Нийтлэл 04 сарын 04, 2018

Авто машины эд анги хулгайлагчдын гол бай нь Приус 20

Өглөө ажилдаа явахаар гартал байрны гадаа “Одоо яах вэ. Машинаа ер нь хаана байрлуулах ёстой вэ” гэж хэсэг хүмүүс бужигнаж байв. Юу болсныг тодруулахад  Нэлээд хэдэн машины урд талын гурвалжин цонхыг хагалсан байв. Ихэнх нь "Toyota prius 20" маркийн машин байна. Зарим машин нь дохиололтой учир шилийг нь бүрэн хагалж амжаагүй байлаа. Баянзүрх дүүргийн 18-р хороо 38-р байрыг тойрон зай завсаргүй байрлуулсан машинуудаас дор хаяж 10 машин шилээ цохиулж, зарим нэг нь тольныхоо хавтасыг алджээ. 

Ер нь энэ байранд энэ мэт хулгай байнга гардгийг оршин суугчид ч хэлж байна. Хохирогчидын дунд хэд хэдэн удаа машиныхаа шилийг хагалуулж, толио алдсан хүн байх төдийгүй цагдаад гомдол гаргахгүй гэж байлаа. Учрыг лавлабал “

"Цагдаад гомдол мэдүүлээд хэрэггүй байдаг юм билээ. Тэд хэргийг бүртгэж аваад л өнгөрдөг. Миний хувьд хэд хэдэн удаа толины хавтасаа алдаж, гурвалжин шилээ цохиулж байсан. Цагдаа нар тэгж ингэсгээд л өнгөрдөг юм.  Би дахин ийм хэрэг гаргахгүй байх талаар анхаарч ажиллаасай гэсэн үүднээс цагдаад мэдээлэл өгсөн " гэж иргэн Б ярив.

Харин бид энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс тодруулахад:

"Бид 38-р байранд өглөө очиж нөхцөл байдалтай танилцсан. Зургийг дарж баталгаажуулсан. Одоо гомдлын дагуу хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Өргөдөл гомдлыг цаг алдалгүй хүлээж авч байна. Гэвч үнэнийг хэлэхэд хулгайчид байнга эргэлддэг хэсэг  газар бий. Манай хэсгийн хувьд БЗД-йин 18,15, 2 гээд гурван хороо хариуцан ажилладаг. Энэ хэсэгт ийм төрлийн  гэмт хэрэг гардаг. Бид үнэхээр их ачаалалтай ажилладаг.  Тиймээс бид энэ байдлаа удирдлагууддаа танилцуулж хэрэг гардаг хэсгүүдэд байнгын явган эргүүл явуулж байх санал тавьсан. Иргэдийн санал гомдлыг аль болох шийдэж өгөхийг хичээн ажиллаж байна" гэсэн юм.

Нийслэл хотод хамгийн их байдаг нь  “Тоёота Приус” маркийн авто машин. Тиймээс үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн. Харин энэ их эрэлт хэрэгцээг далимдуулж авто машины эд ангийн хулгай ч бас  нэмэгджээ. 

Хулгайчдын гол бай нь "Тоёото приус-20” автомашины толь, хучлага, дугуй. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны төвүүдийн ченжүүд “Приус-20” маркийн автомашины оригинал толийг 350 мянган төгрөгөөр зардаг.  Харин Хятадаас оруулж ирсэн гэх толийг дохиотой болон дохиогүйгээс нь хамаарч 250-350 мянган төгрөгөөр борлуулдаг.  Мөн автомашины толийг хулгайлаад фэйсбүүкээр дамжуулан 250-350 мянган төгрөгөөр зардаг хэсэг бүлэг хүмүүс ч байдаг гэнэ.

Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг.

Харин энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. 

Уг нь  сэжиг бүхий эд зүйлийг зарж, борлуулах гэж байгаа үйлдэлтэй таарсан бол тухайн зүйлийг нь хураан авах буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй байдаг. Гэсэн ч  ашиг хонжоо олох үүднээс ченжүүд хулгайн толь гэдгийг нь мэдсээр байж худалдан авдаг учир энэ төрлийн гэмт хэрэг улам нэмэгдсээр л байна. 

 

Сэтгэгдэл бичих

    • 88208400
    • 2018-04-05

    prius tolin deer nomer siilj ogch bna.Arilahgui huulrahgui.une 2toli 2 ayaga niileed 5000. utas 88208400

arrow icon