Нийтлэл 08 сарын 28, 2018

Э.Амарбаясгалан: Хүн бүр амьдралынхаа туршид хөрөнгө оруулагч байдаг

Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж “хөрөнгө оруулалтын библи” гэгдэх болсон Бенжамин Граэмийн Ухаалаг хөрөнгө оруулагч ном уншигчдад хүрээд удаагүй байна. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг сонирхох хүмүүс олширч буй энэ үед чухал хэрэгтэй энэхүү номыг уншигчдадаа хүргэсэн орчуулагч Э.Амарбаясгалантай уншигч та бүхнийг уулзуулж байна.

Хөрөнгө оруулалтын библи гэж үнэлэгддэг номыг монгол хэлнээ орчуулсан хүний хувьд мэдээж салбараа мэддэг, энэ салбарын мэргэжилтэн хүн байх. Та уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Энхсайханы Амарбаясгалан гэдэг. Би нийслэлийн 23-р сургуулийг төгсөөд АНУ-ын Жеоржиагийн Их Сургууль, Индианагийн Их Сургуулиудад бакалавр, магистрын цол хамгаалж үргэлжлүүлэн тэндээ корпорацийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 онд эх орондоо ирж Ньюком Групп, Голомт Банк, Голомт Капитал зэрэг байгууллагуудад ажилласан. Санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ болон Монгол Улсад нийтдээ 16 жил ажилласан туршлагатай. Одоогоор Монголын тэргүүний үнэт цаасны компанийн нэг Голомт Капиталын гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг. Манай компани МХБ дээрх анхны интернет арилжааны системийг нэвтрүүлсэн. Олон компанийн бонд гаргаснаас СҮҮ бонд маань МХБ-ийн хамгийн өндөр дүнтэй бонд болсон. Үндсэн ажлынхаа хажуугаар Тэтгэврийн Ууган Сан болон Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдээр сонгогдон ажиллаж байгаа.

Ухаалаг хөрөнгө оруулагч гэсэн номын нэрээс энэ ном зөв хөрөнгө оруулалтын тухай юм болов уу гэж таамагласан. Миний таамаглал зөв үү?
Энэ ном нь хөрөнгө оруулалтын чиглэлээр бичигдсэн шилдэг ном гэдэг дээр салбарын мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэхдээ үүний хажуугаар энэ номд түүх, сэтгэлзүй, сонгодог уран зохиолтой холбоотой хэсгүүд мөн гардаг. Энэ номыг орчуулж байхад уран зохиол, спорт, Англичууд болон Америкчуудад хүүхэд ахуй наснаас нь танил болсон боловч Монголчууд бидний сонсоогүй баатрууд, үг хэллэгүүдийг судлахад нэлээд цаг орсон.

Хөрөнгө оруулалтын номууд ихэвчлэн багц сонгох, анализ хийх зэргийн мэдээллийг өгдөг. Энэ номын онцлог нь юу вэ? 
Энэ ном танд “найдвартай хурдан баяжих арга” заахгүй. Түүний оронд хөрөнгө оруулалтын шийдвэр хийхэд шаардлагатай түүхэн мэдээлэл, ашиглаж болох арга барилуудад сургана. Ухаалаг хөрөнгө оруулагч номын онцлог нь бүх дүгнэлтүүд нь захын 100 жил, бүр түүнээс ч урт түүх дээр үндсэлсэн бараг түүхийн ном гэж хэлж болмоор. Түүх үргэлж давтагддаг гэдгийг нотолсон, логик сэтгэлгээ, математик тооцооллуудад бусад факторуудаас илүү ач холбогдол өгдөг, бас сэтгэлзүйгээ хэрхэн удирдах тал дээр үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдгөөрөө онцлог.

Түүх давтагддаг гэхээр их сонирхолтой сонсогдож байна. Номын агуулгаас дэлгэрэнгүй танилцуулаач.
1949 онд хэвлэгдсэн энэ номыг Граэм хэд хэдэн удаа шинэ мэдээлэлээр баяжуулж гаргасан ба хамгийн сүүлд 1972 онд шинэчилсэн байдаг. 2003 онд Уоллстрийт Журнал-ын нийтлэгч Жейсон Цвейг одоогийн зах зээлтэй уялдуулах үүднээс бүлэг болгоны ард тайлбар нэмсэн. Мөн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффеттийн нэмэлт материалууд ч номд багтсан. Сэдвийн хувьд: Инфляц, хөрөнгийн захын 100 жилийн түүх, Спекуляци болон хөрөнгө оруулалтын ялгаа, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд, Аггрессив болон пассив хөрөнгө оруулагчийн тус тусын багцын бодлого, мэргэжлийн бус хүнд зориулсан үнэт цаасны шинжилгээ, сургамжтай түүхүүд, хэрхэн брокероо сонгох зэрэг маш сонирхолтой агуулгатай.

Монголд хөрөнгийн зах зээл хөгжлийн ямар шатандаа явж байна вэ? Хувьцаа бонд гаргадаг хэдхэн компани байдаг. Ихэнх томоохон компаниуд ХХК байдаг шүү дээ. Тэгэхээр харьцангуй цөөн оролцогчтой хөрөнгийн захийн цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна?
Манай захын хөгжил энэ номыг анх гарч байсан үетэй их төстэй санагдсан. Энэ нь Монголын зах хөгжих асар их боломж байгааг харуулж байна. Нөгөөтээгүүр энэ номд гардаг алдаануудыг давталгүйгээр ашгаас нь хүртэх боломж бий. Хөрөнгийн зах хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад тун сонирхолтой болсон. Өнөөдөр бонд хувьцаа гаргах хүсэлтэй байгууллагууд маш их байна. Томоохон хувийн хэвшлийнхэн ч гэсэн энэ урсгалд нэгдэж байна. Манай захыг жижиг гэдэг боловч хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хэмжээ 17 их наяд төгрөг гэсэн албан бус тоо байдаг. Тэгэхээр хөрөнгийн захын эзлэх хувь бусад хөгжингүй захын адил өндөр хувь биш юмаа гэхэд 10-20% болоход л 1.7-3.4 их наяд төгрөг буюу нэг тэрбумаас илүү долларын хөрөнгө оруулалт болж, манай эдийн засагт тун эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг үү. Тэгэхээр дотоодын хувьцаандаа хөрөнгө оруулахгүй байгаа хадгаламж эзэмшигчид бодлоо өөрчлөх хэрэгтэй гэсэн үг үү?
Хадгаламжийн хүү унасаар байгаа нь өөрөө хадгаламж эзэмшигчдийг илүү өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн хайхад хүргэдэг. Гэхдээ номонд тайлбарласан шиг бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй. Хөрөнгийн багцаа хадгаламж, хувьцаа, бонд гэх мэт тараан байршуулах хэрэгтэй.

Хөрөнгийн зах одоо хүртэл бидний хүссэн түвшинд хөгжөөгүй шалтгааныг би засаглалтай холбоотой гэж үздэг. Хувьцаа цөөн хүмүүсийн гарт төвлөрч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч байгаа тохиолдлууд их гардаг. Шулуухан хэлэхэд цөөн хэдэн хүмүүс компанийн мөнгийг хувааж идээд жижиг хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиг хуваарилагдахгүй байна гэсэн үг. Ийм тохиолдолд манай зохицуулах байгууллагынхан хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн хувьцаа эзэмшигчид компанид шаардлага тавьж эрх ашгаа хамгаалдаг болмоор байна. Гэхдээ бас үлгэр жишээ засаглалтай компаниуд ч байгааг дурдах нь зүйтэй. Тэднийг зах өндрөөр үнэлж хувьцаа нь ч тогтмол өсдөг л дөө.

Өнөөдөр хүмүүс крипто валютыг сонирхох болж. Хувьцаа бондоор ч хөөцөлдөж үзээгүй хүмүүс шууд л крипто валют уруу хошуурч байх жишээтэй. Энэ талаар таны бодол?
Энэ номыг л унш гэж зөвлөмөөр байна. Миний хувьд үүнийг ойлгодоггүй, ойлгодог хүнийг ч олоогүй. Үнэ цэнийг нь математик аргаар тооцоолох боломжгүй болоод ирэхээр хөрөнгө оруулалт биш спекуляци болдог. Мөрийтэй тоглоом гэж ойлгоод алдахад харамсахааргүй дүнгээр тогловол болохгүй юм байхгүй гэхдээ өөрийгөө хөрөнгө оруулалт хийж байна гэж төөрөлдөх хэрэггүй. Криптотой холбоотой нэг эерэг зүйл бий болсон нь хүмүүс хөрөнгө оруулалт, хувьцааг ихээр сонирхдог болж.

Хөрөнгийн зах зээл хөгжлийн зөв шатандаа орвол Монголчуудад ямар ашигтай вэ? 
Одоо манай эдийн засаг бараг бүхлээрээ банк болон банк бусын санхүүжилт дээр тогтож байна. Арав хүрэхгүй хувь нь хөрөнгийн захаас санхүүждэг. Хүүгийн дарамт бизнесүүд дээр асар их байдгийг та бүхэн мэдэж байгаа. Олон бизнесүүд өндөр зээлтэй, нэмж зээл авах боломжгүй хүнд байдалд орсон байдаг. Хэрвээ бизнесүүд хөрөнгийн захаас хувьцаагаа зарж санхүүжилт татвал хүүгийн зардалгүй, эргүүлж төлөхгүй хөрөнгө босгож чадна. Ашигтай болсон үедээ хувьцаа эзэмшигчидтэйгээ ашгаа хувааж харилцан ашигтай ажиллах боломжтой. Энэ процесс нь банкны секторын эрсдлийг бууруулж нийт эдийн засагт эрүүл өсөлт авчирах болно. Компаниуд ашигтай ажиллаж баян болвол олон хүн ажилтай болно, цалин өснө, дэлхийн шилдэг технологи нэвтэрнэ гээд ач тусыг нь дурдаад баршгүй. Гэхдээ мэдээж хүмүүс хөрөнгийн захыг хөгжүүлнэ гээд болсон болоогүй хувьцаа авч болохгүй. Ухаалаг Хөрөнгө оруулагч болж багцаа сайтар төрөлжүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр эдийн засгийн хямралыг даван туулъя, хөрөнгө оруулалт татъя, тэгвэл манай улс хөгжинө гээд л засаг солигдох тоолонд л томчууд ярьдаг шүү дээ. Шийдэл нь энэ л номд бий юм биш үү? Ер нь Ухаалаг хөрөнгө оруулагч номыг монгол уншигчид яагаад унших ёстой вэ?
Хүн болгон амьдралынхаа туршид хөрөнгө оруулдаг. Заавал хувьцаа бонд авахгүйгээр ч гэсэн хөрөнгө оруулалт байнга хийж байдаг. Энэ үйл ажиллагаанд хүн бүр аль болох залуугаасаа суралцаж гайхалтай хөрөнгө оруулагч болдоггүй юмаа гэхэд ямар ч байсан санхүүгийн зорилгодоо хүрэх хэмжээний мэдлэг туршлагатай болох хэрэгтэй. Энэ ном уншигчдыг шилдэг арга барилаар хангаад зогсохгүй энэ салбарт элбэг тохиолддог хамаг мөнгөө алдах эрсдлүүдээс сэрэмжлүүлэх болно. Зарим хэсэгтээ анхан шатныханд ойлгоход хүндрэлтэй мөн уйтгартай санагдаж магадгүй, эцсийн эцэст санхүүгийн ном шүү дээ энэ чинь. 

Гэсэн ч энэ ном айл бүрт заавал байх ёстой, он удаан жилүүдэд ч ач тусаа өгсөөр байх ном юм. Ялангуяа манайх шиг ихэнх иргэд нь Таван Толгойн хувьцаа эзэмшигчид болсон улсад иргэд хөрөнгийн захын мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Ирээдүйд энэ номтой холбоотой хэлэлцүүлэг, сургалт хийх тул өргөнөөр оролцоно гэж найдаж байна. Та бүхэн Фэйсбүүк дээр “Ухаалаг Хөрөнгө Оруулагч-Intelligent Investor” группд нэгдээрэй.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon