Жилийн дөрвөн улиралд гудманд бохь, үлгэрийн ном, машины үнэртүүлэгч, самар зэргийг зардаг хэсэг хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь суралцахын хажуугаар ажил хийдэг. Энэ байдал хичээл сургууль амармагц зуны улиралд бүр ч их нэмэгддэг
. Эцэг эх, амьдралын нөхцөл бололцооноосоо хамаарч хөдөлмөр эрхлэх, ямар нэгэн байдлаар мөнгө олох арга замыг эрэлхийлдэг нь хөдөлмөрийн амтыг мэдэрч ажилд суралцах сайн талтай ч сөрөг тал нь давамгайлна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь өрхийн бизнест тусалж цалин хөлсгүйгээр ажилладаг бол, 10 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Хүүхдүүд аюултай, хортой эсвэл тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаагийн гол шалтгаан нь нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн цогц бодлогогүй, эцэг эхийн үүрэг хариуцлага сул зэрэг асуудлуудтай холбоотой.
Уг нь хүүхдүүд зуны амралт, чөлөөт цагаараа хөнгөн хөдөлмөр эрхэлж болох боловч байнгын хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн сурах, боловсрох, хөгжих, өөрийгөө таньж, мэдэж, авьяас чадвараа нээн илрүүлэх цаг хугацаа хумигдаж, тэдний эрх зөрчигдөхөд хүргэнэ
Харин тэдний эрхэлж буй ажил нь ихэнхдээ хүүхэд биеэ үнэлэх, уул уурхай тэр дундаа бичил уурхайн орчимд ажиллах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хортой нөхцөл орчин болох барилгын салбарын ажил эрхлэлт давамгайлдаг.
Нөгөөтээгүүр цалингийн асуудал. Насанд хүрсэн барилгын туслах ажилтан сард 800 мянга ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байхад хүүхдүүд 200-600 мянга хүртэл төгрөгийн цалин авч байна. Гэтэл ажиллах цаг, нөхцөл нь насанд хүрсэн ажилчидтай ижилхэн байдаг нь харамсалтай
. Дээр нь нэмээд шувууны бага нь жиргэдэг хэмээх үгээр бамбай болгож орой барилгын ажил дуусахад үлдсэн цэвэрлэгээг хүүхдүүд л хийдэг.
Зарим тохиолдолд цалинг нь огт өгөхгүй янз бүрийн шалтаг хэлэх хөөх нь бий. Учир нь түүнийг ажилласан гэх ямар ч баталгаа байхгүй. Хөдөлмөрийн гэрээгүй учир цалингаа нэхэмжлэх ямар ч үндэслэл байдаггүй тухай 14 настай Г.Учрал ярьсан юм.
“Манайх их олуулаа. Би дөрвөн дүүтэй. Аав маань л ажил хийдэг. Ээж дүү нараа хараад гэртээ байдаг учир би аавдаа туслаад цагийн ажил хийдэг юм. Гэхдээ зуны амралтаараа л даа. Зарим газар намайг өхөөрдөөд яг ажилласан цалинг маань өгдөг. Зарим нь чи дутуу хийсэн гээд өгдөггүй юм. Би өнгөрсөн зун 1 сар цайны газарт үйлчлэгч хийсэн юм л даа. Өглөө 9 цагт ирээд өдөр 5 цаг хүртэл аяга тавга угаадаг. Тэгээд цалинг чинь бөөнд нь өгнө гэсэн болохоор ажлаасаа гарахдаа цалингаа авах гэтэл дутуу өгсөн. Яагаад гэж лавлахад чи тэр өдөр хоцорсон, тэр өдөр эрт гарсан, тэдэн ширхэг аяга хагалсан, бас дутуу угаасан гэх мэт шалтаг тоочсоор 100 мянган төгрөг л өгсөн".
Энэ мэт хүүхэд насны хайр, халамжийг мэдрэлгүй яваа олон хүүхэд бий. Харамсалтай нь энэ асуудлыг аль хэдийн байх ёстой мэтээр хүлээн авч хэвшсэн Монгол сэтгэхүй хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг мөлжихийг зөвшөөрсөөр.
Сэтгэгдэл бичих