Нийтлэл 09 сарын 13, 2018

Бич! Бич! Бас дахин бич! Гараараа!

Та хэзээ хамгийн сүүлд дор хаяж тасралтгүй 10 минут үзэг гартаа барин тэмдэглэл хөтлөх ч юмуу хэдэн мөр сийрүүлсэн бэ. Сайндаа л дэлгүүрээс авах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, зарим нэгэн утасны дугаарыг л бичиж тэмдэглэсэн юм биш биз.

Компьютер, гар утас, таблет, зэрэг нь  бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглээ болсон өнөө үед ялангуяа залуусын дунд үзэг болон цаас нь эртний эдлэл болчихсон мэт. Харин эдгээр эртний эдлэлүүд нь хичнээн их үнэ цэнийг бидэнд эргүүлэн авчирч болдогийг саяхан батлагдсан судалгааны үр дүн болон өөрийн хувийн амьдрал дээрх жишээтэйгээ холбон тайлбарлая.

2014 онд Принстоны Их Сургуулийн сэтгүүл судлаач Пам А.Мюллер болон Лос Анжелес дахь Калифорниагийн Их Сургуулийн сэтгэл судлаач Даниел Оппенхаймер нар компьютер дээр тэмдэглэл хөтлөх, гараараа тэмдэглэл хөтлөх хоёрын хооронд тэнгэр газар шиг их ялгаа байгааг нээсэн юм. Тэд 67 оюутнуудад алгоритм, харх зэрэг төрөл бүрийн сэдвээр лекц сонсгож, зарим оюутнуудаар компьютер дээр тэмдэглэл хөтлүүлж, заримаар нь гараар тэмдэглэл хөтлүүлж. Тэдгээр оюутнуудаас лекцийн дараа тэр доор нь шалгалт аваад, долоо хоногийн дараа зөвхөн өөрсдийнх нь тэмдэглэлийг нь уншуулаад дахин шалгалт авав. Үр дүнд нь гараараа тэмдэглэл хөтөлсөн оюутнууд бусдаасаа илүү өндөр оноо авсан байна.

Гар бичмэл нь мэдээллийг удаан хугацаагаар тархинд хадгалах, тухайн сэдвийг гүн гүнзгий ойлгох, сайн сурахад эерэг нөлөөтэй ба энэ бүхэн нь гараараа юм бичиж байх явцад тархины үйл ажиллагаа эрчимждэгтэй нягт холбоотой аж. Гараараа бичих үед тухайн сэдвийнхээ талаар хүн давхар эргэцүүлж байдаг тул илүү гүн гүнзгий ойлгож авдаг. Энэ бүх процесс нь оюутнуудыг илүү сайн сурахад нөлөөлдөг аж. Эсрэгээрээ компьютер дээр бичих нь, ойлгож бичихээсээ илүү тухайн багшийн үг бүрийг алдалгүй бичих гэсэн оролдлогоноосоо болж тухайн сэдвийг гүн гүнзгий ойлгож авч чаддаггүй болохыг тэд онцлов. Мюллер хэлэхдээ “Хэдийгээр компьютер дээр тэмдэглэл хөтлөх нь илүү их хэмжээний мэдээллийг бичиж авч амжих ч, гараараа тэмдэглэл хөтлөх нь мэдээллийг илүү нарийн боловсруулах боломжийг олгодог. Улмаар гар бичмэлээр тэмдэглэл хөтөлсөн оюутнууд өндөр үзүүлэлттэй гарсан.”

Өнөөдөр бараг л бүх л сургуулийн оюутнууд өөрсдийн гэсэн компьютертэй болж, лекцийн танхимд дэвтэр гэхээсээ илүү нил Макбүүк л харагдах нь элбэг болсон. Компьютер дээр тэмдэглэл хөтлөх нь хурдан тэмдэглэхэд ач тустай байдаг ч урт хугацаанд үр дүн нь ийнхүү бага аж. Дашрамд хэлэхэд, Вашингтоны Их Сургуулийн тооцоогоор, их сургуулийн оюутнууд минутанд 33 үг компьютер дээр бичдэг бол гараараа тэмдэглэдэг оюутнууд 22 үг бичдэг байна.

Хэдийгээр дээрх туршилт нь лабораторийн орчинд явагдсан ч, ямар ч нөхцөлд ашиглах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа. Ажлын төлөвлөгөө, бизнесийн шинэ санааг боловсруулахдаа хүртэл гараараа буулгах нь илүү үр дүнтэй байдаг. Зүгээр тархиндаа бодох, тэрхүү бодлоо цаасан дээр буулгах төдийд л түүнийг хэрэгжүүлэх, боловсруулахад хүртэл асар их ялгаа бий. Тиймээс та бүхэн тэмдэглэлийн дэвтэр ч юмуу цаасан дээр ирээдүйн төлөвлөгөөгөө, бизнесийн санаагаа буулгаж явахыг зөвлөе. Ихэнх нь ямар нэг шинэ санаа орж ирэхэд л утасныхаа тэмдэглэл дээр хөтөлдөг байх. Харин оронд нь жижигхэн тэмдэглэлийн дэвтэр халаасандаа хийгээд утсан дээрээ тэмдэглэхийн оронд тэр дэвтэр дээрээ тэмдэглэхийг зөвлөж байна.

Харин одоо гараараа тэмдэглэл хөтлөх нь хэрхэн миний амьдралд өөрчлөлт оруулсантай танилцацгаая.

Миний хувьд өдгөө 6 жилийн турш тасралтгүй өдрийн тэмдэглэл орой бүр унтахынхаа өмнө бичиж байгаа. Үдэш бүрийн энэхүү 10-15 минутын өдрийн тэмдэглэл хөтлөх зуршил маань   намайг улам өөртөө итгэлтэй, зорилгоосоо хазайлгүй урагшаа тэмүүлдэг болгож, гуниг гутралгүй, стрессгүй, нойрны дутагдалгүй болгож чадсан юм. Өдрийн тэмдэглэл бичихдээ бүхэл бүтэн нэг нүүр дэвтрийн хуудсыг дүүртэл бичдэг тул чамгүй төвлөрөх боломжийг надад  олгодог.

Орой бүрийн энэхүү тэмдэглэл нь миний тархины хувьд томоохон фитнесс мөн бясалгал болдог. Унтахаасаа өмнө өдрийн тэмдэглэл бичсэнээрээ тухайн өдрийнхөө өөрийн хийсэн бүтээснээ дүгнэх боломж олгож, аравхан минут ч гэсэн өөрөө өөртэйгээ гүн ярилцах боломжийг олгодог. Сэтгэл санаа таагүй үед ч түүнийгээ бичээд үлдээхээр хавьгүй илүү сэтгэл онгойж тайвширдаг. Баяр хөөртэй дурсамж дүүрэн мөчүүдийг тэр чигээр нь өдрийн тэмдэглэлдээ буулгадаг. Бидний өдөр бүрийн завгүй амьдрал бидний баярт мөчүүдийг хэдхэн өдрийн дараа л мартагнуулж орхидог. Бичээд үлдээснээр тэр сайхан дурсамжуудыг мартана гэж үгүй. Шинэ танилцсан хүмүүсийнхээ нэрийг хүртэл өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээхээр дараа нь нөгөө хүнтэйгээ уулзсан ч нэрийг нь мартана гэж санаа зоволтгүй. Мөн үдэш бүр унтахынхаа өмнө тэмдэглэл хөтлөх нь зуршил болсноор тэмдэглэлээ бичээд дуусахад л тархи ч өөрөө унтах бэлтгэлд аль хэдийн орж, гүн бат нойртой унтах ч орчинг бүрдүүлж өгдөг. Шөнө нойр хүрэхгүй байна гээд сошиал медиад гомдлын аястай пост нилээдгүй байдаг. Тиймэрхүү зовлонтой хүмүүст утсаа харьж бухимдаж байснаас босоод хэдэн мөр сийрүүлчих гэж зөвлөмөөр байна.

2016 оны 05 сарын 15 өдрийн Беркелигийн Их Сургуулийн төгсөлтийн баярт үг хэлсэн Фейсбүүкийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Шерил Сандберг орой бүр унтахынхаа өмнө тухайн өдөр мэдэрсэн 3 баяр хөөртэй агшинаа тэмдэглэхийг өөрийнхөө гашуун туршлага дээрээсээ үндэслэн төгсөгчидөд захиж байсан. Магадгүй танд өдрийн тэмдэглэлээ бичихэд юу бичихээ мэдэхгүй байж болно. Ядаж дээрх 3 зүйлсийг бичээд яваарай гэж давхар зөвлөмөөр байна.  Миний хувьд дээрх 3 зүйлсийг нэмж бичиж эхэлсэн нь 3 жилийн өмнөөс. Хүн чинь өөрөө өөртөө баярлах боломжийг ядаж л ийм энгийн зүйлээс бий болгохгүй бол өрсөлдөөнт, стресстэй нийгэм бидэнд улам л дараа нэмж байна.

Орой хэрхэн гүн нойртой унтах нь өглөө эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй босоход маш их нөлөөтэй. Өглөө хэрхэн аз жаргалтай босох нь тухайн өдрийг хэрхэн эрч хүчтэй өнгөрөөхөд чухал нөлөөлдөг шүү дээ. Тиймээс унтахын өмнөх тэмдэглэл гэдэг бол маш чухал. Аз жаргалтай мөчүүдээ, өөрийнхөө бүтээсэн ололт амжилтуудаа тэмдэглэж үлдээхээс л эхэлчих. Бодож болно гэхдээ дээрх судалгаан дээрх шиг гар бичмэл гэдэг илүү тархийг эрчимжүүлж, гараа хөдөлгөн бичиж буй үсэг бүрийг тархи өөрөө нарийн чанд кодлон авч байдаг тул илүү сайн мах цусанд шингэж өгнө.

Хэсэг өдрийн тэмдэглэл  бичээд яваад байхад өдөр бүр л нэг ижил зүйлсээ бичээд байх үе ч нилээдгүй байдаг. Энэ үед л улаан гэрэл асч байгаа юм даа. Нэгэн хэвийн амьдрал үргэлжлээд өдрийн тэмдэглэл бичих ч сонирхолгүй болох  үе бий. Энэ чинь л дахин шинийг туршиж, амьдралаа шинэ өнцгөөс эхлүүлэх анхааруулга өгч байгаа нь тэр. Улмаар орой бүрийн тэмдэглэлдээ ганц ч гэсэн шинэ зүйлсийг нэмж оруулахын тулд, тухайн өдрөө үр бүтээлтэй, утга учиртай байлгахад минь өдрийн тэмдэглэл тусалдаг.

Би их азтай хүн. Учир нь би өнгөрсөн амьдрал уруугаа яг тэр орчинд нь эргээд очиж чаддаг. Өдрийн тэмдэглэлээ эргүүлж уншихад л Харри Поттер дээр гардаг ном шиг цаг хугацаагаар эргээд аялсан мэт сэтгэгдэл төрдөг. Сэтгэл санаа тавгүй үед ч хуучны сайхан тэмдэглэлүүдээ уншаад л дор нь өөрийгөө сэргээдэг сэргээштэй. Энэ бүгд бол миний орой бүр хөтлөх өдрийн тэмдэглэлийн ач тус.

Аравхан минутын өдрийн тэмдэглэл миний амьдралын хэв маяг, өдөр бүр шинийг сурах, үр дүнтэй өнгөрөөх гэсэн амьдралд хандах хандлагад хүртэл хичнээн өөрчлөлт оруулж байгааг та бүхэн мэдэрч байгаа байх. 6 жил тасралтгүй бичсэний үр дүнд ийнхүү өөртөө итгэлтэй хэлж чадаж байна. Тиймээс таныг ч бас туршаад үзээсэй гэж хүсч байна. Гол нь компьютер дээр биш үзэг бариад дэвтэр нээгээд гараараа бичихийг хүсч байна.

Миний хувьд дөнгөж хятад хэл, япон хэл сурч байгаа хүмүүст хичнээн атаархдаг гээч. Учир нь тэд гараа чилтэл ханз үсгийг бичдэг юм.

 

 

Сэтгэгдэл бичих

    • munguu
    • 2018-09-14

    nice shuu !

arrow icon