Нийтлэл 01 сарын 25, 2018

Т.Баярхүү: АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар мэдээлэл хийж,  2017 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

 

Т.Мөнхтунгалаг :"Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Батбаярын мөрдөн шалгагдаж байсан хэрэг дээр нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусаж байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа иргэдтэй холбоотой хоёр янзын тоолуур гүйж байгаа. Эхнийх нь хоёрдугаар сарын 04-ний өдөр дуусах юм. Энэ өдөр хүртэл мэдээлэл байхгүй байна. УИХ-ын гишүүн Гантулгад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа , УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн.

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гурван удаагийн гомдол ирсэн. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Болормаагаас, тус яамны сайд Ц.Цогзолмаа, төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нартай холбоотой гомдол мэдээллийг ирүүлсэн. С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн үү үгүй юу гэдгийг шалгуулахаар төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна" гэв.

Т.Баярхүү: "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10,200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна. АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд  шилжүүлсэн.

Тухайлбал

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А Цолмон, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн марийн бичгийн дарга асан хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэлд холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа юм" гэв. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon