Нийтлэл 01 сарын 09, 2018

Ядаргаа гэж юу вэ?

Ядаргаа гэж юу вэ?

Ядаргаа гэхээр хүн бүхэн төдийлөн тоодоггүй амьдралд байж байдаг ердийн зүйл мэт хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтвал арилчихдаг гэж үзсээр 21-р зуунд иржээ. Орчин үед “Ядаргаа”-ны тухай ойлголт багатай байгаа нь томоохон аймшиг гэж хэлж болно. 
Судлаачид ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэгч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд ихээхэн хохиролтой, олон өвчний эх үүсвэр гэж нотолсон.
Бидний амьдралын орчин тэр чигээрээ ядаргаа үүсгэх үүр уурхай болсон гэхэд хилсдэхгүй. Үнэндээ нэг талаас нь харахад нийгмийн хөгжил дэвшил гайхмаар юм шиг санагдаж байгаа ч нөгөө талаасаа хүн бүхэн, айл болгонд ядаргааны үндэс “проблем” байдаг. Сүүлийн үед гар утас, интернэт хурдаа аван техник дэвшлийн дээд түвшинд хөгжиж байгаа ч энэ нь өсвөр насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж ядаргаа болох алхам нь болж өгдөг.
Хүн мах цус, тоо томшгүй амьд эсээр бүтсэн болохоор удаан өлсөх, цангах, ядрах болгонд эд эс нь элэгдэж хөгширч байдаг. Мөн хүний хэрэгцээ барагддаггүй учир нэг нэгнээсээ дутахгүй амьдрах далд хүсэлдээ дийлдэн хэтэрхий их ажиллаж, бухимдан уурлаж өөрийнхөө биеийг маш их зовоодог. Иймээс хүн бүхэн өөрт оногдсон амьдрал хувь заяандаа сэтгэл ханамжтай байж нийгмийн харилцаа, орчин тойрноо зөвөөр ухаарч ойлгон “Алтан дундаж”-ыг баримтлан амьдрал ахуйдаа эерэгээр хандах хэрэгтэй. Ядаргаа дараах хэсэгт хуваана.

Сэтгэл мэдрэлийн ядаргаа

Мэдрэлийн ядаргаа ихэнхдээ төвийн мэдрэлийг цочроож тусдаг тул ой санамж муудах, анхаарал сулрах, шилэн хүзүү хөших, толгой тархи эргэх өвдөх, бухимдах, ууртай, мартамхай болох, унтаад боссон ч сайхан амраагүй юм шиг санагдах, санаа сэтгэл тогтворгүй болж сэрвэлзэх, зүүд олшрон хар дарах, нойр муудах зэрэг нь ихэнхдээ мэдрэлийн ядаргаатай холбоотой байдаг.

Биеийн хүч, энергийн ядаргаа

Архаг ядаргааны хор хөнөөлийн гол зүйл болно. Ерөнхийд нь 2 ангилан үздэг.

1.Биеийн хүч энергийн хорогдол

Үүнийг нэг хэлбэрийн эд эсийн элэгдэл хорогдол гэж ойлгож болно. Биеийн бүх түвшинд ядаргааны явц нөлөөлж байгаа болохоор гар хөлийн булчингийн хүчгүйдэх, хөдөлмөрийн идэвхи буурах, хааяа булчин шөрмөс татаж чилэх гэх мэт мэдрэгдэх үл мэдрэгдэх шинжтэй ядаргаа биеийн бүх түвшинд байдаг. Үүнийг эртхэн мэдэж ядаргаа тайлах зөв зохистой арга хэмжээ авах хэрэгтэй.

2.Биеийн гадаргууд гарах өөрчлөлт

Ядаргаа архагшиж үсний цайралт ихсэх, үс унах, нүүрэнд үрчлээ ихсэх, нүд ба нүүрийн булчин сулрах, яс үе хатууран хөшинг нэмэгдэх мөн хөгшрөлт түргэсэх хандлага гардаг.

Бэлгийн үйл ажиллагааны ядаргаа

Архаг ядаргаанаас шалтгаалан бэлгийн дур сонирхол буурах, сулрал болох, бэлгийн хөрөлт үүсэх, эрт цэвэрших, хөгшрөлт түргэсэх зэрэг гол шалтгаан болдог. Ядаргааг сайн тайлснаар дээрх шинжүүд ихэнхдээ сэргэн сайжирч хэвийн байдалдаа ордог. Эмэгтэй хүний эрүүл орших, сайхан эрхэмсэг чанараа хадгалан үлдэх үндэс нь эмэгтэй хүн сав өндгөвчөө эрүүл байлгаж эмчлэх явдал гэж үздэг бөгөөд үйл ажиллагааг нь хамгаалан сэргээн дэмжих талаар олон аргачлал байдаг. Эрэгтэй хүний хувьд бөөрийг яг энэ дайтай үзэж эрүүл орших, урт удаан наслах, үржил бэлгийн үйл ажиллагааг байнгын хэвийн барих зэрэгт гайхалтай үр дүнд хүргэдэг байна. Одоо ч гэсэн эмэгтэй хүмүүсийн хөгшрөлийг 10-20 жилээр, сарын тэмдгийг 3-7 жилээр уртасгах эмчилгээ Хятад оронд түгээмэл байдаг. 80-90 хүртлээ ядаргаагүй, бэлгийн чадвартай эрчүүд ч цөөнгүй байдаг. Энэ нь Дорнын анагаах ухааны гайхамшиг гэж болно.

Дархлааны тогтолцоо ба ядаргаа

Ядаргаа нь бие махбодид нөлөөлж хамгийн том өргөн цар хүрээтэй аюулын нэг болдог. Дархлааны тогтолцоо сайн ажиллаж байна гэдэг нь хүний цог золбоо, сүлд хийморь, өвчин эсэргүүцэх чадвар сайн байгааг илтгэнэ. Анагаахын шинжлэх ухаанд хүний дархлал сайн байснаар элдэв өвчин үүсгэгч нян вирус халдахгүй, халдварласан ч хурдан эдгэдэг гэж үздэг байна. Ядаргаа нь бие махбодид удаан хуримтлагдсанаар дархлааны тогтолцооны хэвийн байдлыг алдагдуулан сулруулдаг байна.

Энэ үед янз бүрийн өвчин биед нэвтрэн орох зам нь нээлттэй болж байгаа гэсэн үг юм. Нян вирус биед нэвтрэн орж дотоод биеийн түвшинд дураараа авирлах нөхцөл бүрддэг. Мөн зарим өвчин дотоод биеэс үүсэн бий болох боломж эдгэрсэн ч богино хугацаанд эргэн дахих үзэгдэл ажиглагдах нь ядаргааны 1-р шатыг өнгөрч дархлааны 2-р шатыг гэтлэн өвчлөлийн 3-р шатанд орж өвчин болж хувирч байна гэж ойлгож болно.
Ядаргааг хөнгөн, хүнд, архаг мөн биеийн, сэтгэл мэдрэлийн, яс булчингийн гэж ялган үзэж тусад нь эмчлэх хэрэгтэй. Ядаргаа нь оюуны ба биеийн хөдөлмөрийн хүний биед нөлөөлөх хүч, үргэлжлэх цаг зэргээс үүсдэг гэж үзэж болно. Жишээ нь: нөлөөлөх хүч хэдийчинээ их байна ядаргаа төдийчинээ эрт илэрнэ. Ажлын ачаалал ихсэх тусам ядаргаа ихэсдэг.

Мөн цаг хугацааны нөлөөлөл ч ихээхэн үүрэгтэй. Төв мэдрэлийн нөлөөнд бие сэтгэл ямар байдлаар ажиллана, эс эд мөн ялгаагүй үргэлжилсэн ажиллагаанд ордог. Ажиллаж амрах явцад эсийн түвшинд хөөрөлтийн байдал үргэлжилдэг учир ядрал, хорогдол эсийн түвшинд үүснэ. Ачаалалтай ажилласнаар мөн их өлссөн, гэнэт бие сулран хөлс чийхран суумаар болдог нь ходоод өлсөхөөс илүүтэй бүх биеийн түвшинд байгаа олон сая эс ядарч тэжээл нэхэж байгаагийн илрэл гэж үздэг. Үүнээс гадна аливаа сэдэлт болгон ядаргаа үүсгэнэ. Жишээ нь: байнгын дуу чимээ, хэрүүл маргаан, гэр орны таагүй байдал, тав тухгүй орчин нөхцөл, санаа бодол таарахгүй сөрөг энергитэй хүмүүстэй харилцах, хэт халуун ба хүйтэн нөхцөл, ажил амьдралын дарамтанд орох зэрэг олон сэдэлтээс ядаргаа үүсч болдог гэдэгт анхаарах хэрэгтэй.

Ядаргаанаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүн бүрт тодорхой хэмжээгээр бие махбодь, тамир хүчний хорогдол үсдэг болохоор өдрийн ядаргааг өдөрт нь тайлж сурах зарчмыг баримтлах нь хамгаас чухал. Өдөрт 10 хувь ядарлаа гэж үзвэл идэж уун, унтаж амраад 8 хувийг нь тайлж, 2 хувийг нь үлдээгээд байвал цаашдаа архаг ядаргаа болно. Өдөр тутам ханатал унтах, зөв хооллох, нар салхинд явах, хөдөлгөөнтэй байх сурах хэрэгтэй.

Аль болох 7 хоногт нэг удаа нийтийн бүжигт оролцох, зан ааш таарах зөв энергитэй хүмүүстэй уулзаж сэтгэл санаагаа нээж байх, голын урсгал харах, дуртай дуу хөгжим, хошин урлаг үзэх, цэгэн бариа хийлгэх, усан эмчилгээ бассейнд явах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, бие сэтгэл ариусах дасгал зэргийг амьдралын хэвшил болгосноор ядаргаа тайлж бие махбодыг сэргээн засах ач тустай. Мөн ядаргаанд цэвэр хүн орхоодойг өдөрт 1-2 граммыг архинд дэвтээн нэг халбагыг уух, буцалган шүүсийг нь ууж болно. Улаан хүн орхоодой нь халуун чанартай учраас дотор халуунтай, ямар нэг үрэвслийн голомттой хүмүүс хэрэглэж болохгүй. Харин цагаан хүн орхоодой сэрүүн чанартай тул түгээмэл хэрэглэхэд тохиромжтой байдаг. 
Хүн мэдрэлийн системээ маш их гамнах, тэр дундаа тархиа, мэдрэл сэтгэцийн эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon