Эхлээд уншигчиддаа Үндсэн хуулийн нэгэн заалтыг сануулъя. “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн ... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”
гэжээ. Гэтэл манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хотод Үндсэн хуулийн энэ эрх ноцтой зөрчигдөж байна. Би энд утааны тухай өгүүлэх гээд байгаа юм. Утааны хор уршгийг нийслэл хотод байдаг хүн бүр эрүүл мэндээрээ мэдэрч байна, хохирч байна гэхэд хилсдэхгүй. Жил бүр хүйтрэхээр үүнийг нийтээрээ шүүмжилж бараг өдөр бүр хэвлэл мэдээллээр ярьж, бичиж байна. Утаатай тэмцэнэ гээд л Ерөнхийлөгч ч ярьдаг, Ерөнхий сайд ч ярьдаг. Харамсалтай нь ахиц гарахгүй байгаа нь арга замаа олохгүй байгаатай холбоотой болов уу гэж бодож үүнийг бичиж байна.
Хийн түлш нь орчныг бохирдуулдаггүй учраас хөгжингүй орнууд эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан хангамжийнхаа асуудлыг хийн түлш хэрэглэх замаар шийдвэрлэдэг. Манай хоёр их хөрш маань ч хийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд анхаарч байна.
ОХУ өөрийн бүс нутгууд, түүний дотор Сибирь, Алс Дорнодыг байгалийн хийгээр хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ Эрхүү муж, Эрхүү хотыг ойрын жилүүдэд хийгээр хангах гэж байна.
Тус мужийн хойд хэсэгт байдаг бараг 2 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй Ковыктагийн ордоос Эрхүү, Ангарск, Саянск хотууд руу хий дамжуулах хоолой тавихаар төлөвлөж байгаа тухай оросын сайтуудаас уншиж болно. 600 километр урттай энэхүү хоолойг барихад хятадын CNPS компани ч оролцож магадгүй гэнэ. Хэрэв Эрхүү рүү хоолой тавигдах юм бол түүнийг үргэлжлүүлээд Монголоор дайруулан Хятад хүртэл тавьж болох талаар мөн ярьж байсан юм билээ. Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани манай нутгаар дайруулан Хятадын хил хүртэл хийн хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-г бүр 2000 онд хийсэн байдаг. Уг ТЭЗҮ-д хийн хоолойн маршрут нь трансмонголын буюу “Улаанбаатар” төмөр зам болон авто замын дагуу гол төлөв тал хээрийн нутгаар өнгөрөх учраас богино хугацаанд барих боломжтой гэж тооцжээ. Жилдээ 25 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолойн Монголын нутгаар өнгөрөх хэсгийг (1050 километр) 3 жилд, хий шахдаг компрессорын станцууд (8 ширхэг шаардлагатай)-ыг 4 жилд барина гэнэ. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн тогтмол ажиллана гэх мэтээр нарийн тооцоо хийсэн байна лээ. Оросын “Газпром” компаний шинжлэх ухаан-техникийн төвийн судалгаагаар хийн аж ахуйн салбарын нэг ажилтныг дагаад эдийн засгийн бусад салбарт 4-6 ажлын байр шинээр бий болдог байна. Монголын нутгаар хийн хоолой тавьснаар мэдээж Оросын Буриадын хэрэгцээ ч хангагдана.
Агаарын бохирдлыг бууруулах талаар Хятад улс ч ихэд анхаарч байна. Ялангуяа Бээжин хотын ойролцоох агаарын бохирдол хэт их байгаа учраас түүнийг багасгахад онцгой анхаарах боллоо. Тус хотын ойролцоо байдаг, жилдээ 9,2 сая тонн нүүрс хэрэглэдэг 4 том цахилгаан станцыг байгалийн хийгээр ажиллуулдаг болгох ажлыг саяхан хийж дуусчээ. Үүнд 7,55 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Цаашдаа энэ хавийн нүүрсээр ажилладаг бүх станцыг шинэчлэх гэнэ. Тэгэхээр байгалийн хийн найдвартай эх үүсвэр хэрэгтэй. Өөрийн нутагт хийн орд нээж олборлох, хөрш орнуудаас хоолой татах, АНУ болон бусад орноос шингэрүүлсэн хий авах гэх мэт олон хувилбарыг мэдээж судалж байгаа байх. Эдгээрээс Оросын Ковыктагийн ордоос Монголоор дайруулан хоолой барих нь магадгүй өртгийн хувьд хамгийн хямд, хурдан хэрэгжих бололцоотой хувилбар байж болох талтай юм.
Сая АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Хятадад айлчлах үеэр яригдсан Аляскаас шингэрүүлсэн хий нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд (хийн ордоос далайн боомт хүртэл 800 километр хоолой татах, хий шингэрүүлэх үйлдвэр барих г.м.) 43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. Уртаараа бараг манай нутаг дээгүүр өнгөрөх хоолойтой адил хэдий ч Хар далайн ёроолоор тавигдах Орос-Туркийг холбосон хийн хоолойг барихад 6-7 тэрбум ам.доллар шаардагдах юм билээ.
Монголын нутгаар хийн хоолой тавих нь дээрх төслүүдээс илүү хямд байх магадлал өндөр.Нөгөө талаар янз бүрийн хоригоос болоод ОХУ-ын хувьд Европын орнуудад хий нийлүүлэхэд ихээхэн бэрхшээл учрах болсон, Хятадын хувьд Бээжингийн ойр хавийг утаанаас аль болох хурдан салгах шаардлагатай байгаа зэргийг тооцох хэрэгтэй. Оросуудын одоогийн барьж байгаа “Сила Сибири” хоолой нь Зүүн Азийн орнууд болон Хятадын зүүн хойд хэсэгт хий нийлүүлэх зорилготой. Тэгэхээр Монголоор хоолой тавих хувилбар хоёр талын сонирхлыг татах магадлал өндөр гэж бодож байна. Азийн дэд бүтцийн хөгжлийн банк (дүрмийн сан нь 100 тэрбум ам. доллар), Азийн хөгжлийн банк (дүрмийн сан нь 55 тэрбум ам. доллар), Хятадын “Торгоны зам” сан (40 тэрбум ам. доллартай) зэрэг банк – санхүүгийн байгууллагууд чухамхүү иймэрхүү төслүүдийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх сонирхолтой байдаг.
Хийн хоолойг Монголын нутгаар барих эсэх нь юуны өмнө хоёр хөршөөс хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Ер нь нийлүүлэгч, хэрэглэгч хоёр хийн хоолойг гуравдагч орны нутгаар тавих сонирхол багатай байдаг (жишээ нь, Украинаар дамжуулаад Оросоос Европын орнуудад хий нийлүүлэхэд байнга маргаан гардаг). Хэдий ийм ч манай төр, засгийн удирдлагууд хоёр хөршдөө санал тавьж байх нь чухал. Манай Ерөнхийлөгч ирэх оны хавар ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Москвад очихдоо, зун нь бас ШХАБ-ын хурлын үеэр Орос, Хятадын төрийн тэргүүн нартай уулзахдаа, хоёр хөрш рүү албан ёсны айлчлал хийх болбол айлчлалын үеэрээ энэ талаар ярих байх гэж найдаж байна. Мэдээж бас холбогдох байгууллага, шинжээч, судлаачдын түвшинд уулзалт, яриа хэлэлцээ хийж байх хэрэгтэй. Миний хувьд “Газпром” компаний мэргэжлийн хүмүүстэй Москвад ч, Улаанбаатарт ч уулзан ярилцаж байлаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 9 дүгээр сард Москвад ВНИИГАЗ дээр очиж сонирхолтой мэдээлэл авсан. Хятадын Хөгжил, шинэтгэлийн улсын хороо зэрэг байгууллагынхантай бас уулзав. Мөн олон улсын онол - практикийн хурлуудад ч оролцож илтгэл тавьж байсан болохоор энэ талаар зохих хэмжээний ойлголттой болсон учраас үүнийг бичээд байгаа юм.
Зөвхөн Эрхүү мужийн хэрэгцээг хангана гэвэл 700 мм-ийн голчтой хоолой хэрэгтэй, харин Монголоор дайруулаад Хятад хүртэл тавина гэвэл 2 дахин өргөн голчтой хоолой хэрэгтэй гэнэ. Иймээс Эрхүү хүртэл хийн хоолой тавих ажлыг эхлэхээс өмнө л тохирох хэрэгтэй байгаа юм.
Хийн хоолой Монголын нутгаар, бүр тодорхой хэлбэл Улаанбаатарт ойрхон өнгөрөх юм бол нийслэлийн утааны асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэнэ
. Хотын захын айлууд, уурын зуухууд, цахилгаан станцууд нүүрс биш хий хэрэглэснээр, нийтийн тээврийн хэрэгслүүд, том оврын автомашинуудыг шингэрүүлсэн түлшинд шилжүүлснээр л утаанаас бүрэн ангижирна гэж хэлэх гээд байна л даа. Мэдээж хий түгээх сүлжээ байгуулах хэрэгтэй. Үүнийг нь хувийн хэвшлийн компаниуд хийчих байх. Түүнээс биш зөвхөн олон орон сууц барьснаар, шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх болсноор утааны асуудлыг хэзээ ч төгс шийдэхгүй. Тэр ч байтугай Улаанбаатарын салхины дээр том сэнс барьж, Богд уулыг нүхэлж утааг зайлуулах гэнэ. Аль уулын орой дээр ямар хэмжээтэй сэнс тавьж, Богд уулын хаагуур нь нүхлэх гээд байгаа юм бол доо. Иймэрхүү уран зөгнөл шиг юмаар хөөцөлдвөл дэмий л цаг алдах байх.
Тэгэхээр Улаанбаатарын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануурын асуудал бас гарч ирнэ. Нүүрсний ордыг нь түшиглээд мэдээж цахилгаан станц баригдана. Төмөр замыг нь нүүрс тээвэрлэдэг биш, харин суудлын хурдан галт тэрэг байнга явдаг болгож их, дээд сургуулиуд голдуу байрлах жинхэнэ дагуул хот болговол нийслэлийн хүн амын нягтаршил, ачаалал үлэмж хэмжээгээр буурна.
Хэрэв хийн хоолой Монголын нутгаар өнгөрөхөөр бол бид нийслэлийн утааны асуудлыг нэг мөр шийдээд зогсохгүй өөрийн нутгаар хий дамжуулсны төлөө байнгын тогтвортой орлого олох болно
гэдгийг бас тэмдэглэх хэрэгтэй юм. Хоёр хөрш их гүрнийг холбосон транзит тээврийн төслүүд томоохон хөрөнгө оруулалтыг татаж манай орны эдийн засгийг шинэ шатанд гаргах тул 2016 оны 6 дугаар сард Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан.
Мэдээж сайхан санаа. Харин манай дарга нар ' тэгээд надад юу унах юм бэ' л гэж харах байхдаа.