Хятадын гурван том төрийн өмчит шатахууны компанийн нэг China National Petroleum компанийн судалгааны газраас гаргасан мэдээллээр 2018 онд тус улс түүхий нефтийн хэрэглээнийхээ 70 хувийг импортоор хангах төлөвтэй байна
. 70 хувь гэдэг нь 451 сая тонн орчим нефть бөгөөд энэ нь 2017 оноос 7.7 хувь өссөн дүн юм.
БНХАУ 2017 онд АНУ-г ардаа орхиж дэлхийн том эрчим хүч хэрэглэгч, газрын тос импортлогч болсон тус улсын хувьд өнгөрсөн жил газрын тосны хэрэглээнийхээ 67.4 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангажээ.
Энэ жил эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилж, нийт газрын тосны хэрэглээ 4.6 хувь өсч 615 сая тоннд буюу 2011 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна.
Мөн Хятад улс байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг. Тус улс сая сая өрхийн эрчим хүчний хэрэглээг нүүрнээс байгалийн хий рүү шилжүүлэх бодлого эрчимтэй хэрэгжүүлж байгаагаас улбаалан 2017 оны эцсээр байгалийн хийн хомсдол үүссэн билээ. Энэ үеэр Хятадын эрчим хүч хариуцсан албан тушаалтнуудын зүгээс газрын тос болон байгалийн хийн импортоос хамааралтай байдлыг багасгах, хувийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт татаж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого барина гэж мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Хятадын газрын тос болон байгалийн хийн бүтээгдэхүүний борлуулалт улсын өмчийн гурван том компанийн нөлөөнд байдаг ба өнгөрсөн 2017 оны тавдугаар сард зарлагдсан реформ дор хувийн хэвшилд илүү нээлттэй болгох бодлого хэрэгжиж байгаа юм.
Нефтийн үнэ нэг баррель нь 60 гаруй доллар буюу 2011-2012 оны түвшинд хүрэх болоогүй байхад шатахууны хомсдол үүсч, хэрэглээний шатахууны татвар тэглэхэд хүрээд байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд дэлхийн зах зээлийн үнэд хамгийн нөлөөтэй эдийн засгийн нефтийн импорт их хэмжээгээр өсөх төлөвтэй байгааг анхааралдаа авч үнийн бодлогодоо тусгах зайлшгүй шаардлагатай.
Сэтгэгдэл бичих