Нийтлэл 04 сарын 23, 2018

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцэлнэ

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: “Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар  Монгол улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай” хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

 

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены  асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч “Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.

 

Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.

Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад  тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй” гэлээ. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon