Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргаж бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргалаа.
Шийдвэр ингэж гарах болсон хамгийн том үндэслэл нь инфляцийг зорилтот түвшинд хадгалах төсөөлөл юм. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. Хүү буурснаар арилжааны банкны салбарын өртөг буурч, төгрөгийн зээлэнд эерэгээр нөлөөлнө гэдгийг албаныхан хэллээ. Тэгвэл бодлогын хүү гэж юу вэ, бодлогын хүү буурснаар эдийн засагт ямар өөрчлөлт орох тухай товч мэдээлэл хүргэе.
Бодлогын хүү гэж юу вэ?
Төв банкууд үндсэн гол зорилт болох инфляци буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм.
Бодлогын хүүг арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монголбанкны хувьд, энэ нь 7 хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэд байх нь хамаардаг юм.
Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдох бодлогын хүүтэй байна. Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь болсон . Төв банк бодлогын хүүг өндөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.
Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай.
Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг
юм.
Сэтгэгдэл бичих