Нийтлэл 10 сарын 25, 2018

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзлээ.

Уг дүгнэлтэд, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна” гэжээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн юм. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon