Нийтлэл 03 сарын 27, 2018

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 2.5 дахин их байна

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Гэвч Монгол Улсад 2.5 дахин их байдаг байна

Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлийн  шалтгаанаар нас барж байна. Монгол улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 дахин өндөр байгаа юм. Тодруулбал 15-64 насны 3 хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдраар нас барах эрсдэлтэй байна. Тиймээс  давсны хэрэглээгээ бууруулах  зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Магадгүй уншигч та цай хоолондоо халбагадан хийдэг давсны хэрэглээг л бууруулах  юм гэж  ойлгож болох юм. Гэтэл  давс байгалийн гаралтай бүтээгдэхүүнд  нь  тодорхой хэмжээгээр агуулагдсан байдаг аж. Тэр дундаа хүүхэд багачуудын амтархан  иддэг  чипс, өдөр  тутам хоолондоо хийдэг  хачир  амтлагчид асар их хэмжээний  давс агуулагддаг байна.

Бидний өдөр тутамдаа хоолондоо хийдэг  амтлагчууд   дээрх хэмжээний   давсыг агуулдаг байх нь.

Харин мах махан бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээнээс тооцоолбол 100 грамм амталж бэлтгэсэн  загасны маханд 8.8 грамм давс  агуулагдаж байна. 

Мөн аймаг бүрийн онцлогоос үүдэн давсны хэрэглээ өөр байгаа юм. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. 

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас тодрууллаа.  

Б.Энхтунгалаг:  “2015 онд баталсан Засгийн газрын тогтоолоор 2025 он гэхэд Монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулна. Үүний тулд нэн тэргүүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах ёстой. Энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, 2011 оноос хойш “Талх чихэр” компани 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан. 2014 оноос “Мах маркет” компани гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 40-60 хувиар бууруулсан. Энэ мэт сайн туршлагыг бусад аж ахуйн нэгжүүдэд хүргэхийг зорьж байна” гэлээ.

Түүнчлэн давс нь  хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалалт, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог. Бидний өдөр тутам хэрэглэдэг давс нь Натри, Хлор гэсэн химийн хоёр элементээс тогтдог.

Бөөр нь хэвийн үед хүний биед байх давсны хэмжээг зохицуулдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Харин илүүдэл хэмжээтэй давс, хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог байна. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 гр-аас ихэсдэг. Биед натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна. Ингэж бөөрөөр кальцаа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч амархан хугардаг. Тиймээс Монгол улс  хүн амын  давсны хэрэглээг бууруулах  зайлшгүй шаардлага тулгарч  байгааг мэргэжилтнүүд  хэлж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-03-13

    давсны мэдээлэл суртчилгаа давсны хэрэглээг бууруулах

arrow icon