Нийтлэл 10 сарын 31, 2018

БИ САЙН ЭЭЖ: Эрхийн өвчин гэдэг ямар ч бэрхшээлээс илүү хэцүү

"Би сайн ээж" булангийн энэ дугаарт хөгжлийн бэрхшээлтэй охиноо асрахын хажуугаар өөрийн оршин суугаа хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл өгч бие биенээсээ суралцах боломжийг олгож байгаа Ц.Уянга хэмээх ээжтэй хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж буй талаар ярилцлаа.  

Би хоёр охинтой. Том охин маань 13 настай тархины саажилттай учир хэвтэрт байдаг юм.  Мэдээж 13 жил гэдэг урт хугацаа, энэ хугацаанд охиноо харж байхад сэтгэлээр унах ганцаардах үе олон. Төрсөнөөс хойш жилийн дараа охины минь онош тодорсон юм. Эдгэх боломжгүй гэж эмч нар хэлсэн ч хүн л юм болохоор бүрэн эдгэрнэ, сайхан болно гээд л сайн гэсэн бүх л газраар явсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлийн талаар анхаарал тавьдаг хүн одоогийнх шиг их биш, мэдлэг мэдээлэл ч ховор байлаа. Хэвтэрт байдаг хүүхэд болохоор хэвтрийн хатгаа тусна дархлаа нь сул байдаг учир маш их ханиад хүрнэ. Тэгээд их эмчилгээ, антибиотик хийлгээд ирэхээр хүүхэд ч унтахаа больчихдог юм билээ. Эмч нарт ч хэцүү байсан байх. Тэгээд ер нь бол эмнэлгээр явахаа багасгасан.

Дараа нь ардын эмчилгээ, лам бөө гээд л хэрэгтэй хэрэггүй газраар их ч явсан. Бүүр нэг удаа адууны махаар ороолт хийхэд хүүхдийн хатгаанд их сайн гэдгийг сонсоод туршиж үзээд хүүхдийнхээ өвчинг бүүр хүндрүүлж байсан. Ингэж явсаар хүүхдийнхээ хамгийн гол эмчилгээг оройтуулсанаа их хожим ойлгосон. 

 Манай хүүхэд их уйлдаг учир хүүхдийнхээ л аясаар байдаг  байлаа. Эвий минь өвчтэй юм гээд л үргэлж тэврээд, уйлахаар сандраад л аясаар нь байж их эрхлүүлсэн. Тэгээд би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн холбоон дээр очоод сургалтанд суусан чинь эрхийн өвчин гэдэг ямар ч бэрхшээлээс илүү хэцүү. Хүүхдийг дэндүү дураар нь өсгөж болохгүй. Ийм хүүхдэд хөдөлгөөн дасгал гэдэг хамгийн чухал гээд л маш хэрэгтэй зөвлөгөө авсан. Түүнээс хойш хүүхэддээ арай өөрөөр хандаж загнах үедээ загнаж аргадах үедээ аргаддаг болсон. Ер нь тэгээд хүүхдээ ингэж хүмүүжүүлнэ шүү, хүүхдээ ингэж асрана шүү гэсэн  сургалт байхгүй шүү дээ. Залуу хүмүүс ийм мэдлэг байхгүйгээс их алддаг юм билээ.  

Мэдээж охиноо өсгөхөд бэрхшээл их. Массын хандлага, зарим нэг сайжруулах шаардлагатай төрийн үйлчилгээнүүд байдаг. Жишээлбэл хүүхдээ аваад микрод суухад тэрэгнээс 500 төгрөг, надаас 500 төгрөг авна. Автобусанд суухад бүүр ч бэрхшээлтэй. Тэрэг байрлуулах газар байхгүй учир хүмүүсийн зам дээр л тэргээ байрлуулна. Зарим хүмүүс нь дургүй байна. Ядаргаатай санагдана. Тэглээ гээд хүүхдээ гэрт байлгаад байж болохгүй учир гадуур авч яваад кино жүжиг үзнэ хүүхэд маань ч  их дуртай. Ингэж гадуур явахад хамгийн хэцүү зүйл нь хүүхдээ хооллох байдаг. Нэг газар ороод л хоол идэхэд охин маань хахаж цацаад л жаахан хэцүү иднэ. Тэгэнгүүт л бүх хүний нүд манай хүүхэд дээр тусна. Тэр нь  үнэхээр хэцүү. Бидний хувьд бол тэр хэвийн л үзэгдэл хоол идэх бүрт тэгдэг. Харин хүмүүс хараад л шивэр авир гээд байхаар үнэхээр хэцүү. 

Гэхдээ зүгээр ээ. Миний амьдралын гол зорилго бол хүүхдүүдээ сайн өсгөх.  Хүүхдүүдийнхээ л төлөө амьдарна. Нэгэнт хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ч охин минь миний бэлэг.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon