Нийтлэл 04 сарын 17, 2018

Хүүхдийн мөнгөнд 41 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр   Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: "Хүүхдийн мөнгөнд 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах гэж байна вэ". Тодотгол хийх үү" гэсэн асуудлыг тодрууллаа. Энэ талаар зарим гишүүдийн сэтгэгдлийг хүргэе. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Одоогийн байдлаар тодотгол хийх нөхцөл бүрдээгүй. Нэмэлт хөрөнгө гаргахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд зарцуулах мөнгийг тэрхүү хөрөнгөөс гаргах юм".

 Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:"Төсвийн жилийн дундуур хүүхдийн мөнгөний асуудлыг оруулж ирж байгаа нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг тул Засгийн газар хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй".

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй".

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:"Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй".

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Улс орны эдийн засгийн байдалдаа үндэслээд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгөхөөр болж байгааг дэмжиж байна. Өнөөдрийн Монгол улсны эдийн засаг ямар байгааг Сангийн яам зөв тодорхойлж байгаа байх. Улс орны эдийн засаг сайжирсаны дараа үлдсэн хорин хувьд өгч болох юм. Үнэхээр хүүхдийн мөнгөд зорилж байгаа мөнгө өрх толгойлсон, амжиргаагаа авч явж байгаа зорилтот бүлгийн хүмүүст нэмж өгдөг болох нь зөв". 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "0-18 насны нэг сая 42 мянга хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүддээ ялгалгүй 100 хувь өгөх боломж яагаад ч байхгүй байна уу. Энэ бол тусламж хандив биш. Хүн амаа өсгөх бодлого шүү дээ".

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор хуульчилсаныг нийт гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon