Нийтлэл 12 сарын 30, 2017

2017 онд хамгийн их уншигдсан олон улсын харилцааны тухай нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. 2017 онд trends.mn уншигч та бүхэнтэй хамт олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцийн бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байгаа билээ.

Цувралын энэ дугаарт 2017 онд олон улсад болж өрнөсөн үйл явдал, дэлхийн улс төр, эдийн засаг хаашаа чиглэж байгаа тухай, хөгжлийн шинэ хандлага, дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн геополитик хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай, тэдгээрийн эерэг болон сөрөг талыг тоймлосон нийтлэлүүдийг танилцуулж байна. 

 

Шинэ Дэлхий: Олон туйлт ертөнц

Талын нүүдэлчин Монголчууд дотроо тэмцэлдэж, нэгнээ хэмлэн суух зуур дэлхийн геополитик, эдийн засгийн харилцаанд түүхэн, тектоник шинжтэй өөрчлөлт явагдаж байна. Дэлхийн улс орнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа гэдэгт эргэлзэхгүй. Манай “байн байн” солигддог төр засаг ч тэр үүнийг анхааралтай ажиглаж буй бизээ. Энэ шинэ нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх, ямар ирээдүйг авчрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Ер нь ч тэгээд сүүлийн үед олон улсын харилцаан дахь тав байтугай хоёр жилийн цаадахыг ч таамаглахад бэрх болсон. Энэ нөхцөлд талын нүүдэлчдийн удам болох Монголчууд дотоод асуудлаа яаралтай цэгцэлж, нэг л толгойтой, нэгдмэл дуу хоолой, бие даасан бодлоготойгоор, алсыг харж урагшлах цаг нь гарцаагүй болжээ. Ялангуяа их гүрнүүдтэй харилцах харилцаандаа нааштай өөрчлөлт оруулж, “торгон мэдрэмж” гарган, хэт нэг талыг барихгүйгээр ухаалаг урагшлах түүхэн нөхцөл бидний өмнө гарцаагүй үүссэн байна.

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Дэлхийн шинэ хуваагдал

Илүү өргөн агуулгад хараад үзвэл өнөөгийн дэлхийн хүчирхэг улсууд гурван бүлэгт хуваагдаад байна. Нэгдүгээрт Сэргээн босгогчид (Restorationist) хуучнаа сэргээхийг хүсэж байна. Хоёрдугаар бүлэгт Ревизионистууд (Revisionist) хуучин дэг журмыг эвдэж ямар нэг шинэ дэг журмаар солихыг хүсэж байна. Гуравдугаар бүлэгт Популистууд (Populist) олон улсын дэг журмыг тогтооход бага анхаарч, үндэсний сонирхолд илүүтэй анхаарч байна. 

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Неолиберализм бол улс төрийн төсөл

11 жилийн өмнө Дэвид Харви "Неолиберализмын товч түүх" нэртэй ном хэвлүүлж байсан. Одоо энэ ном неолиберализмын тухай хамгийн их эшлэгдсэн бүтээл болоод байна. Эдийн засаг, санхүүгийн шинэ хямралууд эхэлсэнээс хойш бид голдуу неолиберализмыг шүүмжлэлийн бай болгосон эсэргүүцлийн шинэ давалгааг харж байна. Чухамдаа неолиберализм гэж юу вэ? Социалистуудын хувьд энэ хэрэгтэй бай мөн үү? Неолиберализм 20-р зуунд үүссэнээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ?  Хүний дэлхийг өөрчлөн хувьсгаж буй дөрвөн гол хүчний тухай

18-р зууны сүүл, 19-р зууны эхээр эхлэсэн аж үйлдвэрийн хувьсгалын үеэр нэг хүч бүхнийг өөрчилсөн. Өнөөдрийн дэлхий дөрвөн хүчний хамтын үйлчлэл дор түүнээс ч хурдтай асар том өөрчлөлтийг туулан байна.  Аж үйлдвэрийн хувьсгалтай харьцуулахад өөрчлөлт тэр үеэс 300 дахин хурдтай, 3000 дахин гүн нөлөөтэй явагдаж байна. Бид дор бүрнээ өөрчлөлтийг мэдэрч, мэдэж байгаа ч ямар магнитудаар бидний амьдралд нөлөөж, улмаар ямар дам нөлөө, гуравдагч нөлөө үүсэхийг бүрэн ухахгүй байх шиг. Дор дурдах 4 өөрчлөлт үргэлжлэх тусмаа хүчийг, гүнийг, давхцлыг олж, харилцан эрч авч байна. Нийлээд эрин цагийг өөрчилж буй 4 их трэндийг дахин нэг нэгтгэж харцгаая:

Connectivity буюу Айлсал

 Энэхүү номыг бичихдээ стратегич П.Ханна нь Украинаас Иран, Монгол, Хойд Солонгос хүртэл, Пакистанаас Нигер хүртэл, Арктикийн тойргоос Өмнөд Хятадын тэнгисээр хөндлөн гулд аялан улс орнууд өөрийн хилийн зурвасаасаа илүүтэйгээр өөрийн болон хүний газар нутаг дээгүүр өнгөрөх дэд бүтцүүд болох газрын тосны хоолой, төмөр зам, далайн тээврийн маршрут, интернэтийн кабель татагдсан газар нутгуудыг хүний өөрийн гэлгүй зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбараараа ил болон далдаар хамгаалж байдгийг баталжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon