Нийтлэл 10 сарын 17, 2018

ХОГГҮЙ УЛААНБААТАР: Дахивар бол ХОГ биш МӨНГӨ

 Заримдаа та Улаанбаатараас яваад хаа ч хамаагүй амьдармаар санагддаг уу. Өвөл нь утаатай, зун нь өмхий, хавар намар нь хог шороо ихтэй дээр нь нэмээд замын түгжрэл ихтэй гээд таныг бухимдуулах зүйлс Улаанбаатарт тоолж барамгүй их. Гэхдээ энэ бүхэн эндээс явах шалтгаан биш. Ядаж л Улаанбаатар одоо хоггүй болж, хогоо ялгаж хаях ухамсартай иргэд нэгдэж дахиврыг хогноос ялгаж  түүгээрээ чанартай бараа бүтээгдэхүүн хийж чаддаг  болж байна.  Гагцхүү иргэн таны бас төрийн оролцоо, санаачлага чухал байна. . 

Сэтгүүлч миний бие "Амьдрал сайхан" гэх богино нийтлэлийн булан хөтлөн явуулдаг бөгөөд энэхүү буландаа Шведэд амьдардаг нэгэн бүсгүйтэй ярилцсан юм. Тэр бүсгүй Швед улсад хогоо ялгаж хаядаг тухай, ундаа, сүүний савыг хэрхэн боловсруулж гялгар уутны хэрэглээг хэрхэн хязгаарладаг хэрэв зээ гялгар уутыг ашигладаг бол хэрхэн дахин ашигладаг тухай товчхон хуучилсан юм. Энэ нийтлэлийг уншсан хүмүүс бүгд л ийм хог ялгаж хаях цэгтээ бол хэн ч хогоо ил хаяхгүй, ийм цэг л хэрэгтэй гэх мэтчилэн яг л мөрөөдлөө ярьж буй мэт сэтгэгдэл үлдээж байсан юм. Гэхдээ тэр үед мөрөөдөл байсан ч одоо тэр хүсэл биеллээ олсон.  Тодруулбал  "Орчил" төрийн бус байгууллагын санаачлагчаар дахиврыг ялгаж хаях цэгийг бий болгон ялгаж  авсан дахивраа хог дахин боловсруулах үйлдвэрүүд рүү дамжуулах цэгийг Сакура Вилла хотхонд нээсэн байна.  Одооноос эхлэн та илгээмж илгээж буй мэт дахивраа илгээхэд болно.

Танай хаягдал ХОГ биш МӨНГӨ 

Бүгдийг нь нийлүүлээд хаявал хэрэггүй хог, харин ялгаад хаявал хог биш мөнгө гэдгийг та мэдэх үү?  

Бид өдөр тутамдаа хамгийн их хуванцар сав ашиглаж тэр хэрээр түүнийг хог болгон хаядаг. Тэгвэл эдгээр хуванцар савыг ашиглаад юу юу хийж болдог болон тэдгээрийг хэрхэн ангилах тухай Орчил төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхзулаас тодрууллаа.

Б.Мөнхзул: Дахин боловсруулалтаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувийг хангадаг улс орон ч бий 

Ангилахын хувьд их амархан. Ихэнх хуванцар сав дороо ангиллын дагуу тэмдэглэгээтэй байгаа. Хэрэв бичигдээгүй байгаа бол аль ч ангилалд орохооргүй чанаргүй савалгаатай гэж хэлж болно. Мөн шинж чанараар нь ялгаж бас болно.

PET буюу ус ундааны сав

Манай хотын хүмүүсийн хэрэглээнээс харж байхад энэ төрлийн дахивар хог хаягдлын 30-40 хувийг эзэлдэг. Халбал хор ялгаруулдаг хуванцар гэдгийг хүмүүс сайн мэддэг.

HDPE буюу бидний мэдэхээр шампунь, шингэн савангийн сав зэрэг

Шинж чанараараа зөөлөн уян. Хоёр талаасаа нааж хийсэн. Илүү сайн чанарын хуванцар.

PP буюу бидний мэддэгээр хүүхдийн тоглоом зэрэг

Хатуу чанартай.  Монголд энэ төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулаад сандал болгодог.

Гялгар уут

Хүмүүс ундаа сүүний саваа л хуванцар гэж хардаг боловч үнэ хэрэгтээ гялгар уут ч бас хуванцар. Гялгар уут нь дотроо хоёр хуваагдана. Хатуу зөөлөн гэж. Зөөлөн нь сунана одоо дэлгүүрт хэрэглэж буй тор жижиг цагаан цэнхэр уутнууд орно гэсэн үг. Харин хатуу гялгар уутад талхны уутнууд ордог. Энэ төрлийн уутнуудыг дахин боловсруулахад хэцүү байдаг. Монголд бол Сан Оргиу компани сандал, хашааны шон зэрэг зүйлс хийдэг. Мөн өндөг болон зарим нэг удаагийн нимгэн сав зэргийг гялгар уут гэж ойлгож болно.

Ингээд ангилаад ирэхээр хүмүүс ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэгтэй вэ ямар нь хэрэггүй вэ аль нь эрүүл мэндэд тустай юм гэх зэрэг тодорхой мэдээллүүдийг мэддэг болно. Тэгэхээр аль болох эко хэрэглээ буюу хог гаргахгүйгээр бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой гэсэн үг. Дахин боловсруулалтаараа маш их хэмжээний хөрөнгө олдог улс орон ч бий. Манайх ч гэсэн тэгэх боломж байгаа. Гэтэл манайх хог хаягдлынхаа дөнгөж 30 хувийг дахин боловсруулдаг гэсэн статистик байдаг боловч энэ тоо бодит эсэх нь эргэлзээтэй. Манайд байгаа хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дахивар очих систем байхгүй учир маш их ачаалал дунд ажилладаг. Яагаад ачаалалтай ажилдаг дамжуулах системгүй гэж хэлж байгаа гэхээр манайхан нэгдүгээрт гэртээ хаягдлаа ялгалгүйгээр шууд хогын цэг рүүгээ хаядаг түүнийг хог түүдэг хүмүүс цуглуулаад тушаахад тэнд дахиад ялгах, шилэх ажил гардаг. Тэгэхээр анхнаасаа ингээд хог хаягдлаа ялгаад сурчихвал ундааны сав, гялгар уут, сүүний сав зэрэг чинь хог биш гэдгийг ойлгоод эхэлнэ.

Цэвэрхэн дамжуулъя

Ууж байгаа усаа дуусгалгүй хаях, идсэн саваа үлдэгдэлтэй чигээр нь хаях муухайгаас гадна үрэлгэн зан шүү. Авсан усаа уучихгүй, хайран юм гэж халагламаар. Нэгэнт хог дахивар хоёрыг ялгаж хаяж буй учир дахивараа цэвэрхэн дамжуулах нь өөртөө болоод бусдад тусалж буй хэрэг шүү.  

Ангилсан хаягдлыг хэн авах вэ?

Хоёрдогч түүхий эд авах газар Улаанбаатар хотод авах газар маш олон бий. Эдгээрээс ямар газар ямар төрлийн дахивар авдгийг товч хүргэе.

1.Ус ундааны ёроол нь цэгтэй хуванцар - /Од-Пластикд авна/
2. HDPE нааж хийсэн зөөлөн хуванцар - /Од Пластик ххк, Мог пластик Ххк авна/
3. Зөөлөн гялгар уут LDPE пакетууд- /Plastic Center ххк авна/
4. Хатуу гялгар уут, шарчгар савнууд - /Сан-Оргиу ххк авна/

Анхаарах зүйл

Хоёрдогч түүхий эд авах төв гэж нэрлэгддэг газрууд нэлээд их бий. Гэхдээ ихэнх дахиврын цэгүүд  ийм тиймийг авахгүй гээд асуудал их гарч, ялгаж шилэх зэрэг асуудал гардаг учир анхнаасаа гэртээ ялгаад хаях нь чухал.

Хог биш дахивар

Дахивар гэдэг үгийн утгыг хүмүүс дахин боловсруулах утгатай гэдгийг мэдэх ч ямар зүйлсийг дахин боловсруулах тухай мэдлэг тийм ч хангалттай биш байдаг. Бид дахиварын тухай болон түүнийг хэрхэн ангилах болон түүний ашиг тусын тухай дээр дурдсан. Одоо бүгдийг мэдэж авсан уншигч танд нэгэн зүйлийг уриалмаар байна. Таны уусан ундааны сав, хэрэглэсэн өндөгний хайрцаг, сүүний сав гялгар уут зэрэг ердөө ч хог биш. Эдгээрийг бүүр хог гэж нэрлэхээ больё. Хэрэв эдгээрийг хог гэж хүлээж авахаа боливол ялгаж хаяхад илүү амар болно. Хогоо ялгаж хаяхын учрыг хүн бүр ойлгоод гэр гэртээ цаашлаад хашаандаа, орцондоо, хотхондоо ялгаад дахиврын цэгт тушаагаад үйлдвэрлэгчдэд хүргэж эргээд эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэх боломж бидэнд бий гэдгийг дахин хэлье.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon