Нийтлэл 10 сарын 04, 2018

Хүүхэд тань хар тамхины харанхуй ангал руу уначих вий

 “Нунтаг цагаан өнгөөр

Нууцхан нарийн жимээр 

Хүний эсэд шурган

 Хүйс тэмтэрч эхэлнэ би...” хэмээн хар тамхины хорыг  хөнөөлийг, яруу найрагч Ш.Энхсайхан ийн шүлэглэсэн байдаг. Тэгвэл  “Цагаан тахал” гэж нэр­лэдэх хар тамхи, мансуу­руулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч, манай улсад энэ төр­лийн гэмт хэрэг аль хэдийнэ орж ирээд бүр арван жил сурагчид хэрэглэж биднийг айдас түгшүүрт автуулаад байна. Үүний нэг жишээ нь саяхан 13 настай охин хар тамхи хэрэглэсэн гэх асуудал юм. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад:

"Энэ оны эхний 9 сарын байдлаар хар тамхины холбогдолтой 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгагдаж байгаа. Хар тамхины хэрэгт таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хэргийг шалгаж байгаа. Хамгийн бага нь 13 настай охин байсан. Ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэгнийгээ даган дуурайх хэлбэрээр үйлдсэн нь тогтоогдсон”

 гэлээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол “ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зургаан төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг төдийгүй 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт нь хүн амын дунд хяналтгүйгээр тархаж, тэдний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, гэр бүл, нийгэм сэтгэл зүйн уур амьсгал, цаашилбал улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, улс төр, нийгмийн дэг журамд хамгийн ноцтой сөрөг нөлөө үзүүлдэгт энэ төрлийн гэмт хэргийн хор аюул оршино гэж үздэг.

Тэгвэл 13 настай охин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь  насан туршдаа сэтгэл зүйн дарамттай эсвэл насан туршдаа сэтгэц мэдрэлийн өвчтэй болох ч магадлал өндөр байна. 13 нас гэдэг бол шилжилтийн нас энэ үедээ аливаа зүйлсийг сонирхож, аз турших гэсэн хүслээс гадна бусдын нөлөөнд амархан автдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг.  Ялангуяа өсвөр насны хүүхдэд орчин нөхцөл хамгийн их нөлөөлдөг учир эргэн тойрны хэн нэгнээсээ буруу үлгэр дууриалал авдаг байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, үзэж буй кино, цахим хэрэглээ, хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж буйд нь бага ч гэсэн анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэрэв та хүүхдээ анзаараагүйгээс, миний хүүхэд зүгээр гэж хайхрамжгүй явсаар таны хүүхэд хэн нэгний буруу нөлөөлөлд автан хар тамхины харанхуй ангал руу үүрд уначих вий.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon