Нийтлэл 05 сарын 09, 2018

БОДИТ БАЙДАЛ: Оюутан сурагчид хямд үнэтэй илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн хэрэглэдэг

Бид өмнөх сурвалжлагаараа сургуулийн орчин дахь хоол хүнсний хадгалалт, чанар стандартыг хөндөж байсан бол энэ удаа сургуулийн орчинд хориглох хоол хүнсний болон бэлэн бүтээгдэхүүний тухай дэлгэрэхнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал "Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам"-ын гуравдугаар хавсралтанд хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дараах жагсаалтыг баталсан байдаг. 

Монгол улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт:

Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

Өндөг, хуурай өндөг, майонез

Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

Кофе

Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

Дулааны боловсруулалтанд орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтанд дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан

Гэтэл сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсэнд дараах бүтээгдэхүүний ихэнхи нь ордог. 

Чихэр - Shokolatе bean, Chupa chups, Bon bon, Bebeto, Ali baba, тэсэрдэг чихэр, Mаом, аньстай үрэл

Шоколад - Snikers, Аlpen gold, Тэмүүка,

Жигнэмэг - Хрустик, Сумо, Счастливый день, Контик, Джек, Чук кек, Мон Амур,Корсарз, Артек

Нарийн боов - Напелеон, кекс, эклер, торт

Чипс - Chipso, Potato chips, попкорн, Ob, Lays chips, Khaan chips, Amt chips

Түргэн хоол - пирожки, ороомог, мантуун бууз, кимбаб, хуушуур, пицца, хотдог, гамбургэр

Зайрмаг - Мамбо, Хаан зайрмаг, Морозко, Маша, Jerry, Доктор, Бүжин, Боролдой, Berryvit, Батос, Бабулай, Бамбар, Аляска, аарцтай зайрмаг

Хоол - цуйван, соустай будаа, шарсан зайдас, нийслэл салат, будаатай хуурга, өндөг

Ундаа - үзэмний шүүс, Маамуу ундаа, Гоё ундаа, Fuze tea, Кока кола, Сhewy fruit, Зөв аарцны ундаа, Сор сор, Жүржийн талст, Мульти, Доктор жүүс, Анар ундаа, 370 ундаа

Жимс - мандарин, хар чавга, хатаасан банана, алим

Сүүн бүтээгдэхүүн - Chokolate milk, Сливочный иогурт, Rio тараг, Монфреш сүү, Маамуу сүү, Гоё тараг, Анар сүүн ундаа

Эдгээр бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээг авч үзвэл:

Ундаа - Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд  шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.

Пирожки – Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Жигнэмэг, өрмөнцөр - Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн - Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч дутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаажилттай жимсийг худалдаалахыг нэмэгдүүлэх  шаардлагатай бөгөөд сургуулийн цайны газарт зориулалтын уусмалаар угааж цэвэрлэн хэрэглэхэд бэлэн болгосон жимсийг худалдах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь сургууль дээр сургуулийн буфетэнд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Гэтэл тухайн бүтээгдэхүүнийг худалдаалж буй газар нь бүтээгдэхүүнийг зориулалтын  сав бөглөө боодолгүй хадгалах горимын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг дахин хэлье.

 

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 

 

Холбоотой нийтлэл: БИ ШААРДАХ ЭРХТЭЙ: Хүнсний бүтээгдэхүүний шошго стандартаа мөрд

 

Сэтгэгдэл бичих

arrow icon