Нийтлэл 03 сарын 30, 2018

Хүүхдийн шүдийг хорхойтохоос хэрхэн хамгаалах вэ?

Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ. Шүдний цоорол үүсэх нь дараах хүчин зүйлүүдээс  хамаарч байдаг.

Үүнд: 
1. Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн 
2. Шүлс, түүний найрлага, хэмжээ 
3. Хооллолтын буруу дэглэм

4.Цаг хугацаа, буруу дадал зуршил 

5. Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.

 Шүд хорхойтох өвчин бол халдварладаг өвчин

Дөнгөж төрсөн хүүхдийн амны хөндийд шүдийг хорхойтуулж, цоорол үүсгэдэг эмгэг төрөгч нянгууд оршдоггүй байна. Түүнийг халдааж өвчлүүлдэг хүчин зүйлүүдийн нэг нь тухайн хүүхдийн гэр бүлийн гишүүд байдаг ба нэг аяга тавагнаас хооллох, амнаас аманд дамжуулах, уруул дээр нь үнсэх зэргээс үүдэн гэр бүлийн гишүүдийн амны хөндийн нянгууд хүүхдэд халдварладаг байна. Иймээс та хүүхдээ эрүүл цагаан шүдтэй байлгахыг хүсвэл хоолоо амаар дамжуулахгүй байх, хүүхдээ эрхлүүлж энхрийлэхдээ хошуу уруул дээр нь үнсэхгүй байхыг хичээгээрэй.

Угжны буруу хэрэглээнээс болж эрт үеийн цоорол үүсдэг

Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries  гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.

Хумс хэмлэх, шүд хавирах буруу зуршлаас болж амны хөндий өвчилдөг

 Хүүхдэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ?

Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.

Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.

Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд  хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.

Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.

 Чихэр амттанг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй

Шүд хорхойтох гэдэг нь хоол хүнсэнд агуулагдаж буй чихэрээс ялгарсан хүчил шүдийг хайлуулж шүдэнд цоорол үүсэхийг хэлдэг. Тиймээс шүд хорхойтохоос хамгаалахын тулд, гол үүсгэгч болох чихрийг амандаа тээж хадгалахгүй байх, амны хөндийн хүчиллэг орчинг аль болох бага үүсгэх нь чухал юм. Хэрвээ хүүхэд тань чихэрлэг зүйл угсруулан ихээр идвэл, аманд урт хугацааны турш хүчиллэг орчин үүсч, шүд хорхойтохдоо амархан болно. Тиймээс чихэр амттанг тогтсон цагт идүүлэх, идүүснийхээ дараа шүдийг нь заавал угаалгах, шүд угаах боломжгүй үед ус, цай хэрэглэж аман дахь чихрийг зайлж цэвэрлэх нь чухал юм. Мөн хүүхэддээ чихэр агуулаагүй амттанг идүүлж, чихрийн оронд Xylitol-той бохь, амттанг хэрэглүүлхийг хичээгээрэй.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon