Нийтлэл 11 сарын 13, 2018

Nolite iudicare ut non iudicemini

Байгаль олон хуультай.  Зарим нэгийг нь өнөө цагийн заримдагуудад сануулах гэж хэдэн үг хэлхэхээс болохгүй нь. Хулгайчид толгой дээр заларч, тэднийг шантажчид захирдаг цаг ирсэн бололтой. Дугаарлалт нь дурынх тул хүлцэл өчсүү.Шашин шүтлэгтэй нь байгаль гэдгийг бурхан гэдгээр орлуулаад уншихад болоод явчихна.

1.Харилцан үйлчлэлийн 1-р хууль. Физикт хүч гэдэг ухагдахууныг тайлбарлахад анх тааралдсан санагдана. Амьралд харин алхам тутамд, мөч бүрт үйлчилдэг. Хариу үйлдэл нь харин хоромоос эхлэн хэдэн жилийн дараа ч ирж мэднэ. Бурхны шашинд үйлийн үртэй дөхүү юм уу даа. Улс төрчид харин бумеранг эффект гэдгээр нь илүү мэдэх байх. Чи хэн нэгэнд яаж хандана тэр чамд тэгж л хандана, юу үйлдэнэ түүнийгээ заавал амсана. Өөрөө амсаж амжихгүй бол үр хүүхэд нь гэх мэт. Муу сайн аль үйл болхоос хамаарч аймар эсвэл гайхамшигтай хууль. Харамсалтай нь манай улс төрчид байгалийн энэ хуулийг огт боддоггүй, тиймдээ ч олиггүй явдаг биз.

2.Харилцан үйлчлэлийн 2-р хууль. Хүн ямар ч үйлдэл хийсэн, тэрнийгээ ой тоондоо хадгалдаг. Эргэн тойрныхныхоо үг үйлдлийг ч мөн адил. Сайн муу, зөв буруу аливаа үг үйлдэл нь хуримтлагдсанаар ирээдүйд хийх үйлдлүүдийн угтвар нөхцлийг бүрдүүлдэг. Сайн үйлдэл, сайхан хандлагатай байх тусам улам л сайн сайхан болдог гэсэн үг. Хүрээлэл ч 1-р хуулийн дагуу дагаж сайжрана гэх мэт. Бусдын амьдрал дээр хүн анзаардаг мөртлөө өөрийн амьдралд хэрэгжүүлж мэддэггүй нь сонин. Энэ хуулийн дагуу Монголын улс төр улам л бохир болоод байгаа. Ерөнхийлөгчийн үг үйлдэл ч хүрээлж буй хэдэн нөхдийн л царай. Намууд энэ хуулийг хэрэгжүүлээд элдэв хог шаарнуудаасаа салбал улам л сайжрах нигууртай.

3.Харилцан үйлчлэлийн 3-р хууль. Ертөнцийн бүх юмс үзэгдэл байнга, тасралтгүй тэнцвэрт байдал руу тэмүүлдэг. Тэнцвэрт байдал гэдэг нь үйлчилж бүй бүх хүч ижил хэмжээнд очно гэсэн үг. Улс төрөөр бол намуудын улс орныг ийш тийш татах хүч тэнцэж , УИХ-д суух тэнэг ухаантнуудын тооны харьцаа зохистой хэмжээнд очиж, улс орны эдийн засаг , ард олны амьдрал тэгширнэ. Угтаа бол байгалийн энэ хуулиар бид хэзээ нэгэн цагт зөв зүгт хөдлөх л байх. Чухам тэр болтол хэдэн ЖДҮ Сангийн хулгайч илэрч, тендер концесс залгигдахыг мэдэхгүй. Ядахад хоёр том нам нь нэгнийгээ устгаж үгүй болгоно гэж жижигрүүлсээр, энэ л хуулийн дагуу өөрсдөө жижгэрч бутрах нь тодорхой. Энэ хуулийн дагуу УИХ өөрийгөө цэвэрлэхгүй , хулгайчдаа орогнуулсаар байх тусам нөгөө талд ард олны уур хилэн нэмэгдсээр нэг өдөр тэсрэх аюултай. Тэгвэл тэсрэлтийн хүч нь парламентын засаглалыг үгүй хийж хаант засаглал хүртэл шидэх нигууртай тул хулгайчдаа эгүүлэн татах нь зүйтэй. Ямар хүчээр зээл өгчихсөн биш, эрхбиш улс орноо боддог бол өөрсдөө ч огцроод улс төрөөс бүрмөсөн холдвол ядаж л хүний нүүр лүү эгцэлж харах нүүртэй үлдэх юм даа

4.Ондоошлын хууль. Хөгжил дэвшил гэдэг бол сайн хувьслын нийлбэр мууг хувьслын нийлбэрээс их байхыг хэлнэ. Сайн муу нийлж сав дүүрдэг гэж хэлц үг ч бий. Нэг төрлийн амьтад ив ижилхэн байвал гажуудал үүсэхгүй. Гажуудал үүсэхгүй бол хувьсал бий болохгүй. Дэлхийн бүх хүн ижил өндөртэй, ижил царайтай гээд төсөөлөөд үз дээ. Хөөрхөн ч байхгүй, муухай ч байхгүй. Тиймээс өөрөөсөө ондоо байвал бүү шоол, бүү үзэн яд, байгалиас л тэгээд заяаснаас хойш авах гээхийн ухаантай л ханд. Нэг сонин зүй тогтол байдаг нь нийгмийн хандлагаас болоод хятадын эрлийзүүд хамгийн их эрлийз гэж орилдог, ижилхүйстэн гэдгээ өөрөөсөө болон өрөөлөөс нуух гээд хамгийн ихээр  үзэн ядагч болж таарсан газраа зодох гэж хөөдөг, луйварчин хулгайч хамгийн их шударга ёс ярьдаг. Мэдхэд илүүдэхгүй. Хулгайч улс төрчдийг ч ичээх гээд нэмэргүй, ичиж мэдэхгүй. Үзэн ядаад ч хэрэггүй (Харилцан үйлчлэлийн хуулиудыг унш ) . Зүгээр л соль

5.Бүтээлч сөнөөх хууль. Жозеф Шумпетер анх эдийн засгийн хүрээнд томьёолсон энэ онол нь бас л байгалийн хууль бөгөөд эдийн засгийн хүрээнд дээрх 4 байгалийн хуулийг бүгдийг агуулсан гэж болохуйц хувьслын процессыг тайлбарласан бөгөөд өдгөө эдийн засгийн хүрээнээс хэдийн хальж бусад салбарт ч үйлчилдэг болохыг эрдэмтэн судлаач нар тэмдэглэж судалсаар байна.

Монголын улс төрд ч гэсэн хэрэв 90 онд МАХН-ыг татан буулгаад олон намын тогтолцоонд шилжсэн бол өнөөдрийнх шиг хямралд хүрэх байсан ч юм уу, үгүй ч юм уу.

Одоо ч бүх намыг татан буулгаад дахин бүртгэвэл ашиг сонирхол эдийн засгийн нэгдлүүдээс гадна үзэл бодол, бодлогын нэгдэл бүхий намууд төрөх магадлал бий. Тийм юм болдоггүй юм гэхэд МАН, АНын задрал нь зүй тогтол бөгөөд тэр дундаас шинэ нам, шинэ бүтэц бий болох нь ч бүтээлч сөнөөх хуулийн үйлчлэл мөн. Харин МАН МАХН-ын хооронд гүйдэлтэй хэдийн хувьд бүтээлч юм юу ч байхгүй зөвхөн сөнөөлт бий гэдгийг дурьдсу.

Үргэлжлэл бий...

 

 

Нүүр зургийн эх сурвалж: Tusgal.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon