Псевдо шинжлэх ухааныг хулхи шинжлэх ухаан, хуурамч мэдээлэл гэлтэй. Яригсад, дагалдагсад нь шинжлэх ухаан хэмээн итгэн (итгүүлэн) яривч ШУ-ы онол аргазүйгүй бодит бус хийсвэрлэл ихтэй, сэтгэл хөөрлөөр хачирласан мэдээллийн цуглуулга төдийгүй энэ талаар (энд) дэлгэрэнгүй бичсэн. Энэ удаад жинхэнэ хуурамч мэдлэгийг ялгаж салган, аливаад бат суурьтай байгаасай гэсэндээ заримдаг ШУ-ыг ялган таних зарим нийтлэг шинжийг толилуулж байна. Хэн нэгнийг шүүмжлэн уруудуулах гэсэнгүй. Шороон дундаас шижир алт тунаран үлддэгийн адилаар цагийн эрхээр магад үнэн зүйл шигшигдэн үлдэх жамтай
.
Цол гуншин
Тухайн онол, ойлголтыг тайлбарлан ухуулагч нь дааж барагдахгүй олон гуншинтай эрхэм, эсвэл ихээхэн нэр хүндтэй, хүндлэл хүлээхүйц байх нь цөөнгүй. Олон ч академийн академич, янз бүрийн холбооны гишүүн, шагнал өргөмжлөл арвин их. Үнэхээр мэргэжлийнхэндээ зөвшөөрөгдсөн, үр бүтээлтэй, маргашгүй бодитой олон хүн байдагтай маргашгүй. Гэхдээ академи нэртэй бүхэн жинхэнэ академи байх эсэх, ажил үйлдэл нь академик, шинжлэх ухааныг дээдэлсэн байх эсэх нь эргэлзээтэй. Хүссэн хэн ч ямар ч нэртэй байгууллагыг үүсгэх, түүндээ гишүүн элсүүлэхэд нээлттэй. Жишээ нь, 200 гаруй жилийн үүх түүхтэй Нью Йоркийн Шинжлэх Ухааны Академид 135 ногоон төлөөд жилийн гишүүнчлэлтэй болж болно. Калифорнийн ШУА-д 249 ногооноор хүүхэд шуухадтайгаа элсээд гэр бүлээрээ академичид болоход саад тотгор байхгүй. Эсвэл гадны академи сахиж байхаар өөрсдөө дотооддоо “Дэлхийн ... ”, “Монголын ... ” академи байгуулаад академийн ерөнхийлөгч болчихоод, бусдад академич цол тараан биенээ хөөргөдөн, олныг хуйлруулах ажилдаа идэвхийлсэн нэгэнтэй ч таарч болно.
Цол гуншинд сэрэмжтэй хандагтун
Тайлбарлаж, ярьж буй онол нь байгаль ертөнц, нийгэм төрийн бүхий л үзэгдлийг тайлбарлах хүчтэй, олон талын супер онол
байна. Жинхэнэ шинжлэх ухааны ойлголт онолуудыг ойлгож хөгжүүлэхэд суурь мэдлэг, чадвар, логик, аргазүй зэрэг хэрэгтэй байдаг бол заримдаг шинжлэх ухааны онол сургаалийг хэнбугай ч ойлгохоор амархан, ялимгүй зүтгэл гаргаад хэнбугай ч онолыг үргэлжлүүлж болохоор байдаг. Мөн хэрэглээ нь энгийн. Мөн эм, цацлага, хүнсний тэжээл нь бүхий л өвчнийг анагаана, өвчингүй байсан ч улам эрүүлжүүлнэ, залуужуулна гэх мэт.
Универсаль, супер зүйлээс сэрэмжлэгтүн
Эсэргүүцэл, гомдол. Онолыг нь хүмүүс ойлгохгүй, албаар дардаг, мохоодог гэх шалтгаанаар эсэргүүцэгчдэд гомдоостой, ил далд муулаастай. Үнэндээ эрүүл сэтгэхүйтэй хүн бол заримдгуудтай доош орж тэрсэлдэхгүй, хир барагтай бол ялих шалихгүй зүйлтэй ноцолдож цагаа үрээд явахгүй. Хүн аливаа шинэ содон, онцгойг илүү сонирхдог тул хурц яриа, шүүмжлэл, гоморхол, содон дүр төрхөнд сортолзон сонирхдог. Зэрэмдэг хувь заяагаараа аяндаа чимээгүй болох ч заримдаг онолоо ярьж нийтийг хуйлруулж, мунхруулах үедээ нийтийн сэтгэлзүйг булингартуулах, мэдлэгийн системийг таслах аюултай
учир ихээхэн хор нөлөөтөй. Дэлхий ертөнц сөнөнө гэж бужигналдаад, лаа шүдэнз дэлгүүрт ор мөргүй дууссан учир олдохгүй нь, сүйрэх нь гээд сэтгэлээр унах нь гачлантай.
Системгүй холион бантанг шимтэн сонсохоосоо өмнө тухайн хүний сэтгэхүйн хувьд эрүүл эсэхийг сонжиход гэмгүй.
Онол тайлбарлагч нь суурь мэдлэг боловсролгүй, юу л бол юуг хамж шимж бантан хутгаад явах нь бий. Сайн дурын уран сайханчдаас гадна аль нэг шинжлэх ухааны зэрэгтэй ч тухайн чиглэлээсээ өөр шинжлэх ухаанд “нээлт” хийчихээд олныг хуйлруулах нь цөөнгүй. Хүн төрөлхтөний үүсэл гарлыг тайлбарлах онолыг нүдний эмч хүн дэвшүүлэн, боть номнууд нь монгол хэлнээ орчуулагдан манайхны олон ч хүнийг хуйлруулж, хэсэгтээ л маш гүйлгээтэй байв. Дотоодын жишээ ч нилээдгүй байдаг. Хөөрч ниссэн, хорссон, гоморхсон сэтгэлзүйн өөрчлөлтөө дарж чадалгүй бурсаар, түүнийг нь хэвлэл мэдээллээр шүүлтүүр цензургүй цувруулж үзүүлээд, мэдлэг дорой хэсэг нь даган хөөргөдөөд байдаг нь харамсалтай.
Мэргэжлийн эсэхийг нягтлагтун
Акроним, бакроним их хэрэглэн үг үсгийн чуулганаар хөөцөлдөх. Бакроним нь үгийг тухайн үгнийхээ утга санааг илэрхийлэх байдлаар үсэг үсгээр задлах. Жишээ нь, өтгөн гадагшлах биеийн хэсгийг нэрлэх үгийн бакронимоор манайхан хэсэгтээ өвчилсөн.
Ихэвчлэн хүний үүсэл, эрүүл мэндийн нууц, түүхийн хүрд, байгаль ертөнцийн үүсэл мөхөл зэрэг асуудлыг барьж авах нь олонтаа.
Жинхэнэ шинжлэх ухааны ажил бүтээл эхлээд мэргэжлийн хүрээнийхэнд чиглэгдсэн, мэргэжлийн хурал конференцид хэлэлцэгдэж, өгүүлэл нь мэргэжлийн сэтгүүлд хянагдан зөвшөөрөгдөж байж хэвлэгддэг бол заримдаг шинжлэх ухааныхны онол бүтээл нийтэд зориулагдсан, медиагаар шууд цацаж түгээгээд явах нь бий. Хэрэв онол сургаал нь хаа нэгтээ хэвлэгдсэн бол тухайн сэтгүүл нь эрдэм шинжилгээний бус, арилжааны шинжтэй. Ишлэгдсэн эх, сурвалж нь мэргэжлийн ШУ-ы бус ном, мэдээний сайт байх нь элбэг. Мөн эх сурвалжгүй, хэн нэгний хэлснийг, үлгэр домгийг баримт болгох нь ч бий.
Эх сурвалжийг нягтлагтун
Шинэ нэр томьёо. Шинжлэх ухааны салбар бүр өөрийн нэршил, хэллэг, ойлголттой байдаг. Нэгэнт тогтсон нэршил ойлголтыг шинэ ойлголтоор ашиглах боломжгүй учир шинэ нэршил гаргана
. Психоэнергетик, торсийн орон, парапсихологи, оргон энерги, рейки энерги, френологи гэх мэт.
“Чамин, ганган” нэршлээс сэрэмжлэгтүн
“Тайлбарлах шаардлагагүй”, “харваас илт”. Баталгаа нотолгоо шаардвал батлах шаардлагагүй, нүднээ ил хэмээн өгүүлэн итгүүлэхийг оролдоно. Бүх хүн ойлгочих энгийн хялбар зүйлсийн талаар нийтээрээ шаагиж шуураад эхлэх угаас эргэлзээтэй. Нийтийн анхаарлыг өөр зүйлд чиглүүлэх, асуудлыг бултуулах арга технологи, тархи угаалт, хууран мэхлэлт байж болзошгүй
. ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ (энд) нийтлэлийг сонирхоно уу.
Нарийн уялдаа холбоо, хэцүү хамаарал шалтгаантай ээдрээтэй хэцүү үзэгдлийг маш энгийн логикоор тайлбарлахыг оролдоно. “А бол Б юм чинь Б бол А”, “Би бол Төр”, “Бөх бол Төр” юм бол “Бөхийн өргөө Төрийн ордон” болчих нигууртай байх нь
.
Хэт энгийнээс сэрэмжлэгтүн
Хэн нэгэн эдгээр шинжийг агуулсан мэдээлэл өгүүлэх, шэйрлэх аваас заримдаг шинжлэх ухаан байх магадтайг санан унших итгэх, дагах эсэхээ эргэлзэн үзэхэд илүүдэхгүй.
Холбоотой нийтлэл:
ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН
ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ
Сэтгэгдэл бичих