Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160 000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм.
Харин одооноос энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж байна. Тодруулбал төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах, лагийг үнэргүйжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа юм. Эдгээр нь энэ оны 7 дугаар сард ашиглалтад орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Мөн лагийн талбай руу шахаж байгаа түүхий лагийг хэт авианы төхөөрөмжөөр оруулснаар лаган дахь нян бактери устаж халдваргүйжих юм байна. Энэ төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд туршилт хийгдэж эхэлжээ. Өдөр тутам шахаж байгаа түүхий лаганд сибфлок гэж бодис найруулж хольж шахсанаар лагийн талбайд шахагдсан лагийн ус хурдан ялгарч, хэмжээ нь багасч, хурдан хатах, бактерийн тусламжтайгаар лагийг идүүлж улмаар үнэргүй бордоо болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм
.
Сэтгэгдэл бичих