VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх олон асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлгийн энэ дугаарт АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Р.Энхтүвшин оролцож уламжлалт ба нийгмийн хэвлэл мэдээллийн хариуцлагын тухай болон түүний нөлөөлөл, мөн монгол хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.
Та саяхан Монгол улсад амиа хорлож байгаа хүмүүсийн тоо нийт хүн амтай харьцуулахад их байна гэсэн судалгаа гаргасан байсан. Энэ талаар?
Амиа хорлох асуудал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Ер нь бол дэлхий дээр жилд дунджаар нэг сая хүн амиа хорлож байна. Энэ нь 40 сек нэг хүн амиа хорлож байна гэсэн үг.
Манайд ч энэ тоо нэлээд өсөх хандлагатай болсон. Эрүүл мэндийн хөгжлийн төв жил бүр нас баралтын эрэмбэ дарааг гаргасан судалгаа хийдэг. Үүнээс харахад манай улсад жилд дунджаар 16-17 мянган хүн нас барж байгаагийн 460-475 нь амиа хорлож нас барж байгаа
нь харагдаж байгаа юм. Насны бүлгийн хувьд аваад үзвэл ихэвчлэн залуу хүмүүс буюу 15-34 насны хүмүүс тэр дундаа 18-29 насны залуучууд дийлэнх хувийг эзэлдэг.
Энэ тоо дэлхийн хэмжээнд бусад улс орнуудтай харьцуулахад ямар байдаг вэ?
Амиа хорлож нас барж буй хүмүүсийн тоог 100 мянган хүн амд тооцож гаргадаг. Ингэхдээ тоон үзүүлэлт 15 хүртэлх хувь байвал дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна гэж үздэг харин 20 хувьтай бол аюултай байдалд хүрч байна, анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа хэрэг харин 25 болон түүнээс дээш хувьтай бол үндэсний аюулгүй байдалд халдах хэмжээнд хүрч эхэлсэн байна гэсэн үг.
Манайх хаана нь явж байна?
Янз бүрийн судалгаа байна. 2003 онд хийсэн судалгаагаар 17 хувьтай байсан бол 2006 оны судалгаагаар 19 хувьтай болсон байсан. Мөн 2010 онд 20,2 хүрч тоон үзүүлэлт улам нэмэгдсээр байсан төдийгүй 2017 ДЭМБ-аас хийсэн судалгаагаар 28,1 хүрсэн байдаг. Энэ нь манай улс амиа хорлолтын үзүүлэлтээр дэлхийд гуравт бичигдэж байна гэсэн үг.
Амиа хорлох шалтгаан нь ямар хүчин зүйл байна. Эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна уу?
Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, архидалт зэрэг. Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг гаж үзэгдэл гэж нэрлэдэг. Үүнд маш олон хүчин зүйл багтдагийн нэг нь амиа хорлолт. Тэгвэл эдгээр гаж үзэгдлүүд юунаас болж үүсэх вэ гэхээр нийгмийн зарим буруу хууль дүрэм гарсан тохиолдолд, эдийн засгийн хямралд өртсөн тохиолдолд, нийгэмд гаж үзэгдэл гаардаг. Энэ шинжээр нь нийгэм эдийн засаг, улс төрийн индикатор гэж үздэг. Жишээлбэл Америкт амиа хорлолт нэмэгдээд ирвэл бидний гаргаж буй хууль дүрэм болохгүй байгаа юм байна, эдийн засгийн хувьд асуудал үүсээд байгаа байна гэсэн сэдэл авдаг.
Яагаад залуучууд ихэвчлэн амиа егүүтгээд байна?
Залуу хүмүүсийн нас барах шалтгааны эхний гуравт амиа хорлолт ордог. Амиа егүүтгэл ямар шалтгаантай юм бэ гэдэг дээр ярья. Жишээлбэл Европын орнуудад амиа хорлосон шалтгаан нь ихэвчлэн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй, эсвэл мансууруулах бодист хэт их автсанаас болж амиа егүүтгэсэн тохиолдол их бүртгэгддэг
. Харин Азийн орнууд болон Монгол улсад амиа хорлож байгаа хүмүүсийн шалтгааныг аваад үзэхэд сэтгэцийн эмгэгтэй байхаас илүүтэй сэтгэл хөдлөл нь давамгайлсан байдаг
. Гэр бүлийн янз бүрийн асуудал, стресс, хайр дурлал, ядуурал, гэх мэт асуудлаас. Гэхдээ энэ нь илүү аврах боломжтой гэсэн үг. Сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэхэд хэцүү. Харин сэтгэл хөдлөлийг бол эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Урьдчилан сэргийлэх боломжийн хувьд 1997 онд хийсэн судалгааны дүгнэлтээр утсаар зөвлөгөө өгдөг төвийг улсын хэмжээнд байгуулъя гэсэн ч одоо хүртэл гараагүй байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн өсвөр үеийн залууст зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг хаа сайгүй байгуулах хэрэгтэй тэр ч бүү хэл арван жилийн сургуулиудад зайлшгүй орон тооны сэтгэлзүйч байлгах хэрэгтэй.
Өнгөрсөн жил анхдагчаар Анагаахын шинжлэх ухааны их сургуульд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв нээсэн. Энэ төвөөр нийт 230 орчим оюутан үйлчлүүлсэн. Мөн өөр, өөр найман сургуулийн 30 орчим оюутнууд ирж зөвлөгөө авсан үүнээс 10 гаруй амиа хорлох төлөвлөгөөтэй байсан хүүхдийн асуудлыг шийдэж амиа хорлохоос нь сэргийлж чадсан.
Амиа хорлолтоос сэргийлэх өөр ямар арга зам байна?
Манайд бодлогын түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй. Ядаж л амиа хорлох оролдлого бүрийг бүртгэж авч байх хэрэгтэй. Амиа егүүтгэл болон амиа егүүтгэх оролдлого хоёрыг хоёуланг нь бүртгэж байх хэрэгтэй. Гэтэл энэ бараг л боломжгүй гэсэн үг. Жишээлбэл гэмтлийн эмнэлэгт хэн нэгэн амиа хорлох оролдлого хийгээд ирэхэд түүнийг амиа егүүтгэх оролдлого хийсэн гэж тэмдэглэдэггүй. Мөн өөрөө санаатайгаар гэмтээсэн бол төлбөр төлдөг. Түүнээс зугтаад хүмүүс ч худлаа хэлдэг. Энэ бүхнийг нарийн шийдэж ярилцаж ойлголцох шаардлага бий болж цаашид давтагдах боломжийг нь хязгаарлах хэрэгтэй.
Амиа хорлолтыг гэмт хэрэг гэж үздэг үү?
Яг гэмт хэрэг гэж үзэхгүй. Дээр үед бол гэмт хэрэг гэж үзээд оршуулах газар өгөхгүй байх ч юм уу арга хэмжээ авдаг байсан. Одоо бол больсон. Ганц хуулийн заалт байдаг. Тэр нь зайлшгүй амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн хүнд хариуцлага тооцох арга хэмжээ авдаг.
Тэгвэл яавал үүнийг нийгэмд бий болгохгүй байх вэ. Бусад оронд ямар арга хэмжээ авдаг вэ?
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цахим орчинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хэрэгтэй. Амиа егүүтгэлийн мэдээллийг олон нийтэд цацаж болдоггүй.
Хэрэв цацвал үүнийг медиа эффект гэдэг. Энэ нь тэр мэдээллийг цацсанаар хүмүүст амиа хорлох үйлдлийг турхирч, нөлөөлж байна гэсэн үг. Ийм мэдээллийг үзээд зарим нэг сэтгэл нь тогтворгүй байгаа хүмүүс түүнээс шууд сэдэл авдаг аюултай. Иймээс ядаж л үүн дээр анхаарах хэрэгтэй...
Сэтгэгдэл бичих