Нийтлэл 01 сарын 26, 2018

УИХ: Нефтийн үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ 3-р сард гарна

УИХ-ын чуулганаар шатахууны үнэ, авч хэрэгжүүлж буй бодлогын талаар асуулга хийлээ.

Г.Занданшатар: Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол асар үрэлгэн ажил болсон. Дахин ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг сая гарсан Банкны тухай хуулиар хориглочихсон. Өмнө нь Монгол банк 250 гаруй тэрбум төгрөгийг хямд хүүтэй, хямд ханшаар импортлогчдод зээлүүлсэн нь зах зээлийн бус арга гэж ОУВС хориглосон учраас одоогийн Засгийн газар зах зээлийн зарчмаар нь зохицуулж явж байна.

Ё.Баатарбилэг: Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү? 645 км хоолойг ямар өртөгтэйгөөр, хэдэн жил барих вэ? хос хоолой юм уу? Хаанахын технологиор барих вэ? Ус хаанаас авах вэ? Үр ашгийн тооцоо хийсэн үү? 1.2 тэрбум долларыг нөхөх шахуу юм яриад байх юм.  Керосиныг хольж, уул уурхайн компаниудыг хохироож байгаа асуудал гарч байна гэсэн та хэд дээр ийм гомдол гарсан уу?

Г.Занданшатар: Керосин хольсон шатахуун худалдаж байгаа асуудлыг цэгцлэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг утгаар 1.2 тэрбум доллар хэмнэнэ гэж хэлсэн. Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ 3 сард нарийвчлан гарснаар 1.2 тэрбумын төсөвтөө багтах уу? гэдэг нь тодорхой болно. Италийн компани хөндлөнгийн хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа. Үнийг аль болох хямд байлгах, зээлийн эх үүсвэртэй холбох асуудлыг анхаарч байгаа. Усны нөөц бол тогтоогдсон гэж УУХҮЯ-аас мэдэгдсэн.

Д.Оюунхорол: Засгийн газарт үнэ зохицуулах боломж байсаар байтал яагаад нийгмийг бухимдуулсан асуудал болтол нь удаасан бэ? Яагаад өнөөдрийг болтол хомсдол үүсгэж, компаниудын хооронд маргаан үүсгэж, агентлагууд зөрөөтэй мэдээлэл өгөөд байгаа юм бэ? Яагаад хамгийн хэрэгцээ шаардлага багатай хоёр төрлийнх нь татварыг тэглэв? Дизель, АИ 95 бензиний онцгой албан татварыг хэзээ тэглэх үү? Гадаа хомсдол, өртөг хэвээрээ байна.

Засгийн газар илүү том бодлогын арга хэмжээгээ дорвитой ярих ёстой. Зах зээлийн асуудал дээр зарим нэг зөв шийдвэр гаргаасай.

Ч.Хүрэлбаатар: Дизель, АИ95, АИ98-н үнийг буулгавал яасан юм бэ? гэдэгт хариулъя. Зэс, нүүрс алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа. Дизель түлш бол уул уурхайн компаниудын гол хэрэглээ. Уул уурхайн ХХК-уудад үнээ буулгаж, татаас өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. АИ 98-ыг ихэвчлэн жийп хэрэглэж байгаа учраас мөн хөндөөд хэрэггүй гэж үзэж байгаа. Цаашдаа яах бол гэдэг прогноз гаргаж байгаа. 60-70 орчим долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Сүүлийн өдрүүдийнх нь дүр зураг нь өсч буурсан, тодорхой бус байна. АИ 80, АИ 92-ын татварыг чөлөөлсөн засгийн газрын тогтоол хэрэгжээд явж байгаа.

Нефть импортлогчдыг буруутгаж болохгүй. Шүүмжлэх зүйл нь нефть импортлогчид эрсдэл зайлуулах аргуудыг хэрэглэдэггүй. Яагаад гэхээр төр доллар 1850 байхад 1450-р өгсөөр байгаад шатахуун импортлогчид нь эрсдэл зайлуулах зах зээлийн аргад суралцаагүй. Дүн, эрсдлээ хараад зах зээлийн арга хэрэгслээ хэрэглэдэг болгохгүй бол цаашид ийм байдлаар явах нь зөв арга биш. Үнээ бага  байвал борлуулалт сайн байна. Юм л бол төрд ачаалал өгдөг байж болохгүй. Нефтийн компаниуд өөрсдөө зах зээлийн арга хэрэгслээ ашигла. Төр хэтэрхий их оролцож байгаагаас компаниуд зах зээлийн арга хэрэгслээ ашиглахгүй байгаа.

Д.Тэрбишдагва:  Газрын баялаг бол том салбар. Нефтийн асуудал дээр бусад эх үүсвэр хайж байна уу? Импортлогчид үгсэн хуйвалдсан асуудал үнэн үү? ТЭЗҮ-гээ гаргаагүй байж ард түмэнд 645 км зам тавина гэж шууд мэдээлж байгаа нь буруу. ОТ дээр яг энэ асуудлаар бөөн зүйл болсон. Яагаад Тамсаг гээд газар нь үйлдвэр гаргаж болдоггүй юм? Заавал түүхийгээр нь нефть зөөж урд хөрш рүүгээ зөөгөөд байх юм уу?

Г.Занданшатар: Нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр яг энэ асуудлыг тавиад, сарниулдгаас 10 гаруй жил яригдаад явж байгаа. Сөрөг сурталчилгаа их явдаг гэж үздэг тал бий. ТЭЗҮ-ээр нотлогдоно. Засгийн газар Монгол улс нефтийн үйлдвэртэй болох ёстой гэдэг зарчмын байр суурин дээр байгаа.

АИ80 бол хөдөө хэрэглэгддэг гол бензин. Дизель түлш бол уул уурхайн компаниудын хэрэглээ. Ард түмэндээ хүрч үйлчилдэг компанийн үйл ажиллагааны зардал ондоо. Шууд бөөндөөд зарчихдаг компаниудын зардал ондоо. Үүн дээр үндэслэн татварын бодлогоо нөхөх шаардлагатай. Засгийн газар өрсөлдөөнийг бий болгож, үнийг чөлөөлнө. Дэлхийн зах зээлийн ерөнхий чиг хандлагаар үнэ тогтворжихоор байна. Салбарын сайд Роснефтьтэй хамтарч ажиллахаар яригдаж байна. Боломжтой байхад нь хомсдол үүсгээд байсан юм байхгүй. ОУВС-тай тохиролцохоос авахуулаад олон процесс явагдсан.

ШӨХТГ: Магнай трэйд, Петровис, Тэс петролиум компаниуд зохиомол хомсдол үүсгэсэн хэргээр зөрчлийн хэрэг үүсгэхээр хяналт шалгалтын ажил явж байна. Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг авсан мөртлөө хомсдол үүсгэсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн шунхлай, тэс, петровис дээр хэрэг үүсгээд явж байна. Таксины үнийн хувьд хувь хүмүүс үнэ нэмсэн асуудал бий. Суурь үнэ, шатахууны үнэ нэмэгдээгүй байхад үнэ нэмэхгүй байх зарчим барих шаардлага бий.

Г.Тэмүүлэн: Газрын тосны салбар бол хамгийн чухал стратегийн салбар.

Өнгөрсөн 20 жилд газрын тосны асуудал дээр Монголын засгийн газрын түлш, үнэ, хангамжийн талаар баримталж байсан бодлого дээр эрс шинэчлэл хийхгүй бол дараагийн 20 жил яг энэ  зовлонгоо ярьсаар л байх болно.

Гадаад зах зээлээс шууд хамааралтай, геополтитикийн асуудал. Төр татварын бодлогоор зохицуулалт хийнэ гэдэг нь гол зангилаа, түгжээ болж ирсэн. Өнгөрсөн 2 жилийн процессийг ярих хэрэггүй. Цаашид яах вэ? гэдэг илүү бодлого гаргах хэрэгтэй. Дотооддоо үйлдвэр барихаас өмнө түүхий эдийн байнгын эх үүсвэртэй байх гэдэг асуудал орхигдоод байна. Газрын тосны геологи хайгуулын асуудлыг анхаарч нөөцөө нэмэгдүүлж байж үйлдвэр ажиллах тухай ярих боломжтой болно. 2 сар гаргаад тн нефть дээр 24-40 доллараар нэмэгдэх хандлагатай байна. Онцгой албан татварыг тэглэсэн нь гал унтраах арга хэмжээ.

Д.Эрдэнэбат:

Иргэдийн бухимдал яах юм бэ? Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд амьжиргаанд нөлөөлж байгаа нь үнэн, бодит хохирол болчихлоо. Хэн хариуцлага хүлээх юм. 7 татвар нэмнэ гээд нэмсэн. Шатахууны хомсдол бол татвар нэмсэний хамгийн эхний үр дүн. Бид ядуу эдийн засагтай орон. Иргэд ядуу байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ядуу иргэддээ зориулж хийж ирсэн гэдгийг ойлгохгүй байна. Бензин зах зээлийн гольдролоор яваг гээд орхичихоор, ачааг ард түмэн үүрнэ. Г.Занданшатар гишүүнтэй санал нэгдэхгүй байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ард түмний нуруун дээрх ачааг авч гарсан. Дизель түлш ХАА-тай хамаатай. Ирэх жил улаан буудай, гурилын үнэнд нөлөөлнө хэн хариуцлага хүлээх ёстой юм?

Ч.Хүрэлбаатар: Бензинээ л ярьвал зүгээр. Улс төр ярья. Монгол улс 2.7 тэрбум долларын нөөцтэй байсан 1 тэрбум болтлоо буурсан. 2012-2016 онд Монгол улсын зээлжих зэрэглэл 5 шат унасан. Хөрөнгө оруулагчид зугтааж, -100 сая долларын хөрөнгө татагдсан. Төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувь болтлоо дампуурсан. Бизнес хувийн хэвшлийг дарамтлаад, шоронд хийж байсан. 2012-2016 оны үед дэд сайд байтугай төрийн нарийн нь хүртэл жийп унаж байсан. Өнөөдөр валютын нөөц 3 тэрбум долларт хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбумд хүрчихээд байна. Энэ бол өнгөрсөн жилд УИХ, Засгийн газрын ажилласан үр дүн. Эерэг үр дүн байхад улс төржмөөргүй байна. ОУВС-тай татвар нэмнэ гээд тохирчихсон байсан. Энэ үед шатахуун 1 тн нь 40 доллар байсан. Тэгэхээр бид асуудлаа шийдэхийн тулд ОУВС-тай хамтран ажилласан. Эдийн засгаа аврахын тулд Монгол улс үүрэг хүлээх хэрэгтэй болсон. Дэлхийн улс орнуудын Монголыг дэмжих гэсэн бодлого руу ус цацах шаардлага байхгүй. ОУВС-тай тохирох хэрэг байсан. Энэ дээр цаг хугацаа алдсан нь үнэн.

Г.Занданшатар: Хэн хариуцах вэ? гэхээр Ардчилсан нам хариуцлага хүлээнэ. Зээл 18 хүртэл хувьтай зээлийг 0.2 хүүтэй болгох гэж ОУВС-н хөтөлбөрт орсон. Энэ жил 1.1 их наядын хүү, 1.9 их наядын зээл нийтдээ 3 их наядыг өрийн төлбөрт өгсөн. Чингис бондын 500 сая долларын өрийг төлөөгүй байсан бол Монгол улс дампуурах байсан юм. Та нарын үүсгэсэн ядуурал, энэ их өрийг дарахын тулд ОУВС-н хөтөлбөрт орсон. 3 их наяд төгрөгний үндсэн зээл, хүүг төлөхийн тулд аргаа ядаж байна.

 

Сэтгэгдэл бичих

    • МАН-ЫН ГИШҮҮН
    • 2018-01-26

    ЗАНДАНШАТАР , ХҮРЭЛБААТАР НАР ИЛТЭД ХУДЛАА , АРГАЛСАН ХАРИУЛТУУД ӨГСӨН !!! НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮНЭ ӨССӨН ГЭЭД ЗӨНДӨӨ АСУУДАЛ БИЙ !!! ЯАГААД ХУВИЙН ХЭВШИЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ЛҮҮ ХӨРӨНГӨ ХАЯЖ ЗОРИГЛОХГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ЕР ТООЦОХГҮЙ БАЙНА !!!

arrow icon