Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцсаныг хүргэж байна.
Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв?
2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх удаа, маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцоор ирсэн байх жишээтэй. Энэ нь улс орнууд уг уулзалтад, бүс нутагтаа ач холбогдол өгч байгаагийн илрэл. Манай улс бүс нутагтаа болж байгаа томоохон, онцгойлох арга хэмжээнүүдэд байнга оролцож байх ёстой. Ингэж оролцож, мэдээлэл авч байж бүс нутагтаа манай улсын оролцоо чухам ямар байгааг тодорхойлно.
Өнгөрсөн жилийн хувьд сонгуулийн дараа уг уулзалтад оролцсон. Энэ жил өмнөхөөсөө бэлтгэлтэй байлаа. Энэ удаа ярьсан гол асуудал нь Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой. Бүс нутагтаа энх тайван байж гэмээнэ эдийн засгийн талаар ярилцах боломж бүрдэнэ. Улс орнууд ойлголцож байж эдийн засгийн харилцаагаа сэргээнэ. Дан ганц эдийн засгаа нэгдүгээрт тавиад урагшлахгүйг оролцогчид хэлж байна.
Бидний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр бүс нутаг дахь оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж түлхүү ярилаа.
Бидэнд байгаа том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийнхаа орнуудад дуулгасан. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа хийсэн байдаг. Манайд ч судалгаа бий. Эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж, хоёр талын уулзалтуудын үеэр ярилцлаа.
Урагш алхсан нэг асуудал нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурлаа
. Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо. Удаан хугацааны турш яригдаж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ.
Түүнчлэн Халх голын тулааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх талаар ярилцсан. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байна. Тиймээс Халх гол сумыг шинэчлэх төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн ялалтын ойн арга хэмжээнд оролцох урилгаа ч гардуулсан. Оросын тал уг төслийг боломжтой гэж үзээд, 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлээд байна. Удахгүй үүнийг албан ёсоор шийдвэрлэчихвэл зүүн хязгаарын алслагдсан сум Халх голыг 80 жилийнх нь ойн босгон дээр төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдэнэ гэж бодож байна.
БНХАУ-ын даргатай Чиндаод уулзах үеэрээ та хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тус улсад худалдах санал тавьж байсан. Таны саналыг хүлээн авах боломжтой гэдгээ сая албан ёсоор мэдэгдлээ. Энэ ажил цаашид хэрхэх бол?
Манай улс урд хөрштэйгөө 4,700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1,000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1,500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.
Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний нийлүүлэгч болох манай саналыг БНСУ нааштайгаар хүлээж авч буйгаа илэрхийлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
БНСУ, Японд эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 цент. Харин бидний нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15, цаашилбал 10 цент байх боломжтой. Учир нь Хятадын эрчим хүчний компани 1,000-1,500 орчим км-т нийлүүлэхэд алдагдалгүй байх шугамын технологи нээсэн. Өөрөөр хэлбэл, 1,000 км-т 1.2 киловаттын алдагдалтай байх технологи юм.
Владивостокийн боомтын боломжийг ашиглах талаар ямар шинэ зүйл яригдав. Та боомттой болох санал дэвшүүлсэн шүү дээ.
Арваад жил хөөцөлдсөний эцэст ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлүүлж эхлээд байна
. Сая хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Харамсалтай нь, манайханд туршлага алга. Эл ажил эхлээд хэдхэн сар болж байгаа учраас бэлтгэх ажил нэлээд байна.
Эрчим хүчний болон коксжсон нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин хажууд нь байгаа бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчтай учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй.
Сая ОХУ-ын Дорнын бүсийг хариуцсан сайд Ю.П.Трутневтэй уулзахад энэ удаагийн чуулганы үеэр 35 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн тухайгаа ярьж байна. Энэ бүс нутагт ийм хэмжээний дүнтэй гэрээ хийнэ гэдэг бага биш. Жишээлбэл, Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс яаж ашигтайг нь авах вэ гэдгийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан манай улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээ хэлсэн. Ингэвэл манайхан байр, газрын хувьд хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм билээ. Үүнийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
2020 онд Улаанбаатарт зохион байгуулах Азийн хүүхдийн спортын их наадмыг дэмжиж, туслахыг та улс орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Тодорхой хариу өгсөн улс бий юү?
Азийн хүүхдийн наадамд 21 төрлөөр өрсөлдөнө. Зохион байгуулж байгаа орон үндэсний спортоосоо сонгоод таван төрөл нэмэх эрхтэй. Тиймээс ч манайх үндэсний бөхийн төрөл нэмсэн.
Улс орны төсөв, мөнгө хүндрэлтэй байгаа учраас уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон юм. Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна.
Өнгөрсөн сард байт харвааны стандартын талбайтай боллоо. Мөн энэ сарын 16, 17-нд хөнгөн атлетикийн дэлхийн стандартын талбайг шинээр нээх гэж байна. Иймэрхүү байдлаар бэлтгэлээ хангаж байгаа. Уг наадмыг ОХУ-ын Саха хотод зохион байгуулж ирсэн учраас туршлагаасаа хуваалцахыг хүсэж, бэлтгэл ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө хойд хөршийн холбогдох хүмүүст танилцуулж, өгсөн. Удахгүй нааштай хариу, зөвлөмж ирнэ гэж найдаж байна.
Эх сурвалж:President.mn
Сэтгэгдэл бичих