Нийтлэл 05 сарын 08, 2018

СУДАЛГАА: Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ буурч байна

 Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг  800 иргэнээс 2018 оны 04-р сарын 29-30-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 10 оноогоор үнэлнэ үү гэсэн асуултад судалгаанд оролцогчид 6 оноогоор үнэлжээ. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 10 сарын хугацаанд хийсэн судалгаагаагаар түүний үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ буурсаар байна. 

Судалгаанд оролцогчид Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 6 оноогоор дүгнэсэн бол Ерөнхий сайдын үйл ажиллагааг 4.9 оноогоор дүгнэжээ.

Гэхдээ энэхүү үзүүлэлт нь өмнөх хоёр Ерөнхий сайдын үйл ажиллагаанд өгч байсан үзүүлэлтүүдээс өндөр байгаа нь доорх графикаас харагдаж байна. 

Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг 10 оноогоор үнэлэхэд иргэдийн зүгээс 3.3 оноо өгчээ. 

УИХ-ын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна.

 Эрх баригч МАН-ын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ 0.2 баллаар нэмэгдсэн бол сөрөг хүчний үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ 0.1 баллаар нэмэгдсэн байна. Сүүлийн 10 сарын туршид хийсэн судалгаанаас харахад сөрөг хүчинд өгөх иргэдийн үнэлгээ эрх баригч хүчинд өгсөн үнэлгээнээс өндөр байсаар байна. 

Та одоо аль намыг дэмжиж байна вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 15 хувь нь МАН-ыг, 18 хувь нь АН-ыг, 7 хувь нь МАХН-ыг дэмждэг гэж хариулсан бол аль ч намыг дэмждэггүй гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь хариулжээ. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon