Нийтлэл 09 сарын 06, 2018

Байгаль хамгаалах ажилд төрийн оролцоо үгүйлэгдэж байна

Бидний сайн мэддэг бөгөөд ойлгохыг хүсдэггүй салбар бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар юм. Энэ салбараас  хуримтлагдсан татвар, хураамжаар нийгмийн халамж, цалин болон тэтгэвэрийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Гэвч уул уурхайн салбар нь Монголчуудын уламжлалт ахуй соёл, байгаль орчинд хандах хандлага маань энэ үнэнтэй үргэлж зөрчилддөг. Яг үүн дээр нь зарим нэг амбицтай нөхдүүд үргэлж дөрөөлөн олон нийтээс санал авах ба ихэнх уул уурхай компаниудын хоцрогдсон технологи, үйл ажиллагааны бүрэн төгс биш байдал нь уул уурхайн сөрөг талыг олон нийтэд сурталчилах таатай хөрс болдог.

Мэдээж ярианы гол сэдэв нь байгаль орчин, уурхайн нөхөн сэргээлт. Гэхдээ ихэнх тохиолдолд байгаль орчин эсвэл нөхөн сэргээлтийн талаар ямар ч ойлголтгүй нөхдүүд энэ талаар олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр эсвэл сошиал орчинд том сүртэй мэдэгдэл хийж байх нь түгээмэл.

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах гэж юуг хэлээд байгааг доорх зургаас харж ойлголт авч болно. 

Ашигт малтмал олборлох, олборолт хийгдсэн талбайг нөхөн сэргээх ажил нь нарийн төвөгтэй, шинжлэх ухааны судалгаа, туршилтад тулгуурласан цогц ажил бөгөөд захын байгаль орчноо гэсэн сэтгэлтэй нөхөр гүйж очоод хийчихдэг хялбархан ажил ч бас биш юм. Мэдээж байгаль орчны асуудал чухал хэдий олборлолтын нөлөө, нөхөн сэргээлт үр дүн нь бодит хэмжигдэхүйц байх нэн чухал юм. Тоон утгаар илэрхийлэгдэж хэмжигдээгүй тохиолдолд ч агуу технологи, хариуцлагатай байгаад ч хэн нэгэн “сэтгэлтэй тэмцэгч” нарын нүдээр л бүх ажил дүгнэгдэнэ. Тэдэнд нөхөн сэргээх ажлын гол зорилго нь тухайн ашигт малтмал олборлохоос өмнөх байсан ландшафт байгаль, экологийн нөхцлийг эргүүлэн сэргээн байгуулах цогц үйл явц бөгөөд өмнө нь энд ямар ландшафт, ямар био фаун байсан, нөхөн сэргээхдээ түүнийгээ ягштал нь мөрдсөн эсэх нь хамаагүй.

Ингээд иргэд, олон нийт эсвэл нөгөөх “сэтгэлтэй тэмцэгч” нарын сэтгэлд тааруулах гэж нөхөн сэргээлт хийж буй талбайд мод тарих, усан сан байгуулах, тариалалт хийх зэргээр нөхөн сэргээлт хийдэг. Харин бодит байдал дээр энэхүү үйлдэл нь тухай газар ашиглалтыг шал өөр хэлбэрт оруулж байгаа л явц бөгөөд энэ нь үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах зарчимтай огт хамааралгүй үйлдэл юм.

Ийм жишээг говь, хээрийн бүс дэхь олборолт явуулж байгаа уул уурхайн нөхөн сэргээлтийн явцад урд өмнө нь огт ой байгаагүй газарт мод тарих оролдлого хийж байгаагаас бид харж болно. Гэхдээ бодит байдлаар асуудлыг нарийн задалж харвал мод байгаль экологийн тохиромжтой газартаа л ой болон ургаж байгаа юм. Тийм учраас ийнхүү мод тарьж  нөхөн сэргээлт хийж буй нь байгаль, экологийн талаасаа огт ой болж ургах боломжгүй газарт хүний оролцоотой мод тарьж байгаа үйл явц бөгөөд уурхай бүрмөсөн хаагдах, арчилгааны санхүүжилтгүй болох үед уг ой нь тогтмол усалгаа, арчилгаагүйн улмаас цаашид бие даан ургах найдвар тун хомс болох юм. Иймд говь хээрийн нөхцөлд нөхөн сэргээх ажил нь  зарим талаасаа техник, технологийн хувьд хялбар байж болох ч нөхөн сэргээлтийн хүлээгдэх үр дүн нь иргэд, олон нийтийн болон бусад оролцогч талуудын хүлээлттэй төдийлөн нийцэхгүй байх магадлалтай.

Ийм ч учраас олон улсад дүйцүүлэн хамгаалах зарчмыг бий болгож буй бөгөөд уг аргыг манай оронд хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмуудад тулгуурлавал зохилтой. Үүнд:

Үр дүнг хэмжигдэхүйц, тооцох боломжтойгоор үнэлэх

Байгаль, экологи түүний жам ёсны орчинд ээлтэй

Ногоон хөгжлийн зарчимд тулгуурлан нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцсон гэх мэтээр

Бид байгаль орчныг хамгаалах хуулийн хүрээнд дүйцүүлэн хамгаалах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай эрх зүйн орчинг бий болгохоор холбогдох хуульд тусгасан боловч энэхүү ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай журам, дүрэм заавар, стандарт аргачилал, механизмийг бодитоор бий болгож чадаагүй нь дүйцүүлэн хамгаалах зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд бололцоогүй болгожээ. Иймд судлаачийн зүгээс дараах арга хэлбэрээр дүйцүүлэн хамгаалах ажлыг хэрэгжүүлж эхлэх, турших саналтай байна.

Дүйцүүлэн хамгаалах ажлын бодит үр дүнг Монгол орны ойн салбарт саяхан нэвтэрч эхлээд буй хүлэмжийн хийн шингээлтийг тооцоолох зарчимд тулгуурлан гаргах боломжтой. Мөн уг аргачлалын тусламжтайгаар дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр хэр хэмжээний хүлэмжийн хийг шингээж, байгаль экологийн хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг хялбархан тооцож гаргах боломжтой юм. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн шингээлтийг эдийн засгийн бодит эргэлтэнд оруулах явдал юм.

Мөн Монгол орны ойн сан бүхий аймгуудад албан тоогоор 1600 орчим ойн нөхөрлөл, ойролцоогоор 1.5 сая га талбай бүхий ойн санд ойг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр нөхөрлөлүүд хууль бус мод бэлтгэл, ойн түймрээс сэргийлж байгаа боловч ойд зайлшгүй хийгдэх шаардлагатай ойн аж ахуйн арга хэмжээний асуудлыг төсөв, зардалгүйн улмаас хойшлуулсаар ирлээ.

Хамтын эзэмшлийн ойн нөхөрлөлүүдийг тухайн ойн сангийн менежментийг хийхэд дэмжлэг үзүүлэхэд (ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх зардлыг санхүүжүүлэх тохиолдолд) 1.5 сая орчим га ой нь хөнөөлт шавж, өвчин болон түймрээс урьдчилан сэргийлэгдэж улмаар ойн эрүүл байдал хангагдах суурь нөхцөл бүрэлдэх бололцоотой болно. Ингэж ойн эрүүл байдлыг хангаснаар биологийн олон янз байдлыг хамгаалах, Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг биологийн болон экологийн эерэг өөрчлөлтийг бий болгох боломжтой.

Мөн ойн нөхөрлөлүүдийн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтын явцад бий болох модон түүхий эд нь банз, дүнз зэрэг зүсмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлага хангахгүй ч та бидний нэрлэж заншсан үртсэн хавтан (sawdust board), канад хавтан (chipboard), шахмал түлш зэргийг үйлдвэрлэхэд тохиромжтой түүхий эд гарах бололцоотой.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллийн хуудаснаас бид жил тутам 25 сая орчим ам.долларын 200 мянга гаруй квадрат метр үрсэн болон канад хавтанг янз бүрийн зориулалтаар хилээр импортлосон дүн мэдээг харах болох бөгөөд хэрэв энэхүү дотоодын эрэлтэнд тулгуурлан үртсэн болон канад хавтангийн үйлдвэрлэлийг байгуулвал

Ажилгүйдлийг бууруулах

Дотоодын зах зээлийг тэлэх

Ойн салбарын эдийн засагт оруулж буй нөлөөг нэмэх зэрэг боломжтой

Улмаар дүйцүүлэн хамгаалах зарчимд дурдагдсан ногоон хөгжлийн зарчмыг бодит ажил хэрэг болгох, нийгмийн болон эдийн засгийн нөхцлийг сайжруулах ач холбогдолтой.

Түүнчлэн Улаанбаатар хот жил тутам ойролцоогоор 700 мянга гаруй тонн түүхий нүүрс түлшний зориулалтаар хэрэглэж байгаа бөгөөд энэхүү нүүрснээс гарч буй нүүрсхүчлийн хий нь Улаанбаатарын агаарын бохирдолын үндсэн шалтгаан болж байна.

Жил болгон л янз бүрийн аргаар бохирдлыг бууруулах оролдлого хийж байгаа боловч нүүрсний хэрэглээг халахгүй л бол бодит байдлаар агаарын бохирдлыг бууруулах боломж үнэндээ байхгүй юм. Хэрэв тогтвортой ойн менежментийг уул уурхайн салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийж хөгжүүлснээр Монгол орны ойд хэвтэж буй 60 гаруй сая куб метр унанги модыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит боломж бий болох бөгөөд энэ нь шууд утгаараа ажлын байр бий болгох дам утгаараа агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах, нүүрсний хэрэглээг халах зэрэг бодит ач холбогдолтой юм. Энэ бүх үйл явцыг хамтын эзэмшлийн ойн нөхөрлөлүүдэд түшиглэн хэрэгжүүлэх бүрэн бололцоо байгаа бөгөөд гагцхүү эдийн засгийн болон төрийн бодит санаачлага, оролцоо үгүйлэгдэж байна.

Манай орны ойн салбар нь “Үндэсний Олон зорилтот Ойн тооллого”, “Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлтийг тооцох” ажлыг үе, үеийн ойн салбарын инженер, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн бөгөөд нь дүйцүүлэн хамгаалах ажлыг ойн санд хийж гүйцэтгэхэд техникийн болон мэргэжлийн чадавхи бүрэн бүрдсэн энэ үед ойн тогтвортой менежментийг уул уурхайн дүйцүүлэн хамгаалах зарчимтай хослуулан хэрэгжүүлэх нэн таатай үе ирээд байна.

Оролцогч талуудын аль нэгнийх нь санаачлагаар уг санал бодит ажил хэрэг болох тохиолдолд дүйцүүлэн хамгаалж буй ажлын үр дүн бодит хэмжигдэхүйц болж улмаар ойн салбар дахь хувийн болон улсын нийлсэн 600 орчим аж ахуйн нэгж хийх ажилтай, ойн мэргэжлийн 3000-4000 хүн тогтвортой ажлын байртай, 20 гаруй мянган гишүүдтэй ойн нөхөрлөлүүд ч ажил орлоготой болж ойн салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг ногоон хөгжлийн зарчмаар 3 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.   

 

Биологич Ч.Бат-Өлзий

МБОМХ

Сэтгэгдэл бичих

arrow icon