Нийтлэл 01 сарын 22, 2018

Б.Лхагважав: Компаниудын аж ахуй эрхлэх эрхэд төр битгий халд

Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клуб "Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав: 

Сүүлийн 10 жилд шатах, тослох материалын импорт 600 мянгаас 1.5 сая тонн хүртлээ нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Өмнө нь уул уурхай, нийтийн хэрэгцээний шатахууны татвар ялгаатай байх асуудал яригдаж байсан юм. Бид шатах, тослох материалын хэрэглээгээ ангилах цаг болсон.  Энэ хоёр адилхан үнээр яваад байгаа нь асуудал гаргаж байна. Нөгөө талаас алдагдалтай ажиллаж байна. Тийм учраас үнээ чөлөөтэй тавьж, шатахууны үнэ бууруулах бүрэн боломж бий. Би компаниудыг хэт ашиг олж байна гэж бодохгүй байна. Ядаж авчирсан үнэ дээрээ ашгаа нэмээд зарах хэрэгтэй.

“Шатахууны  асуудал зөвхөн өнөөдөр гарсан юм биш. 2009 онд анх шатах, тослох материал үнэтэй болж тухайн үед гал унтраах арга хэмжээ авч байсан нь  төрөөс импортлогч компаниудад татаас өгч л аргалж байсан. Өөрөөр хэлбэл төр татвар, мөнгөний бодлогоор дэмжих маягаар явж ирсэн. Чөлөөт зах зээлээс Монгол улс сүүлийн  8-9 жил зугтсан юм. Үнийг төр зохицуулдаггүй гэдгийн маш том жишээ бол шатахуун.

Импортлогчид одоо литр тутамдаа 100-200 төгрөгийн алдагдалтай байна. Компани бол буяны байгууллага биш

Миний байр суурь бол үнийг чөлөөтэй орхи. Компаниудын аж ахуй эрхлэх эрхэд төр битгий халд. Бид Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй. Хамгийн гол нь зөвшилцөлд хүрэх чухал. Зөвшилцөлд хүрэх гол арга нь эрэлт, нийлүүлэлт гэдгийг ойлгох цаг болсон

Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: 

Монголд импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая тонн нь автобензин, дизелийн түлш байна. Үүний 1/3 нь буюу 33 хувь нь автобензин. Автобензиний 90 гаруй хувь нь жижиглэнгээр борлуулагддаг. Монгол Улсад борлуулагдаж  буй шатахууны үнэ  дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд байдаг. Үнийн зөвлөл нэгдүгээрт, өргөн хэрэглээний шатахууныг тогтвортой байлгах хэрэгтэй, хоёрдугаарт гадаад дотоодын зах зээлийн хүчин зүйлээс шалтгаалаад европын экологийн бензин, дизель түлшийг хэрэглэгчдэд хэт дарамтгүй, зах зээлийн үнийг баримтлана гэсэн байр суурьтай байгаа.  Гэвч одоо хүртэл шатахууны хомсдлын асуудал арилаагүй байна. Энэ нь нэг талаас “Зөрчлийн хууль" батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Эрэлт нэмэгдсэн энэ үед түгээлтийг хориглосон учраас хомсдол үүсэх нэг шалтгаан болж байна. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж мөн нэмж хүргэсэн байгаа.

Мөн 2017 оны 10 дугаар сараас  шатахуун импортлогч компаниудын баланс хасах руугаа орсон. Одоо Засгийн газраас татвараар зохицуулах боломжгүй болчихсон байгаа. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд гэрээ хэлцэл хийх юм билээ. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Засгийн газраас үнийг барих арга хэрэглэж ирсэн

​2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан ажиллаж байна. Импортлогчид 3 орчим хувийн ашигтай ажиллахыг зорьж ажилладаг. Ашгийн хэмжээ нь маш бага. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотой энэ салбарт үнийг бариад байх шаардлагагүй, зах зээлийн горимоор нь явуулах нь зүйтэй

гэж үзэж байгаа” гэв.

 

Сэтгэгдэл бичих

    • Ганболд
    • 2018-01-23

    Монгол хүний авч байгаа цалин дэлхийн дунджаас 50 с илүү хувь бага байдаг

arrow icon