Улаанбаатар хот ус зайлуулах хоолойгоо стандартын дагуу хийгээгүй болон авто зам тавихдаа чанаргүй, эдэлгээгүй зам тавьсныг ганцхан борооноор эвдэрч гэмтсэн замуудын нүх хэлээд өгнө. Уг нь Монгол улс замын стандарт журамтай. Хяналтын байгууллагагүй биш байгууллагатай. Гэвч барьсан зам жил хүрэхгүй хугацаанд эвдрэхэд хариуцлага хүлээдэг хүн олддоггүй
. Барьсан зам нь жилийн насгүй, засвар нь сарын насгүй. Энэ бүхний буруутан байхгүй.
Нэг мөр дэлхийн жишигт нийцсэн 20-50 жилийн настай зам барья
Замын чанар аюулгүй байдлын асуудал зөвхөн нийслэлд төдийгүй орон нутгийн замд ч анхаарах ёстой асуудал болоод байна. Ялангуяа энэ жил бороо хур их орж олон газар зам эвдэрч түүний хэрээр зам тээврийн осол гэмтэл гарсан. Энэ оны наймдугаар сарын байдлаар гэхэд л нийт 13 аймгийн нутаг дэвсгэрийн 29 байршилд 116 км зам усанд автаж эвдэрсэн. Эвдэрсэн замын гэмтлийг засварлахад урьдчилсан байдлаар 1.3 тэрбум төгрөгийн төсөв шаардагдах аж.
Энэ бол зөвхөн орон нутгийн замыг засварлахаар урьдчилан байдлаар төсөвлөсөн хөрөнгө. Гэхдээ энэ их хөрөнгө мөнгө олон хүний хөлс хөдөлмөрийг зарцуулан байж засварласан зам нь сарын дараа дахиад урсаад алга болчихвий.
Зам засвар түгжрэлийн нэг шалтгаан болдог
Намар болж хичээл сургуулийн ажил эхлэхтэй зэрэгцэн өөр нэг ажил шуурхайлж эхэлдэг нь зам засварын ажил.
Зунжин орсон бороонд эвдэрч гэмтсэн замыг засварлах ажлын бэлтгэл, хөрөнгө мөнгөний асуудал ярьсаар намартай золгон арай хийж ажлаа эхлүүлнэ. Хаа сайгүй зам засварын ажил хийгдэж гэж аравдугаар сар хүртэл зам хаадаг үзэгдэл жил бүр давтагдаж 2 зам дээр 200 машин явдаг байсан бол нэг зам 400 машин шахцалдан явах хэрэг гарна. Гэвч дараа зун болоход дахиад л зам засварын ажил харин намар нь түгжрэл эхэлдэг.
18-р зууны ЗАМ дээр 13-р зууны ХҮМҮҮС
Бид хорин нэгдүгээр зуунд техник технологийн хурдтай хөл нийлүүлэн алхаж хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, хамгийн сүүлийн үеийн машинаар гангарах боломжтой болсон ч хамгийн сайн хамгийн чанартай удаан эдэлгээтэй замаа барьж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд гайгүй биз дээ гэж муу зам барьж, гайгүй байлгүй дээ гэж хурд хэтрүүлсний балгаар зөвхөн зам тээврийн ослоор сүүлийн хоёр жилд 85 хүүхэд эндэж, энэ оны байдлаар 163 хүн нас барсан.
Эдгээр ослын буруутан нь ганц жилийн ч эдэлгээгүй чанаргүй зам тавьсан зам засварын компаниас гадна хурд хэтрүүлэн явсан жолооч таны ч буруу бий.
Сэтгэгдэл бичих