Нийтлэл 01 сарын 11, 2018

САЙН ААВ: Аав биднийг магтаалаар урамшуулж зэмлэлээр ухааруулж өсгөсөн

 “Сайн аав” булангийнхаа энэ удаагийн дугаарт Б.Эрдэнэбат хэмээх аавыг онцолж түүний охин Болормаатай аавынх нь сайхан зан чанар, түүнийг хэрхэн тусалж дэмждэг тухай ярилцсан юм.  

Аавыгаа танилцуулаач?

Манай аавыг Батмагнайн Эрдэнэбат гэдэг. Увс аймгийн Өндөрхангай суманд багийн засаг дарга хийдэг. Манайх уг нь малчин айл л даа. Ерөнхийдөө хөдөө малаа малладаг. Харин аав маань мал хариулахын хажуугаар багийн засаг дарга хийдэг. Манайх урд захаас хойд зах хүртэл нүүнэ.  Гэтэл аавын ажил маш их. Хурлын зар тараах, малчин айлуудад өвс тэжээл тараах гээд л маш их ажилтай. Гэсэн ч энэ бүхнийг төгс зохицуулдаг. Аав маань их дөлгөөхөн хүн. Бараг л уурлахгүй.

Аавын тань хамгийн сайхан зан чанар нь юу вэ?

 Үгүй гэж хэлдэггүй. Буруу байсан ч зөв болгож өгдөг. Үргэлж орчноосоо суралцдаг. Аав маань хувь хүний эзэмших боловсролыг хэн нэгнээр, сургууль соёлоос суралцаагүй ч хэнээс ч дутахгүй мэдлэгтэй, мэдрэмжтэй, аливаад тууштай хүн. Зургаа дахь жилдээ багийн засаг дарга хийж байна. Багийн засаг дарга хүний ажил зөвхөн хурал зөвлөгөөн зохион байгуулаад, зохицуулах биш, бичиг цаасны ажил маш их. Анх хөдөө малаа маллаад л техник технологоос хол явж байсан аав маань эхэндээ компьютер техник мэдэхгүй болохоор би зааж өгсөн. Шивэх, канондах, скайнердах, принтлэх гээд л гарын доорх программуудыг зааж өгсөн юм. Гэтэл сарын дараа гэхэд л аав бүгдийг сайн хийдэг болчихсон бараг надаас хурдан шивдэг. Миний мэдэхгүй программ сурчихсан албан бичгийг маш сайн боловсруулж сурсан байсан. Тэгэхээр манай аав маш хурдан орчиндоо дасан зохицож чаддаг үнэхээр мэдрэмжтэй хүн. Энэ занг нь бид гурав дууриасан. Аав маань ч биднийг сургасан.

Аав тань хэр үлгэр жишээч аав бэ?

 Аав бүр л хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлдэг мундаг аав байдаг. Манай аав их ой тогтоолт сайтай хүн л дээ. Ажлаа хийгээд явж байхдаа хүмүүст зар тараана. Түүнийг мартана гэж байхгүй. Хамт яваад аавдаа сануулаарай тэнд очно, энд тэгж хэлнэ гээд л надад даатгадаг. Харин  би аль хэдийн мартсан байхад аав бүгдийг яг таг санаж байдаг. Энэ мэт ааваасаа маш олон зүйлийг сурсан даа.

Аав тань хүүхдүүдээ хэрхэн дэмждэг вэ?

Чадах бүхнээрээ дэмжиж тусалдаг. Аав бид хоёр үргэлж бие биеэсээ суралцдаг юм. Би сургуулиа төгсөөд ажилд ороод л шинэ мэдээлэл аавдаа өгнө. Жишээлбэл 29 төрлийн албан бичиг байдаг одоо харин 30 болсон, энэ программ ингэж шинэчлэгдсэн гээд л мэдээллээ үргэлж солилцоно. Харин аав надад ахуйн соёл, төлөвшил, хүмүүжил, амьдралын ухааныг заадаг. Өөрөө л чадна гэвэл бүгдийг хий. Аав нь чадахаараа дэмжинэ гэдэг. Юунд сонирхолтой байна түүнийгээ л хий гэдэг.

Аавын тань захиж хэлдэг хамгийн сургамжтай үгнээс хуваалцаач?

Хүний итгэлийг хэзээ ч битгий алдаарай гэдэг дээ. Хийх бол хийсэн шиг хий, чадахгүй бол бүүр хийхгүй байсан нь дээр гэдэг. Аав маань өөрөө их ажилсаг хүн. Хоол хийх гэрийн ажлыг үнэхээр сайн хийнэ.  Эмэгтэй хүнээс дутахааргүй ажилтай.

 Аав тань хүүхдүүдээ хэрхэн сургаж, хүмүүжүүлсэн бэ?

Хайраар өлгийдөж, халамжаар өнгөлж, магтаалаар урамшуулж, зэмлэлээр ухааруулж, өөрийн гэсэн өнгөөр амьдрахын үлгэр дуурайл болсон хүн шүү дээ аав маань. Бас их тусч. Өөрийнхөө адуунд явж байхдаа л замдаа байгаа айлын адууг эргүүлж гэр лүү ойртуулна. Бүүр боломжгүй бол танай адуу тэнд байсан гээд л хэл дуулгаад явдаг. Энэ бүхнийг л ааваасаа суралцсан даа.

Аавтайгаа хамт өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Би эмэгтэй хүүхэд ч гэсэн адуунд явдаг. Би чинь мотоцикл, морь сайн унана. Аавтайгаа цуг морь унаад адуундаа явна. Замаараа айлаар ороход хоол цай, идээ ундаа элбэг. Нутгийн олон аавд маань их хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ дарга гэдгээр нь биш. Хүн чанар сайхан сэтгэлийг нь үнэлдэг. Хамгийн хөөрхөн нь аав маань айлын тавган дээрээс чихэр кармаалаад  дараа нь надад өгнө. Тэгээд л адуугаа туугаад явна. Хүмүүс намайг адуунд явахаар их гайхна. Нэг удаа аав намайг “За миний охин энэ уулын баруун талаар нь гараад адуугаа туугаад ирнэ шүү” гээд түрүүлээд явсан юм. Би за за гээд л үлдсэн. Гэтэл мэдсээр байж нэг л мэдсэн бүүр тойроод нөгөө талаар нь гараад хэсэг будлисан. Тэгээд гэртээ очиход аав “Өдөр тулдаа л гайгүй өнгөрлөө. Орой байсан бол төөрөөд балрах нь байна шүү дээ. Хүний хэлсэн үгийг анхааралтай сайн сонсож, нямбай хандаж бай” гээд их л чухал царай гаргаж билээ. Одоо ингээд гэрээсээ хол мянга гаруй км-ийн цаанаас утсаар л ярихаас хамтдаа байгаад ийм сайхан дурсамж бүтээж чадахгүй байна шүү дээ. Хүйтэн ч халуун ч аавтайгаа хамт адуунд явах хамгийн сайхан байдаг.

Аавдаа зориулж шүлэг бичсэн гэсэн?

Тийм ээ би аавдаа зориулж захиа бичээд түүнийхээ доор шүлэг бичсэн юм.

Ааваа би эрхэлмээр байна

Ааваа би тандаа очмоор байна

Анир чимээгүйн дунд ганцхан удаа эрхэлмээр байна

Аваагүй дуудлага бүрээ хүлээн хүлээн чагнамаар байна

Анзаараагүй хором бүрээ дахин нэг авчирмаар байна

Амжаагүй цаг хугацааг дахин нэг эргүүлмээр байна

Дэлгэр сайхан цагийн цэцэг шиг хэнзлэх тэмүүллээ

Дэргэд чинь суугаад ганцхан тантай хуваалцмаар байна

 Дэггүйтэж ээждээ загнуулчихаад ааваараа өмөөрүүлж эрхэлмээр байна

Алдаж нэг бүдрэхдээ аавынхаа хайранд  урамшиж өндиймөөр

Албаар нэг гоморхоод аргадуулж бас эрхэлмээр байна

Хатуурхаж хэлсэн үг бүрдээ харамсан  өршөөл гуймаар

Хатуу энэ орчлонгийн жамыг хайраараа шарж урсгамаар

Хамтдаа байсан дурсамжаараа хайрлаж чадаагүй хором бүрээ далдалмаар байна...

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon