-“Түгжилдэх” гэдэг үг мэднэ л биз дээ?
Утгыг нь ойлгохгүй байтугай, хэрэглэж үзээгүй монгол хүн гэж бараг байхгүй дээ. Өнөө цагт хүүхэддээ Түгжил гэдэг нэр өгөх зоригтой эцэг байдаг болов уу? (Байвал ёстой уучлаарай!) Учир нь энэ үг монголчуудын хувьд ердийн нэг хүний нэр байхаа нэгэнт болиод, цаанаа товхийсэн (гэхдээ базаахгүй) утга тээдэг бие даасан үг болсон шүү дээ.
Монгол хэл бичгийн эрдэмтэн мэргэд маань Англи юмуу Японы жишгээр ажилладагсан бол “түгжилдэх” гэдэг үг аль 1960, 70-д оны эх хэлний тайлбар тольд албан ёсоор бүртгэгдэж, “татардуулах” гэдэг үг 2010 оны хэвлэлтэнд шинээр нэмэгдэж, мөн тэр жилийнхээ “Моодны 10 үг”-т нэр дэвших байлаа. Тайлбар дээр нь
-Санаандгүй хэн нэгэнд уруу татагдан архидаад, ажлаа алдах гэж оруулж болох юм. Анзаарч үзвэл маш урт процессийг илэрхийлсэн үйл үг байгаа биз?
-Өчигдөр найзууддаа татардуулчихлаа гэхийг яг тэр нюансаар нь Герман хэлээр илэрхийлэх гэвэл их л сунжирсан юм болох вий.
2015 оны “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” ботийг 2010 оны өмнөх хэвлэлттэй нь харьцуулж харвал “орк”, “лизинг”, “бартердах”, "сөрсөн базаа" гэсэн мэр сэр шинэ үгс анзаарагдах ба, мөн “аних” гэдэг үгийн тайлбарт “Хэн нэгний гуйлтыг мэдсээр байж чимээгүй өнгөрөх” гэсэн шинэ утга нэмэгдсэн байна. 2020 оны хэвлэлтэнд “доржзодовдох” гэдэг үг албан ёсоор бүртгэгдэж, Англи-Монгол нэвтэрхий толь дээр “exposure” гэдэг үгийн тайлбарт хэрэглэгдэж болох юм. Эсрэгээрээ 1980 онд бүртгэгдсэн “шагдардах” гэдэг үг хэрэглэгдэхээ нэгэнт больж, ойлгох хүн ч цөөрсөн тул 2005 оны толинд хаалтан дотор тэмдэглэгдэж, 2010 оны толиноос бүрэн хасагдах жишээтэй.
Энэ мэт бидний байнгын хэрэглээ болсон монгол хэлээ тогтмол бүртгэж, цэгцэлж, баримтжуулж, мөн таниулан сурталчлаад явдагсан бол юутай талархам байхсан. Чухам үүнийг л монгол хэлээ нандигнан хамгаалах үйл хэрэг мөн гэж хэлмээр.
Нэгэн япон багш хүн ярьж байна
Би Япон хэлний тайлбар толины шинэ хэвлэлт бүрийг яг л уран зохиолын ном шиг хуудас ахиулан унших дуртай. Тэнд гарах шинэ үгс, хуучин үгс, мөн үгсийн тайлбаруудыг тогтоон уншихад япончууд бидний бодол сэтгэлгээ цаг үеэ дагаад хэрхэн хувьсаж байгаа нь мэдрэгддэг юм.
Энэ ярианаас “Хэл гэдэг бодол сэтгэлгээний тусгал юм
даа” гэсэн сэтгэгдэл төрнө. Нээрээ л хэл нь байхгүй бол хэрхэн бид сэтгэх билээ?
За тэр яах вэ. Ингэхэд монголоор ойлголцох хэцүү юү, амархан уу?
-Чи монгол хэлээ хэр сайн эзэмшиж, хэрэглэж байгаагаас л хамаарна гэж зарим хүмүүс цэцэрхэх вий. Яг ингээд л бид дутуу ойлголцоод эхэлж байгаа юм. Миний, эсвэл тухайн нэг хүний өөрийгөө ойлгуулах, эсвэл бусдыг ойлгох чадварын тухай ярих нэг хэрэг. Харин бид бүгд нийгмээрээ хэдэн хувьтай бие биесээ ойлгож харилцдаг вэ гэвэл ахиад өөр хэрэг болно.
-Одоо баруун тийшээ эргэ! Биш ээ, ертөнцийн зүгээр баруун тийшээ! гэж үл ойлголцоод осол хийх бол байдаг л түгээмэл үзэгдэл. Ертөнцийн зүгийг илэрхийлдэг өрнө, дорно гэх мэт үгсээ хэрэглэж хэвшээгүйгээс хойш, одоо яах ч билээ
. Аар саархан асуудал мэт харагдавч, үзэл бодол, оюун санааны нэгдэл гэсэн дээд түвшний асуудал дээр энэ мэт будлианы овоолго бүр л хүндрэл тариад байх шиг. Бидний бодол сэтгэлгээний тусгалыг дор дор нь цэгцлээд өгдөг тайлбар толь ч алга, байлаа ч тэрийгээ мөрдөж хэрэглэх боловсрол хэвшил гэж алга
. Тэгэхээр бид эмх цэгцгүй бодож сэтгээд байгаа болж таарав уу? Тийм бол монголоор ойлголцоход хэцүү гэж санагдах нь аргагүй ч юм болов уу...
Уул нь хэл бичгийн шинжээч судлаачид маань монгол хэл болоод түүний хэрэглээний талаар дөмөгхөн шиг судлаад, судалсан үр дүнгээ нийтийн хүртээл болгодог бол тэндээс мөн ч олон зүйл тодорч харагдана даа.
Наад зах нь бидний хэрэглээ хэдэн тооны үгийн сан дотор эргэлддэг болох, ямар үгс хамгийн олон давтамжтай хэрэглэгддэг, гадаад хэлнээс ямар салбарын ямархуу үгс бидний хэрэглээнд түлхүү нэвтэрч байна, гэх мэтээр ухаад судалбал олон сонирхолтой зүйлс тэндээс гарч ирэх учиртай. Цаашилбал монгол хүний сэтгэлгээний цараа, үндэсний онцлог, тухайн цаг үе дэхь нийгмийн чиг хандлага гээд олон чухал асуудлын хариулт ч тэндээс олдох вий. Хэрүүл үргэлжилж байх нь, тэнд ойлголцол байгаагийн шинж гэх философилог үг байдаг. Нээрээ ч нэг нь оросоор, нөгөө нь монголоор хэрэлдье гэвэл юу ч өрнөхгүй биз. Хүн жоом хоёрын хэрүүлийг бол төсөөлөх ч боломжгүй байх. Гээд бодвол, өнөөдөр монголчууд монгол хэлээрээ дээр дооргүй уйгагүй хэрэлдэн суугааг ажихад ойлголцоод л байгаа бололтой. Харин хэр гүнзгий ойлголцдог юм бол доо...
Сэтгэгдэл бичих