ хэн нэгнийг гэсгээх хүслээр түүнд илүү эрх мэдэл захиалах хандлага байгааг нэг их судалгаа социологи болоод байлгүй захын фэисбүүк группээс харж болно. У.Хүрэлсүхийн баг болон МАН-ын хувьд ийм хүчтэй нийгмийн эрэлт ба түүн дээр тоглож байгаа улстөрчийн дундуур төсөв барьж байгаа бодлогын инстүүц болох Засгийн газар, УИХ-ын үнэ хүндийг хүлээн зөвшөөрүүлэх хүнд даалгавартай.
Тийм байтал баахан шоудаж хэрэлдэн барин засгаа солимогцоо 55 тэрбум төгрөг тараав. Тэгснээ зүсэн зүйлийн татвар нэмэх Эрдэнэбатын кабинетийн шийдвэрийг тэр хэвэнд нь төсвөө батлав. Бүтээмж дарангуйлах бодлого буюу бодит эдийн засгаас төсөвт улам ихээр сорох алдааг улам гүнзгийрүүлж, хөлөө доголсон дээр нь тайрах ажил хийж байна гэсэн үг. Мөнгө зарж чадахгүй хүнд мянган төгрөг өгөхдөө ууртай байгаа хүн нэмж өг гэхээр бүр уурлах нь мэдээжийн хэрэг. Тийм байтал өнөө сангаас нь зээлдэг биш зээлүүлдэг чадамжтай төрүүдийн татварын хувьтай дүйцүүлж пиардах мэтээр улам аазгайг нь хөдөлгөх аж. Алдаа хийж зээл авахад хүрчихээр алдаагаа лавшруулаад байх шиг урам хугармаар тэнэглэл байхгүй. Ингээд 65 суудалтай бодлогын инстүүц ба түүний тэргүүний рейтинг ганц бөхөө бүр бараадахаа байж ирлээ. Ядаж татвар төлөгчдийн наймхан хувь гээд байгаа илүү орлоготой хэсэг нь хувь хүний улстөр биш тогтолцооны реформ дэмжих шаанстай нийгмийн бүлэг гэдгийг тооцсонгүй. Үр дагавар нь Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон улстөрд нөлөөлж таарна. Лу.Болд тэргүүтэй боломжийн сэхээтнүүд нь хүртэл засаглалын хямралаас гарах өөрчлөлтийн эсрэг улстөр аль хэдийн эхэлсэн харагдана.
Ийгээд 2018 оныг бид ийм ацан шалаан дээр угтаж байна: Ажилладаггүй төртэй. Тэр алдаан дээр шоуддаг бөхтэй. Түмэн олон нь түүний эрх мэдлийг нэмэх хүсэлтэй. Тэр хүслийг улам өрдөгч намтай. 1991 оноос хойш 27 жилд төрөө төвхнүүлж чадаагүйгээ дахин хөтөлбөр авч хүлээн зөвшөөрөөд байгаа улс үндэстний хувьд Үндсэн хуулийг Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, сонгодог парламентын тал руу өөрчилж чадах эсэх нь энэ оны хамгийн том сорилт болох нь. Энэ сорилт дээр МАНгартвал цаашид тусгаар тогтнол маань сангийн зээл, бодлогын болзол төдийгөөр торгоогдохгүй болж ирэх болов уу. Эрх барьж байгаа МАН-ын хувьд хүн шиг бодлого хэрэгжүүлж рейтингээ өсгөх, 65 суудлынхаа хэргийг гаргах, иргэдийн хувьд хэн нэгнээс үл хамаарах зөв тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулийн шинэчлэлд эмоц биш эрүүл ухаанаар хандах хэрэгтэй жил эхэлж байна. Ерөөд оны тэр хүнд хэцүү үед монгол хүний саруул ухаан хэн нэг хааныг биш ардчилсан тогтолцоог сонгож системийн дэвшил хийж чадсаныг мартаж боломгүй.