АИ-92 бензин 1630 төгрөг байна уу? 1630 төгрөгөө аягатай коктэйлээр зүйрлүүлээд ганц жор хийж үзье. Гурван л орцтой коктэйль. Архи, ундаа, нимбэгний шүүс ч юм уу нэг амтлагч. Аяга нь 1630 мл л ордог. Ундаа нь хилийн үнэ, архи нь ашиг, амтлагч нь татвар гээд бодчих. Энэ гурав нийлээд 1630 мл буюу аягандаа багтаж байвал ерөнхийдөө хэрүүл маргаан гарахгүй. Худалдсан талд үнийг нь өгсөн байна, ашгаа нэмээд зарсан байна, төр ч татвараа авсан байна гэсэн үг. Жишээ нь Ундаа 1200мл+архи 200 мл+ амтлагч 230 мл. Ингээд сайхан 1630 мл коктэил хийж болно. Ингэж хийж болсон үе ч байгаа. 2014 оны сүүл, 2015 оны эхээр газрын тос навс хямдраад энэ найрлагаар бол ундаа бүр мянгаас доош орж ирсэн үе. Энэ үеэр яагаад бензиний үнэ хямдраагүй вэ буюу яагаад аягатай коктэил чинь 1630-аас багасч дундраагүй вэ гэвэл ундаа нь багасахаар зэрэг татвар, ашиг гэсэн хэсгийг нь нэмж хийгээд байсан хэрэг. Татвар, ашиг хоёр нэмэгдээд байна гэдэг нь хэрэглэгч бид шатахуун импортлогч ба төр засагтаа өөрсдийн хармаанаас овоо хэдийг нэмж өгөөд хямд бензин үнэтэй хэрэглээд байсан гэсэн үг ээ. Энэ асуудал мөн нь мөн боловч коктэйль маань аягандаа багтаж байв.
Харин энэ гурвын нийлбэр 1630-ыг давж аягандаа багтахаа байгаад ирэхээр саяных шиг зодоон болж байгаа юм. 2012 оны сүүл үе, АН ялаад удаагүй байсан. Хилийн үнэ буюу ундаа үнэд орж 1400, 1500 мл эзлэн алдсан үе. Тэгэхээр зэрэг Петровис гэх мэт импортлогчдын ашиг, Засгийн газрын татварт зай үлдэхгүй болно. Ашгаа нэмэхийн тулд үнэ нэмэх буюу аяганы хэмжээг томсгох хэрэг болно, тэгэхээр хэрэглэгч уурлана, намын нэр хүнд унана. Ингээд Алтанхуяг, Золжаргал нар яаж ийгээд 1630 мл-ийн аяганд нь багтаах арга бодож олсон нь үнэ тогтворжуулах хөтөлбөр гээч юм. Товчдоо бол ундаа авахад нь зориулж хямд доллар, хямд зээл гаргаж өгөх хөтөлбөр.
Жишээ нь долларын ханш 2000 төгрөг байхад 1500-аар доллар зараад тэр доллараар нь цаадах нь шатахуун оруулж ирэх маягийн юм. Та одоо 2500 байгаа долларыг хүнд 2000-аар зарвал цөм шатахтай адилхан Засаг ч цөм шатаж, ойролцоогоор 400 тэрбумын алдагдал хүлээжээ. Харин импортлогчдын ашиг 4 дахин нугарч барьж. Түүгээр зогсохгүй 3.8 хувийн хүүтэй зээл өгч байсан байгаа юм. Жилийн 4% хүүтэй зээл гээд бод доо! Мөрөөдөл биз, жирийн бизнес эрхлэгчид бол. Ингээд бид 1630 мл аягатай коктэйлээ асгаж цутгалгүй барьж ууж болсон байна. Гэхдээ Засагт өөрийн мөнгө гэж юм байхгүй тул өнөө хямд хүү, хямд долларын өртөг, 400 тэрбумын алдагдал бүгд монголчуудын хармаанаас гарсан. Өөрөөр хэлбэл асгахгүй уугаад байна гэж бодсон боловч үнэн хэрэгтээ арай өөр газраар, өөр хэлбэрээр гоожиж байсан гэсэн үг. Энэ хорвоод үнэгүй юм байхгүй гэдэг чинь тэр л дээ. Нефтийн үнэ 2012 оны түвшиндээ үргэлжилж, үнэ тогтворжуулах хөтөлбөр тэр эрчээрээ үргэлжилсэн бол доллар хэд хүрч дуусах байсан юм бүү мэд. Тэнгэр ивээж 2016 он гэхэд хилийн үнэ бараг 4 дахин хямдраад дээр бичсэнчлэн татвар, ашиг хоёроо нэмэх боломж гарч иржээ.
Ингээд сайхан явж байтал эргээд хилийн үнэ нэмэгдэж цагийн сайханд нэмж орхисон татвар нь аяганд багтахаа байж ирээд саяын зодоон болохгүй юу. Засаг нь татвараа авна гээд байдаг, импортлогч ашиг олмоор байдаг, энэ хоёр дээр ундаагаа нэмэхээр бүр 1800, 1900 болж иржээ. Үнэ буюу аягаа томсгохгүй бол ашиггүй болсон импортлогчид Засагтай тулж онцгой татвар хэмээх амтлагчийн орцоо авах, үгүй бол үнэ нэмэх шаардлага тавьжээ. Улмаар засаг АИ-92-ийн татварыг тэглэж буулт хийгээд 1630-д нь барих болсон байна. Татвар хаслаа гээд төсвийн алдагдал нэмэгдэж бас л ачаалал нь чам дээр ирнэ. Одоог хүртэлх процесс ийм. Эндээс хоёр юм анзаарах хэрэгтэй. Нэгд, 1630-аас үнэтэй үед хямд байлгалаа гээд яаж ийгээд илүү үнэ чиний кармаанаас гардгийг. Тэр тусмаа бөөн будлиан цавчаан дундуур орно, яаж ийгээд л чамаас захзээл төлбөрөө авна. Хоёрт, 1630-аас хямд үед 7, 8 хувийн ашиг чив чимээгүй хийж байсан хэрнээ үнэтэй болоод ирэхээр хэрхэвч хүлцэхгүй хэдэн цагийн очер үүсгэн барин асуудал үүсч байгааг. Үнэ барих гэдэг ийм юм.
Үнэн хэрэгтээ үнэ хэзээ ч баригддаггүй.
Үнэ үргэлж хөдөлж байна, үнэгүй юм, хямд юм хэрэглэх гэсэн бидний хүсэл л хөдөлгөөнгүй байх. Их үнэтэй хүсэл.
Энэ хүртэл үнэ барих тухай буюу ямар хэмжээтэй аягаар архи уух тухай харьцангуй энгийн яриа.
Үүнээс цааших нь ямар бааранд сууж байгаад уух тухай маягийн арай чанарын агуулга. Ялж мандсан монголчууд бидний ясны дургүй коммунист Хятад хүртэл хилийн үнэ буюу ундааны орц нь нэмэгдэхийг дагуулаад 2017 онд жижиглэнгийн үнээ 11 удаа өөрчилжээ.
Яасан тэнэг юм бэ? Яагаад үнэ барьдаггүй юм бэ? Суурь үнэ нэмэгдэхээр юмны үнэ нэмэгдээд эдийн засаг нь хямраад шоргоолж шиг олон хятад нь бухимдаад Ши даргаа хараагаад ер нь сүйрчихдэггүй юм уу? Дэлхийн №1 том газрын тос импортлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгч орон гэж байдаг. Үүний нэг учир нь хэрэглээний үнэ тогтворжуулахын тулд алдагдал хүлээж улсын санд дарамт үүсгэхгүй байх бодлоготой. Учир нь Хятад төсвөө хөрөнгө оруулалт, хөгжил, бүтээн байгуулалтад зардаг. Улсаас хяналттай боловч хэсэгчлэн үнэ чөлөөлөх буюу хилийн үнийг зах зээлд өөрт нь шингээгээд байхаар мэдээж үйлдвэрлэл, хэрэглээнд дарамттай. Тэгмэгц өнгөрсөн 5 сард газ, газрын тос боловсруулах салбартаа реформ зарлаад 3 том улсын компанидаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт дуудчиж байна. Зах зээлийн үнэ биеэрээ мэдэрч байгаа хэрэглэгч, үйлдвэрлэгчдээс ч реформ, бодлогын захиалга явна. Манайд яав?
5 жилд суудлын машины тоо 53% нэмэгдэхэд бензиний хэрэглээ 66% нэмэгджээ. 1 авто тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд өдөрт 6 литрээр бензиний хэрэглээ нэмэгдэж байдаг байна. 2017 онд гэхэд дизелийн биш автобензин 250 сая доллараар импортолжээ. Хэрэглээний хямд үнэ, хэрэглээ дэмжсэн эдийн засагтай учраас хүн бүр машин унаж, хүн бүр бензин авдаг. Тэгсэн хэрнээ хүн бүр түгжирдэг, хүн бүр стресстдэг.
Та нэг өөр хот төсөөлөөд үз дээ. Бензин зах зээлийн үнээ дагадаг. Гэхдээ төсөвт ачаалалгүй. Үнэ тогтворжуулахаас алдсан 400 тэрбумыг л гэхэд бүгдийг нь нийтийн тээвэрт хийсэн. Хуучин машины угаар багатай. Хөөрхөн жижигхэн хотдоо хаанаас нь ч хаашаа 20 минут л явдаг. Хүн бүр унаа унаж бензин үрж явдаггүй учраас хүүхдээ хөтлөөд тайван алхаж болно. Тохилог, цэвэрхэн шугамд суугаад ном харж утсаа илээд зорчдог. Тэр байтугай хойш тэлж хөгжиж байгаа хаус хотхоноос нийтийн тээврээр төв рүү орчихдог.
Тийм биш ийм хот бидний өөрсдийн сонголт. Нэгэнт нөгөө хармаагаар нь гоожиж байхад байнга зах зээлээс хямд юм нэхнэ. Тэгмэгц хаагуур юу гоожиж байгааг хамгийн сайн харж байгаа Монголын төр байнга тэр хүслийг нь дагуулна. Тэгээд төсөв алдагдалтай, бонд гаргана, зах зээлээс мөнгө хамна, хувийн хэвшилд зээл олдохгүй, хүн ажилд авч цалинжуулж чадахгүй. Яван явсаар өнөө л иргэдийн хоолойг орооно. Тэрийгээ мэдэхгүй иргэдэд боловсруулах үйлдвэр, салбарын реформ, чөлөөт өрсөлдөөн нэхэх хүсэл ч төрөхгүй. 1630-аар АИ 92 дүүргэж аваад л утааны улирал иртэл Хөвсгөл гараад жийчихнэ. Ядаж сая татвар тэглэхдээ хүртэл эдийн засгийн ганц багана уул уурхайн түлшээ биш сүү горьдсон гөлөг шиг өнөө л иргэдийн хэрэглэдэг АИ-92 тэглэжээ, тэгж л таарна.
40 градусын хүйтэнд 40 литр бензиний төлөө өдөржин очерлохыг бид л өөрсдөө бурханд захиалсан байгаа юм даа. Англи хэлэнд үйлийн үр чинь новш штэ хөгшөөн гэх маягийн утгатай нэг үг байна аа хаха? Яг тэр чинь. Гэснээс Хятадын газрын тосны эрэлт 2018 онд улам өснө гэнэ. 1630мл-ийн аягаа яана даа хэдүүлээ.