БСШУСЯ, Япон Улсын гадаад хэргийн яам, Хүүхдийг ивээх сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл” хэрэгжиж эхэлжээ.
Тус төсөл хөтөлбөр нь энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ба 2021 он хүртэл нийт гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болоод байна. Мөн төслийн санхүүжилт болох 1.3 сая ам.долларыг Япон Улсын гадаад хэргийн яам олгож байгаа юм.
Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн 79,127-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 65,9-р сургууль, Чингэлтэй дүүргийн 39, 37-р сургууль, Өвөрхангай, Ховд аймгийн зарим сургуулиуд болон эдгээр аймаг, дүүргүүдийн Насан туршийн боловсрол олгох төвүүдийг зорилтот бүлэг болгон хамруулж ажиллахаар төлөвлөөд байгаа юм.
Тэгш хамруулан сургах үйл явц нь суралцагчдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэдний суралцах, хөгжих үйл явцыг дэмжиж, хамгийн тохиромжтой арга замыг олох тасралтгүй үйл явцыг хэлдэг байна. Мөн бүх хүүхдийг зохих насны боловсролд хамруулж, суралцах үйл явцад тэдний идэвхтэй оролцоог хангаж мөн сургалтын эцсийн үр дүнг дээшлүүлэх асуудал юм.
Төслийн зохицуулагч, Боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа
"Бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах энэхүү үзэл санаа зөвхөн Монголд бус дэлхийн бусад улс оронд ч мөн хэрэгжиж явдаг. Бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах үзэл санааг хэрэгжүүлэх гол түлхүүр бол сурагчдын багш болон суралцах орчин нөхцөл юм. Энэ бүх нөхцөл байдал бүрдэж байж хүүхэд амжилттай суралцах эрмэлзлээ олж авдаг гэж хэлж болно. Тийм ч учраас төслөөр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн багш нартай илүү сайн ажиллах болно. Багш нар эхлээд хүүхдээ таньж, илүү ойлголцдог болсны дараа тухайн хүүхэдтэй ажиллах арга барилаа олж, тогтоож, хичээлээс завсардуулахгүй, бусад хүүхдүүдтэй эн тэнцүү авч явах зарчмыг бид баримтлах юм"
гэсэн юм.
Төслөөр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш нарын арга зүйг сайжруулах, багш хүүхдийн үнэлгээний шинэ аргачлалыг боловсруулж, практикт хэрэгжүүлэх мөн эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд сурч боловсроход дэмжлэг үзүүлэх мөн насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын орчинг сайжруулж, хичээлийн бус цагаар албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх замаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
Хүүхдийн хөгжлийн ахиц дэвшил нь зөвхөн шалгалтын дүнгээр хязгаарлагдах бус сурах үйл явцын дүнгээр мөн тодорхойлогдож, хүүхдийн ахиц, сурах үйл явцын үнэлгээг чухалчилах нь зүйтэйг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.
Сэтгэгдэл бичих