Багш нарын баярын өдрийг тохиолдуулан "Ангийн багш" хэмээх сургамжит өгүүллэгийг хүргэж байна. Уншигч та А үсэг анхлан заасан дунд сургуулийн багшаа, амьдралын анхны алхам хийж их сургуулиа төгсөхөд тань чиглүүлж өгсөн эрдэмтэн багш нараа эргэн дурсаарай. Тэгээд бас багшдаа талархсан сэтгэлээ илэрхийлэхээ битгий мартаарай.
Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг цаасан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв. Багш хүүхүдүүдийг бие биенийхээ талаар бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгавар өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад багшид хураалгаж гэртээ харьцгааж байлаа.
Ингээд багш 7 хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэрний хойно ангийнх нь хүүхдүүд өөрийнх нь тухай юу гэж бодож явдаг болохыг жагсаан бичсэн цаасыг тараажээ. Анги аз жаргал, инээмсэглэл, баяр баясгалангаар дүүрэв. “Энэ үнэхээр тийм гэж үү? Миний энэ зан бусдын талархлыг хүлээж явдаг юм гэж би хэзээч бодож байсангүй. Хүмүүс надад ийм сайхан ханддаг гэж үү?” хэмээн хүүхэд бүр л ам амандаа шаагилдаж байлаа. Удалгүй энэ цаасны талаар дахиж хэнч дурссангүй. Багш хүүхдүүдийг энэ талаар бие биетэйгээ ярилцсан эсэх, ээж, аавдаа энэ тухай хэлсэн эсэхийг ч огт мэдээгүй бөгөөд өөрөө ч энэ талаар огт анхаарал тавьсангүй орхижээ. Харин энэ сэтгэлзүйн дасгал үр дүнгээ өгсөн нь илт байлаа. Сурагчид бие биедээ өмнөхөөсөө илүү сайхан хандаж, сэтгэл хангалуун байдаг болов. Хамт олны уур амьсгал ч маш сайнаар эргэжээ. Хожим тэд сургуулиа төгсөхөд ангийнх нь нэг хүүхэд Вьетнамын дайнд явсан боловч амь үрэгджээ. Баатарлаг гавьяа байгуулсан тэр хүүгийн оршуулгын ёслолд багш нь оролцов.
Сүмд түүний найз, нөхөд хүрэлцэн ирсэн байлаа. Оршуулгын ёслолд оролцсон цэргүүдийн нэг нь нөгөө багш дээр ирээд “Та Маркийн ангийн багш уу” гэж асуухад бүсгүй, “Тиймээ” хэмээн толгой дохилоо. Харин өнөөх цэрэг “Марк таны тухай маш их ярьдаг байсан шүү” гэв.
Ёслолын дараа Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ үдийн цайны ёслолд оролцлоо. Маркийн эцэг, эх нь багштай уулзаж, олон удаа эвхэж, нугалж байсан бололтой нэг цаасыг гаргаж өгөв. Аав нь “Бид хүүгээ нас барах үед энэ цаасыг олсон юм” гэж нэмж хэлэв. Тэгээд багш болон ангийнх нь хүүхдүүд энэ цаасан дээр Маркийн тухай хүүхдүүд юу гэж бодож явдаг талаар бичсэн байгааг хараад танилаа. Маркийн ээж багшид хандан ”Бид танд маш их талархаж байна. Хүү минь үүнийг үнэт эрдэнэ мэт хадгалж явсан байна шүү дээ” гэж хэлэв.
Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ энэ тухай ярилцаж эхэллээ. Шавь Чарли томоогүйхэн инээмсэглэж ”Одоо хүртэл энэ цаас миний өрөөний хананд байнга өлгөөтэй байдаг юм” гэхэд Жоржийн эхнэр нь “Миний нөхөр энэ цаасыг бидний хуримын альбомонд эхний нүүрэнд нь хийгээрэй гэж байсан” гэв. Гэтэл Мэрилин “Би тэмдэглэлийн дэвтэртээ байнга хадгалдаг” гэхэд Вики халаасаа ухан түрийвчээ нээгээд, эмтэрч, муудсан цаасыг ангийн хүүхдүүддээ үзүүлээд “Манай ангийн хүүхэд бүр үүнийг хадгалж явдаг гэж бодож байна” хэмээн ярихад багшийн сэтгэл ихэд хөдөлж, нулимс унагаж байлаа.
Сэтгэгдэл бичих