Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Ногоон нуур дахь гэр хорооллын иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барих болжээ
. Тус бүр нь 21 давхар орон сууцны найман барилга, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоолыг тус газарт барихаар зураг төслийг нь гаргасан байна.
Түүнчлэн 160 ам метр газарт худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай байгуулах гэнэ. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр нийслэлийн ЗДТГ, ӨМӨЗО-ы Бугат хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын алба хамтран ажиллаж буй аж.
“Сайн компани сонгож, чадвартай хүмүүсийг ажиллуулан, Монголын онцлог, цаг агаарт тохирсон чанартай барилга барих болно. Ажлын зураг төсөл бэлэн болсон. Бид төслийн ажлыг яаравчлахын тулд бүх арга хэмжээг авна” хэмээн гэрээ байгуулахаар Монголд ирсэн Бугат хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян хэлэв. 1008 өрх тохь тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих