УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төсөлд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай шийдвэрийг тусгасан. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгийг олгодог. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг ийн нэмэгдүүлэхдээ Засгийн газар Олон улсын валютын сантай тодорхой хугацааны яриа хэлэлцээ хийсний үр дүнд нэмэхээр ярьж тохирсон болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан. Харин УИХ дахь бүлгийн гишүүд өөр саналтай байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Монголын улстөрийн түүхэнд хүүхдийн мөнгийг улстөржилгүй шийдэж ирсэн асуудал бол хүүхдийн мөнгө
. Өнөөдөр олон хүүхэдтэй эцэг эхчүүд санхүүгийн хүнд нөхцөлд амьдарч байна. Ийм цаг үед Монголын төр оновчтой, ухаалаг шийдэл гаргах хэрэгтэй. Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг аль алиныг нь дэмжих нь зүйтэй".
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "Ямар аав ээжийн хүүхэд байхаас хамаарч хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох асуудлыг нэг зэрэг хэлэлцэх хэрэгтэй"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эдийн засгийн өсөлт гарч, гадаад худалдаа хөгжиж байгаа энэ үед хүүхдийн мөнгөд биш төрийн албанд ажиллаж буй багш, эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй байна. Дараа нь эдийн засаг бүр илүү сайжирахаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болно. Одоохондоо 80 хувьд нь олгож байсан дээр.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Хэн нь хүүхдэд илүү хайртай вэ гэдэг шоу хийх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох эсвэл нийтэд нь олгох нь аль нь илүү ашиг тустай вэ гэдгийг нэн тэргүүнд бодолцож үзэх хэрэгтэй
. Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Ер нь бол хүүхдийн мөнгөний асуудалд хөнгөн хандаж болохгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат : "Зорилтот бүлэг гэж хүүхдэд байхгүй. Монголд баян, ядуу гэсэн хүүхдийн ойлголт байх ёсгүй
. Хүүхдэд олгох мөнгө бол Монгол хүүхдийн төлөө зориулж байгаа хөрөнгө оруулалт. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох гэж ОУВС-тай хэлэлцээр хийсэн чинь худлаа. 2020 онд сонгуулийн өмнө дахиад л ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр хүүхдэд мөнгийг 100 хувь олгохоор боллоо гэж ярих вий. ОУВС манай улсын хүүхдэд олгох мөнгийг мэддэг болсон юм уу" гэлээ.
Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд уг тогтоолын төслийг цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Ингэснээр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэх болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
үхэж байсан хүүрнүүд
үхэж байсан хүүрнүүд үйлийн үрээ эдлэнэ дээ хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод