Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагай юм. Тиймээс нийслэлээс эхний ээлжинд 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Энэхүү ажлыг Чингэлтэй дүүргийн VII хорооноос эхэлж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд:“Бид 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлын эхлэл бол Чингэлтэй дүүргийн VII хороонд байгуулах “Дэд бүтцийн төв” юм. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байна.Тиймээс хамгийн анхны дэд бүтцийн төвийг байгуулж буй Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэд бусад гэр хорооллын иргэддээ үлгэр жишээч байж, төр, хувийн хэвшилтэйгээ нягт хамран ажиллах нь чухал”
“Дэд бүтцийн төв”-д холбогдох иргэд өөрийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах, өөр тохирсон дотоод сантехникийн шийдлээ сонгон хашааны урдуур өнгөрч буй халуун, хүйтэн ус, бохирын усны төв шугамтай холбох зардлаа хариуцах аж. Нийслэлийн зүгээс иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран байгуулсан “Ногоон сан”-гаас хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн тус хэсэгт хувийн байшингүй буюу гэрт амьдардаг өрхүүд олон бий. Эдгээр өрхүүдийг хувийн байшингаа барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар, БХБЯ-наас ипотекийн зээлд хамруулах төслийг боловсруулж байгааг Хотын удирдлагууд онцолж байв.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын дарга Ч.Батбилэг: “
Нэг дэд бүтцийн төв байгуулахад байршлаасаа шалтгаалан 5-7 тэрбум төгрөг шаардлагатай. Чингэлтэй дүүргийн VII хороонд байгуулах төвд 5 тэрбум төгрөг зарцуулах төсөл боловсруулсан.
Энэ төв гэр хороолын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон холбооны хэрэгслээр бүрэн хангах юм. Мөн ногоон байгууламж болон хиймэл нуур байгуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцлийг бүрдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2018 онд 11 байршилд “Дэд бүтцийн төв” байгуулах судалгаа хийснээс эхний ээлжинд хоёр байршилд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр сонгосон юм. Хоёр дахь төвийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Харин2020 он гэхэд 50 байршилд уг төвийг байгуулна
. Ингэснээр нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад томоохон түлхэц үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр “Дэд бүтцийн төв” -д холбогдсон хашааны газрын ханш 3-4 дахин өснө гэсэн тоооцоолол бий” гэлээ.
Сэтгэгдэл бичих