Нийтлэл 09 сарын 13, 2018

Итгэл найдвар, боломж- Улаанбаатар бүх нийтийн марафон болно

Ахиллис Интернэшнл Монголиа ТББ болон Ариг Банк 2015 оноос хойш хамтран зохион байгуулсаар ирсэн “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар” бүх нийтийн марафон энэ жил 9 сарын 15-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 насны ангилалд ахин өрнөх гэж байна. Үүгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой юм

Марафоны бүртгэл ба баталгаажуулалт Бямба гарагт нээлт эхлэхийн өмнө 07:00-09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр мөн үргэлжлэх юм.

Нийт гүйгчид 3, 5, 10, 21, 42км-ийн зайд тус тус оролцох бөгөөд дор бүрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй учир тус марафонд жил алдалгүй оролцдог гүйгчдийн тоо улам олширсоор байгаа юм. 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар марафон”-д давхардсан тоогоор нийт 3,000 гаруй хүн гүйж, 950 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад орон, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. 

Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйлсийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon