Улс орны хөгжил нь тухайн орны нийгмийн, эдийн засгийн, хувь хүний хөгжил бүгд нэгэн жигд хөгжиж байж бодит утгаараа биеллээ олдог. Xарин энэ нийтлэлээрээ эдийн засгийн хөгжил, түүнд хүргэх эдийн засгийн өсөлтийн талаар авч үзье. Эдийн засгийн өсөлт нь улс орны ДНБ-ийг өсгөнө. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ өсч, нийт хүн амын амьжиргааны түвшин сайжирна гэсэн үг юм. Гэхдээ эдийн засгийн өсөлт нь хөгжилд хүргэхэд шаардлагатай боловч хангалттай нөхцөл биш юм.
Түүнчлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагасан байгаль орчны бохирдол, баян хоосны ялгаа зэрэг сөрөг үр дагаврыг мартаж болохгүй ч энэ нийтлэлээр тэр асуудлыг түр хөндөлгүй орхицгооё.
Эдийн засгийг өсгөх үндсэн хүчин зүйлс юу вэ?
БоловсролХувь хүний боловсрол, мэдлэг ур чадварын түвшин нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг.
Хүмүүс боловсролыг тодорхой зорилготойгоор цаг хугацаа зарцуулан олж авсны үр дүнд эдийн засаг дахь “Human Capital” буюу “Хүмүүн капитал”-ыг нэмэгдүүлдэг.
Хүмүүн капитал гэдэг нь ажил эрхэлж баялаг шинээр бүтээж буй хүний нөөц болон хүний боловсрол, мэдлэг чадвар (дадлага туршлага) , эрүүл мэнд зэргийг нэгтгэсэн хэмжигдэхүүн юм. Хүмүүн капитал нь газар, хөдөлмөр, капиталтай зэрэгцэх үйлдвэрлэлийн гол хүчин зүйлсийн нэг бөгөөд, хүмүүн капиталыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж өсөн, улмаар эдийн засгийн өсөлт ч хурдасна. Энгийн жишээгээр бодоход ихэнх ажлын байрны хувьд өндөр чадвартай нэг ажилтны бүтээмж чадвар муутай ажилтнаас их байх нь ойлгомжтой
. Техник технологи эрчимтэйгээр өсч хөгжиж буй өнөө цагт энэ ялгаа нь бүр томорсоор байх болно.
Байгалийн баялаг
Цаг уурын тааламжтай бүсэд орших эсвэл байгалийн баялгаар баян байх нь дотоодын үйлдвэрлэлийн зардлыг багасгахаас авахуулаад тухайн орны эдийн засгийн өсөлтөд нь таатай нөлөө үзүүлэх үндсэн хүчин зүйлс юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн хөгжил бусад орнуудаас доогуур байсаар байна
. Энэ үзэгдлийг “Байгалийн баялгийн хараал” гэж нэрлэдэг.
Яагаад улс орны эдийн засагт харьцангуй давуу талыг олгох ёстой байгалийн баялаг нь нэмэр битгий хэл нэрмээс бүр цаашлаад хараал болно вэ?
Үүнийг үндсэн 4 шалтгаанаар эдийн засагчид тайлбарладаг.
1. Уул уурхайг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт болон баялгийн экспортын орлого нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн, дотоодын үнийн өсөлт (инфляци), үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулдаг. Энэ нь гадаад зах зээл рүү нийлүүлдэг экспортын бараа бүтээгдэхүүний гадаад валютаар илэрхийлэгдэх үнийг нэмэгдүүлснээр гадаадын бараатай өрсөлдөх чадварыг нь бууруулдаг байна. Улмаар энэ нь уул уурхайгаас бусад дотоодын салбарыг уналтад оруулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.
2. Уул уурхайн салбарын тойрсон ашиг хонжоо хайх явдал нэмэгдэх. Байгалийн баялгаас орж ирэх томоохон ашиг орлого нь тэдгээрээс хувь хүртэх эрмэлзлийг нэмэгдүүлж, авлига хээл хахууль, төрийн хүнд суртал, засаглал доройтох шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаас ашиг хонжоо хайгчид төрийн эрхэнд гарах, нэг гарсан бол тэндээсээ буухгүйн төлөө бүхий л арга хэмжээг авахыг хүсэх бөгөөд энэ нь засаглалын чанарыг доройтуулдаг байна.
3. Уул уурхайн салбар нь технологийн хувьд харьцангуй дэвшил багатай тогтвортой байдаг бөгөөд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болох технологийн дэвшлийг дэмждэггүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын өндөр орлого нь тухайн салбар дахь цалингийн түвшинг нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчинг татахад голдуу төвлөрч, шинэ технологийн дэвшилтэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй.
4. Уул уурхай нь тухайн улс орны эдийн засгийг хэлбэлзэл ихтэй түүхий эдийн үнээс хэт хамааралтай хэврэг, тогтворгүй болгодог.
Төрийн үүрэг, институцийн чадавхи
Шинэ сонгодог онолын эдийн засагчдын нөлөөгөөр өнөөг хүртэлх эдийн засгийн хөгжлийн онолд эдийн засаг дахь төрийн үүрэг, байр суурийг байж болох хамгийн бага хэмжээнд тодорхойлсоор ирсэн. Гэвч дээрх эдийн засгийн гол хөшүүргүүдийг зөв зохистой ашиглах, нэмэгдүүлэх тал дээр хамгийн эхний нөхцөлийг бүрдүүлэгч төр, төрийн институцууд, тэндээс гарах хууль, дүрэм журам гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл төр гэдэг бол тоглоомын дүрмийг гарган, түүний хэрэгжилтийг хянах хянагч. Xарин энд дурдаж буй төр, төрийн институци гэдэг нь үйл ажиллагааны ил тод байдал (transparency), чухал юм. Түүнчлэн хуулиа чандлан сайн мөрддөг, хуулийн дагуу бүгдэд эрх тэгш үйлчилдэг, холбогдох төрийн (нийтийн) ажилтнуудынхаа буюу өөрийн гаргасан алдаа дутагдалдаа хурдан шуурхай хариуцлага тооцдог чадвар (accountability) –тай байх ёстой.
Техник технологийн дэвшил
Хэдий чинээ шинэ санаа, дэвшилтэд техник технологи үйлдвэрлэлд хэрэглэгдэж байна төдий чинээ эдийн засгийн өсөлт хурдацтай явагдана
. Гэвч шинэ технологи зохион бүтээж түүнийг амьдралд нэвтрүүлэх үйл явц нь хөгжиж буй улс орны хувьд ихээхэн төвөгтэй бөгөөд ярвигтай асуудлын нэг.
Харин энэ асуудлыг хөнгөвчилж шинэ санаа, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд шиниийг эрэлхийлэгч, авьяаслаг зохион бүтээгч хувь хүн, пүүс компаниудаа төрөөс дараах 3 нөxцөлөөр хангах хэрэгтэй .
1. Төрөөс хүмүүсийн бүтээлч чанарыг дэмжих, нэмэгдүүлэх хууль дүрэм боловсруулахаас гадна хувь хүн болон пүүс компаниуд шинэ санаа, бүтээлээ турших эрх зүйн орчныг хангах хэрэгтэй. Түүнчлэн төр шинэ техник технологиос үүдэлтэй эмх замбараагүй байдал, эсэргүүцэл олонхийн дунд үүсэхээр байвал урьдчилан бэлдэж, зохицуулах шаардлагатай.
2. Технологийн дэвшлийг дэмжсэн хөрөнгийн зах зээлийн орчныг сайжруулах. Шинэ санааг бүтээгдэхүүн болгох, зах зээлд нэвтрүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдахаас гадна үр дүн нь тодорхой бус учир эрсдэл дагуулдаг.Төрөөс хөрөнгийн зах зээлд оролцож буй пүүс компанийн хөрөнгийн зарцуулалтыг хянах, эрсдэлийн хуримтлалыг үүрэг болгох зэрэг нэмэлт журам гаргаж түүний гүйцэтгэлийг хянаснаар хөрөнгө оруулагч эрсдэлээс айлгүй инновацид хөрөнгө оруулж зохион бүтээгч, шинийг санаачлагчид өөрсдийн санаагаа бодит болгох боломжтой болно.
3. Цэвэр өрсөлдөөнийг дэмжих. Өрсөлдөөнт зах зээл дунд пүүс компаниуд үргэлж өөрийн бүтээгдэхүүн, техник технологийг сайжруулж цаг тутам улам сайжран хөгжиж явахгүй л бол өөрийн байр сууриа өрсөлдөгчдөдөө алдаж зах зээлээс шахагдан гарах аюултай. Ийм эрсдэлд орохгүйн тулд бүгд шинэ санаа, дэвшилтэт техник, технологид бүх нөөц бололцоогоо цаанаасаа бүх хүчээрээ дайчлах болно.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих нэг дэхь хүчин зүйл боловсрол, түүнийг илтгэх гол хэмжүүрийн нэг хүмүүн капиталыг авч үзье.
Дэлхийн Эдийн Засгийн Форум-с гаргасан 2015 оны “Хүмүүн капитал”-ын индексийн жагсаалтад манай орон 124 орноос 51-р байранд орж, 1-т бичигдэж буй Финляндаас 15 онооны л зөрүүтэй гарчээ. Муугүй үзүүлэлт. Цөөхүүлээ ч зөв салбар, зөв зах зээлээ сонгож түүгээ эрчимтэй хөгжүүлж чадвал бидэнд дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэн, дэлхийн зах зээлд өрсөлдөх боловсон хүчин байна гэдгийг харуулж байна гэхэд хилсдэхгүй болов уу.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хоёр дахь хүчин зүйл байгалийн баялгийн хувьд ч бидэнд хангалттай нөөц бий.
Xарин үүнийгээ “Баялгийн хараал”-д өртөлгүйгээр хэрхэн үр ашигтай зарцуулах вэ? гэдэг асуудалд санаагаа чилээхгүй бол болохгүй.
Нийтийн эрх ашгаас, өнөөдрийн өөрт ноогдох хувь, ашиг хонжоо хайгчдаас хэрхэн хамгаалж эх үүсвэрээ зардал, хөрөнгө оруулалт болон хуримтлалд үр ашигтайгаар хуваарилах вэ? гээд нэн түрүүнд шийдэх олон асуудал байна. Жишээлбэл уул уурхайгаас орж ирэх мөнгөн орлогоо эрх мэдэлтнүүд нь хувьдаа завших, энгийн иргэд бид баялгийн хишиг гэсэн ам тосдоод өнгөрөх өчүүхэн жаахан халамжийн мөнгөнд хууртагдаж баялгаа үрэн таран хийсэн хам хэрэгтэн болохгүйгээр тусад нь “Хөгжлийн сан” нээн түүний орлого, зарлага бүгд ил тод, олон нийтийн хяналтан доор явагдахаар байх бодлогыг авч хэрэгжүүлэх. Энэ “Хөгжлийн сан” -аасаа эдийн засгийн өсөлтийн хөшүүргийн нэг болсон дэвшилтэт техник технологи, шинэ баялаг бүтээх инновацийн салбараа санхүүжүүлж дэмжих гэх мэтээр…
Гэвч эдгээр нь манай орны төрийн институцийг уг үндсээр нь сайжруулахаас нааш биелэлээ олохгүй. Өнөөдрийн эдийн засгийн тогтворгүй байдал бол эдийн засагтай холбоотой хүчин зүйлсээс биш, төрийн институцаас үүсэлтэй хямрал гэж хэлж болохоор. Эдийн засагч, нийгэм судлаач гээд мэргэжилтнүүд хэчнээн сайхан онол, зөв зааварчилгаа гаргасан ч бодлого боловсруулах түвшинд очоод гацна. Бодлого боловсруулагч, хэрэгжүүлэх анхан шатны орчныг бүрдүүлэгч нь төрийн институц, түүнийг хөдөлгөгч улс төрчид энэ хэвээр байвал, бусад хүчин зүйл нь бүрдээд, хөгжлийн сайхан боломж гарч ирээд байхад бидний зам мухардах болно.
Гэхдээ энэ нь бүгдийг улс төрчдөд даатгаад бид зүгээр сууна гэсэн үг биш юм. Бид эхлээд хамгийн түрүүнд юу хийх вэ? Хариулт нь их энгийн хүн болгонд гарааны тэгш эрх олгодог ардчилсан нийгэм дэх төлөөллийн ардчилал бидэнд сонгуулиар дамжуулан бүгдийг шууд бус биш ч шийдэх эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл намын удирдлага болон УИХ-ын гишүүний сонголтод ул суурьтай, бодолтой хандаж ухаалаг сонголт хийх замаар өнөөдрийн төрийн институцийн гажуудлыг засахад өөрийн хувь нэмрээ оруулах явдал юм.
Э.Хонгорзул
Зөвлдөө яг л таны бичсэн шиг бгаа гэхдээ нидэр дээрээ нам л асуудлыг шийднэ. Хэнийг дэвшүүлэх вэ ямар бодлого баримтлах вэ гээд л, төрийн институцуудын нөлөөлсөн хямрал байгаа нь байгаа. Гэхдээ энэ бүхний гол эх үүсвэр нь нам. гол эрх барьдаг 2 намд ямар ч төлөвшил тогтсон үзэл баримтлал бодлого алга. Зүгээр л сонгуульд зориулагдсан мэт ажилладаг. Учир нь пр талаа л хардаг. олонд танил бөх зохиолч нэвтрүүлэгч гм хүмүүсийг сонгуульдаа ашигладаг нь бодлого гаргах боловсон хүчингүй болгодог, чадвахгүй сонгогдсон хүмүүс нь яадаг гэхээр жүжиглэдэг бас зарим нь хулгай луйвар хийдэг. Тэгэхээр энэ бүхнийг яаж шийдэх вэ гэвэл хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийнхээ хажуугаар сонгохгүй байх бидний төрмөл сонголт бий. Учир нь 2 намаас одоо сонгогдох хүний нөөц бхгүй болтлоо дампуурсан. Өөрсдөө ч сайн мэдэж бгаа. 20 онд Сонгох сонголтгүй олон нэр дэвшигчидийг л бидэнд санал болгоно доо. Одоо тэгэхгүй ээ. Бид сонгогчид биш ард түмэн. Алийг нь ч хэнийг нь ч сонгохгүй байя. Энэ нь 2 намд том боломж өгч бгаа юмаа. Жоомоо ална уу, алах гэж бгаад гэрээ шатаана уу тэдний сонголт. Бас олон хүнийг гэмт хэрэг хийхээс нь болиулж тэднийг хамгаалж бгаа юмаа. Ингээд ч Нам цэвэршиж төлөвшиж чадахгүй бол устах хэрэгтэй. Тэрийг нь ч бид хийж өгч болно. Зүгээр л сонгохгүй тайван замаар шийдэж өгч болно доо. Санхүүжилт нь ил, төлөвшилсөн, үзэл баримтлалтай, агуулагаа өөрчлөгддөггүй хөгжлийн бодлоготой, хэрэгжүүлэх механизмтай бас хүний нөөцтэй, хуульч эдийн засагчид нь өндөр боловсрол этиктэй ийм л нам хэрэгтэй. Бөхийн мэх шүлэг 2оор нийгмийн асуудал шийдэхгүй ээ. Институтийн завхралын эх үүсвэр нь УИХ гишүүн ЗГ ын гишүүн байдгаас үүдэлтэй. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Энийг засах хүсэл 2 намд аль нь дч бхгүй г бид харсаар л бна. Төлөөллийн ардчилал нь намаар дамжиж сонгогдож удирдах ёсонд шилжиж бгаа бол энэ бүх асуудлыг цэгцлэхэд #Намуудаа л өөрчлөх хэрэгтэй болж бна даа. Дээрээс нь хэлэхэд нийгэм уур бухимдалтай бна. гэлээ гээд хүчирхийлэлийн замаар хэрхэвч шийдэх гэж оролдох хэрэггүй шүү авилга хулгай эсрэг хүчирхийлэлээр тэмцэж ялсан түүх дэлхийд бхгүй шүү. Одоогийн Улс төрчдийн явуургүй популизмаас хоорондоо талцаж болохгүй шүү та минь. Цаг хугацаа харуулаад өгнө биз энэ бол зүгээр миний сэтгэгдэл шүү, миний буруу байж болно шүү. Ямар нэгэн юманд уриалан дуудаагүй шүү. Дээрхи нийтлэл их таалагдлаа.