Нийтлэл 08 сарын 20, 2018

Боловсрол чухал уу, яагаад?

Ирээдүй нь иргэдийнх нь мэдлэг чадвараас ихээхэн хамаарах учраас улс орон бүр л боловсролын системдээ чухал ач холбогдол өгч, бүтээмж өндөртэй хүмүүсийг хэрхэн бэлдэх тал дээр анхаарч байдаг.

Японд оюутан байхад боловсролын системээ нэлээд шүүмжилдэг нь анх нэлээд гайхшрал төрүүлж байв. Уул нь Toyota Sony хийдэг, үйлчилгээний соёлоор ч дэлхийд тэргүүлдэг гэгддэг улсын хүнээ бэлддэг технологи муугүй байх гэж бодож байлаа. Гэтэл шинийг сэтгээд, бодол санаагаа бусдад ойлгуулаад ажил хэрэг болгож чаддаг жинхэнэ бүтээлч хүмүүсийг сургуулиуд нь бэлтгэж чадаж байна уу гэдэг маргаан мэтгэлцээн хаа сайгүй. Ийнхүү шүүмжлэх шалтгаан нь арлын орныг дэлхийд гаргаж ирсэн электроник үйлдвэрэгчид дунд борлуулалтаараа Samsung-ийн талд нь ч хүрэх компани үгүй болсонтой нэлээд холбоотой байв. Sony л гэхэд 2012 онд түүхэндээ байгаагүй 6 тэрбум доллар давсан алдагдал хүлээж, 10 мянган ажилтнаа цомхотгохоо зарлаж байсан. Иймд улсаа эргүүлж босгох чадвартай хүмүүсийг бэлдэх нь Япончуудын гол асуудал болж байв. Тэгээд шийдлүүд дотор ” Aмерикчуудаас суралцах хэрэгтэй” гэх санаа нэлээд түгээмэл. Үнэхээр ч Harvard, Stanford нь дэлхийн ранкийг тэргүүлж, Apple Google нь орчин үеийн технологийн трэндийг тогтоож байгаа улсыг ийнхүү сонирхох нь ч зүй ёсны хэрэг биз.

Гэтэл нөгөө америкчууд нь ямар вэ гээд гээд сонирхоод үзэхээр ихэнх иргэд нь “тэнэг мангар” болоод, харин потенциальтай цөөхөн хэд нь “буруу” замаар яваад байна гэдэг зүйл тэдний санааг зовоох асуудал нь болж байв. Учир нь шинжлэх ухааны докторын топ програмуудадынх нь 50% нь гадаад оюутнууд. Ихэнх ухаантай америкчууд нь бизнесийн сургууль төгсөөд банкир болж дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал тарьж бусниулж байв. Дүнгээрээ топ 70%-д ч багтдаггүй оюутнууд дунд сургуулийн багш болж, сурагчид нь математик шинжлэх ухааны шалгалтын* дүнгээр бусад хөгжсөн орнууд дунд хойгуур жагсах болсон тул америкчууд ирээдүйдээ санаа зовохоос ч өөр аргагүй биз. Иймд сурагчид нь хамгийн мундаг гэгдэх Финлянд, Сингапур, Солонгос тэдний сонирхлыг ихээр татна.

Ер нь хөгжил дэвшилд хүрсэн орнууд дунд иргэддээ чанартай боловсрол эзэмшүүлж,  бүтээмж өндөртэй ажилтнууд бэлдснээр компаниудынхаа өрсөлдөх чадварыг сайжруулж эдийн засгийн амжилтанд хүрсэн нь их. Иргэд нь ч мэдлэг чадвартай болсноор зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэх зүйлсийг хийж, бүтээснийхээ хэрээр орлого олж санхүүгийн асуудлуудаа ч шийдсэн байдаг. Энэхүү тогтолцоог амжилттай байлгахын тулд хүнийг цэцэрлэгээс их сургууль хоорондох хугацаанд багтааж хэрхэн төгс ажлын машин болгох вэ гэдэг туршилтуудыг боловсролын системээрээ дамжуулж хийх нь их.

Гэхдээ

“Хүн бол ажлын машин, боловсролын систем бол түүний үйлдвэр”

гэдэг энэ загвар тодорхой золиостой. Жишээ нь Солонгос хөгжсөн орнууд дунд амиа хорлолтоор тэргүүлж, 10-30 настай хүмүүсийн 1 үхлийн шалтгаан нь амиа хорлолт болдог нь тохиолдол биш. Дэлхийд хамгийн урт цагаар хичээл хийн, хамгийн удаан цагаар ажилладаг Солонгос хүнд өндөр ачаалал нь архи, тамхи, депресс, гэр бүл салалт гээд олон асуудлуудыг үүрүүлжээ. Америкийг чирч яваа боловсролтой цөөнхийн хувь заяа ч бас амаргүй. Harvard, Yale төгссөн элитүүдийнх нь 70-80% нь сургуулиа төгсөөд 20-30 жилийн дараа аз жаргалгүй амьдардаг гэгддэг. Хэдийгээр тэд мөнгө эрх мэдэлтэй дэлхийн хамгийн хүчирхэг орны нийгэмд жинтэй байр суурь эзлэх чухал хүмүүс болдог ч энэ бүхний төлөө хувийн амьдралаа золиослоцгоодог аж. Энэхүү золиос заримынх нь хувьд аль оюутан байх цагаас нь л эхэлнэ. Амиа хорлолтоор топ 5-д ордог Америк сургуулиуд дотор MIT, Chicago нар ордог нь ч санамсаргүй зүйл биш. Техник хүртэл өндөр ачааллыг даалгүй эд анги нь эвдрэн салж унадаг шиг хүнийг ажлын машин болгохоор стрессээ даалгүй сэтгэлзүй нь нурах унан тохиолдолд гардаг аж...  

Харин боловсролгүй, ажилгүй үед золиос нь юу байдгийг Монголчууд бид мэднэ. Манай нийгмийн хувьд хоол байр унаа, хүүхдийн сургалт, хөгшчүүлийн эмчилгээ, өр зээл гэх мэт санхүүгийн асуудлууд бухимдал стрессийн том шалтгаан болж байгаа. Хэрэв бид зэс нүүрсээс өөр хүнд хэрэгтэй зүйлс хийгээд гадныханд зардаг болвол эдгээр асуудлууд аяндаа шийдэгдэнэ. Харамсалтай нь өнѳѳгийн Монгол хүний боловсрол шаардлага хангахгүй учир ийм боломж бага. Харин нэгэнт үүссэн бухимдал стрессээс түр ч болов зугтаж хөндийрөн сэтгэлийн амар тайвныг эрж олох хэрэгцээ шаардлага нийгэмд өндөр болжээ. Энэхүү хэрэгцээг олон янзаар хангаж байна. Архидалт хавтгайрч мухар сүсэг туйлширсан нь нэг талаас монголчууд шийдэж чадахгүй хэцүү асуудлуудаас зугтаж буй дүр зургийг тод харуулна. Дээр нь иргэдийн зовлон дээр тоглолт хийх улстөрчдийн популизм дэвэрч байгаа нь асуудлаа өөрөө шийдэх аргагүй тул хэн нэгнээр хялбар шийдүүлэх гэсэн массын сэтгэлзүйг бас давхар илтгэнэ.

Ямартаа ч Монголчууд шийдэл хайсаар л байна. Хэдийгээр өдийг хүртэл водка, мухар сүсэг, попуудад мэхлэгдэн төөрч бүдэрч яваа ч зогсолтгүй тэмтчин эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л явна.

Энэхүү эрлийн эцэст бид асуудлынхаа жинхэнэ шийдэл болох Монгол хүний бүтээмжийг дээшлүүлж, энгийн мунхруулга явуулгад тархигүй юм шиг хошуурахаас сэргийлэх оюуны дархлаатай болгох боловсролоо олж авна гэж найдна. Хэрэв мэддэг чаддаг зүйлтэй болоод зорилгодоо хүрэх оргилуун хүсэл нь өглөө эртлэн босох сэрүүлэг нь болдог хүн олширвол архинд живэх хүн нийгмийн асуудал биш болно. Өөрөө хувь заяаныхаа эзэн нь болох тул хоосон зүйл ярих популист ч, хуурамч бөө лам мүүний мунхруулганд автах хүн ч цөөрөх байх. Эрэлт нь буурснаар нийгэмд асуудал болоод байгаа эдгээр зүйлс массын хувьд хэрэгцээгүй зүйлс болон хувирах болов уу. Монгол мөнгө багаас болж үүсдэг стресстэй орон биш, цаг багаас болж үүсдэг стресстэй орон болтол хэр хугацаа эрэл хайгуул зарцуулах бол? 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Tsedo
    • 2018-09-10

    Үнэн гэж бодож байна шүү * Улам сэтгэн мэрийж ихийг хийгээрэй *

    • Tsedo
    • 2018-09-10

    Үнэн гэж бодож байна шүү * Улам сэтгэн мэрийж ихийг хийгээрэй *

    • Sss
    • 2018-09-01

    geed harahaar bolovsrol uls ornii hogjild chuhal noloo bhgu, niitlelch ee. Anglid odoo ch 10 hunii 1 ni bichig useggu. Yapon ch chanartai bolovsrol olgodog ih deed surguulitai ch oron bish ldee, ner hundeeree l yavaad bgaa yum

    • Зочин
    • 2018-08-25

    Mundag zaluu bna zev talaas ni bichih yumaa. Unshih durtai shuu

arrow icon