Нийтлэл 02 сарын 22, 2018

Н.Батсайхан: Монгол улсын гадаад өрийн хэмжээ 5 хувиар өссөн

Монгол банкнаас өнөөдөр арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өссөн байна. Гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь ОУВС-гийн хөтөлбөрүүдийн хүрээнд орж ирсэн санхүүжилтийг дагаад зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа гэж тайлбарлалаа. Мөн орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа бөгөөд нийт зээлийн 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгдсэн.  Ипотекийн зээл авч байгаа иргэдийн 38.6 хувь нь 40-60 ам.метр, 28.2 хувь нь 60-80 ам.метр, 24 хувь нь 40-өөс доош ам.метр талбайтай орон сууц авсан байна. 

  

 

 

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан: “Активын чанарын үнэлгээний үр дүнд ДНБ-ий 2 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан.Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн байна. Тухайлбал өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдал 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувь гарсан. Систем энэ зэргийн дутагдлыг аваад гарахаар харагдаж байгаа. Монголбанкны зүгээс зөвхөн системийн дутагдлыг олон нийтэд мэдээлэхээр шийдсэн. Банк тус бүрээр мэдээлэл гаргахгүй.

Мөн "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Активын чанарын үнэлгээн дээр тест нэмж хийнэ гэж байгаа. Энэ хүрээнд бүх банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөгөө бизнес төлөвлөгөөний хамт Монголбанканд ирүүлнэ. Эцсийн тоог 3 дугаар сардаа тогтоож банкуудад мэдэгдэнэ" гэв.  Манай улсын ДНБ 2017 оны байдлаар 20 орчим их наяд төгрөг байна. Үүний 2 хувь гэвэл банкуудад 400 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал гарчээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon