Хүн төрөлхтний түүхийн хуудас нэг оноор зузаарч, ирэх оноо угтан авах гэж байна. 2018 онд trends.mn уншигч та бүхэнтэй хамт олон улсын болоод Монгол улсын нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн нийтлэгчид болон редакцийн бэлтгэсэн мэдээ мэдээллээс цувралаар тоймлон хүргэж байгаа билээ.
Энэ удаа зөв бодлого хэрэгжүүлсэн улс орон хэрхэн богино хугацаанд хөгжиж, буруу бодлого хэрэгжүүлсэн орон хэрхэн богино хугацаанд нуран унаж байгаа тухай асуудлуудыг хөндөж бичсэн нийтлүүдийг хүргэж байна.
Японы хөгжлийн нууц болон цаашдын сорилт, шийдлээс
Дэлхийн II дайны үнс нуранги дундаас маш богино хугацаанд эдийн засгаараа олон улсад тэргүүлэгчдийн нэг болж цойлж гарч ирсэн Японы хѳгжлийн түүх одоо ч олон хүнийг гайхшруулдаг. Хирошима, Нагасаки хотуудад цѳмийн бѳмбѳг дэлбэрснээс хойш ердөө 20 хүрэхгүй жилийн дотор буюу 1964 онд Токиод Олимп зохион байгуулагдаж, анхны Шинкансен хурдан галт тэрэг ашиглалтанд орж байв
. Арлын орны энэхүү үсрэнгүй хөгжлийн амжилтыг “Японы эдийн засгийн гайхамшиг” (Japanese economic miracle) гэж нэрлэх нь түгээмэл. Японы хѳгжлийн нууцыг Япон хүний онцлогтой холбоотой гэж үзэх нь бий. Мэдлэг боловсролыг чухалчилдаг уламжлал, нарийн деталийг ч орхидоггүй няхуур нямбай зан, хѳдѳлмѳрч хичээнгүй соёл, багаар үр дүнтэй ажиллах чадвар зэрэг үндэстний онцлог нь улсын хөгжилд тусалсан нь лавтай.
Аялал жуулчлал бол Тайландын эдийн засгийн 20% орчмыг бүрдүүлж, жилдээ $70 гаруй тэрбумын валют олдог чухал салбар
. Дулаан уур амьсгал, үзэсгэлэнтэй далайн эргүүд, ѳвѳрмѳц соёл, амттай хоол, шѳнийн амьдрал нь сая сая жуулчдыг соронз шиг татна. Жилдээ хүлээн авдаг жуулчны тоогоор Бангкок хот сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж буй. Одоо Тайланд жилдээ 35 сая орчим жуулчин хүлээн авдаг бѳгѳѳд, дараагийн 10 жилд 68 саяд хүргэхийг зорьж байгаа юм байна
. Хятадын хурдтай ѳсѳлт олон сая жуулчдыг бий болгосноор, ѳдгѳѳ Тайландыг зорих аялагчдын 30%-ийг Хятад дангаараа бүрдүүлэх болж
. Мѳн барууны зарим хѳгшчүүл боломжийн үнээр тансаг байшин аваад залуу Тайланд эхнэртэй цуг тэтгэврийн насаа ѳнгѳрѳѳхийг ч сонирхох болсон...
Камбожийн хурдацтай хѳгжил нь хѳрѳнгѳ оруулагч нарын анхаарлыг татах болж, гайхалтай түүх, үзэсгэлэнтэй байгаль, хямд үнэ нь сая сая жуулчдыг дуудах болжээ
. Олон хүний зүрх сэтгэлийг татаж, нүдийг нээсэн аялал болдог учир аяллын зѳвлѳгѳѳ ѳгдѳг сайтууд дээр Камбож тогтмол топ байруудад жагсаж буй. Анжелина Жоли Камбож иргэншилтэй болсон нь санамсаргүй хэрэг биш болов уу. Нийслэл Пном Пеньд шинээр баригдах барилгууд Камбожийн эдийн засгийн хурдтай ѳсѳлтийг илэрхийлнэ. Харин гудамжаар нь том том Land 200 эсхүл Range Rover, G-классууд мотоцикль, хуучин Camry, Prius-тай зэрэгцэн хѳлхѳлдѳх нь бий болж буй ѳсѳлт тэгш бус хуваарилагдаж буйг харуулна...
ВЕНЕСУЭЛИЙН ТРАГЕДИ: Итгэл үнэмшил ба сонголтын тухай
Халтар Царайт гэж баян хоосноороо гүүрний хоёр талд гарсан савангийн дуурьд автаад тэрийгээ яс хуулсан хот байгуулсан монголчууд нэг ийм онигоо зохиож. Венесуэлчүүд ч гүүрийг тултал ашиглах юм аа гэнэ. Дайн дажингүй баялаг сайхан эх орон, төрсөн гэрээ орхиод сая саяараа гүүр даван дүрвэхэд хүрсэн Венесуэлчүүдийг хэлж байгаан. Асуудал инээдэм биш ханиадам болоод байгааг наад захын хэдхэн баримтаас харж болно. Венесуэльд хүн амины хэрэг, хүчирхийллээр 2016 онд 28000 орчим амь хүн үрэгдсэн нь гэмт хэргийн гаралтаар дэлхийд ганц Эль Салвадорьтой өрсөлдөж байна.
Нэг харьцуулах тоо хэлье, 80 жилийн ой нь дөхөж буй Халх голын дайнаар Зөвлөлт, Монголын талаас ойролцоогоор 20 мянган хүн үрэгдсэн байдаг...
Чингисийн Монгол Оттоманы Туркийн араас орох уу?
...Эрдоганы Шударга ёс хөгжлийн нам төрийн эрхэнд гарсан 2002 оноос 2000-аад оны сүүл үе хүртэл Турк улс эдийн засаг тогтвортой, хурдтай өсч, дундаж анги нэмэгдэж, Европын Холбоонд гишүүнээр элсэх юм яригдаж байв. Тив дамнасан ардчилал, Исламын итгэл найдвар гэгдэж байлаа. Даанч тэндээс Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Эрдоган улсын ба өөрийн амбиц гэсэн салаа замаас сүүлийнхийг нь сонгож авчээ. Эндээс болон ер нь Хитлерийн Герман гэх мэтээс ч харж болох нэг сургамж бол элдэв юмтай удирдагчдын төрөл үүслийг зөвхөн эдийн засаг ба ядуурлаар тайлбарлах боломжгүй гэдэг нэг зүйл. Баяжлаа баяжлаа гэвч барын аманд бас ордог байна.
Тиймд нэг удирдагчийн хувийн амбиц бүтэн улс үндэстний замнал болж хувирах явцыг илүү урт цаг хугацааны өгөгдөл, нийгэм соёлын өргөн агуулгад харах ёстой бололтой. Энэ утгаараа Эрдоганизмын цаадтай өнгийж үзвэл эх орны чинь зарим нэг асуудал ба заримдаг дүрүүд шинэ гэрэлд харагдаж магадгүй юм...
Жэк Ма болон Алибаба групын амжилтын нууц
Жек Ма Алибабагаар дамжуулж Хятадын жижиг дунд бизнесийг хөгжүүлж, боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ажилтай болгосон
гэнэ. Үүнийгээ бизнес загвар биш байгууллагын соёл, хүний хөгжлийг анхнаасаа эрхэм зорилго болгосон тул гэж хэлж байна билээ. Амжилтын дараагийн нууц нь бие биенээсээ тэс өөр зан авир, хандлагатай хүмүүсээс бүрдсэн удирдлагын баг гэнэ. Энэ ялгаатай хүмүүс асуудлыг өөр өөрийн өнцгөөс харж, бие биенээ хурцалж, татаж, зөвшилцөж шийдвэр гаргадаг байжээ. Одооний санхүү эрхэлсэн захирлаа л их магтана билээ. Бараг албан тушаалыг нь авсан байх аа. Өөрчлөгдөж чаддаг хүн л хөгждөг юм гэж айлдав.
Моралтай улс орон, ард иргэд хөгждөг: Орчин үеийн капитализм ба Голланд
Голланд улсын хөгжлийн түүх нь орчин үеийн капитализмын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой.
15-р зуунд Португали, Испаниас эхлэлтэй дэлхийн колончлолын үед Голландчууд орчин үеийн капитализмыг үүсгэн байгуулсан түүхтэй
. Голланд тусгаар тогтнохоосоо өмнө Испанитай явуулж байсан худалдаа нь тэр үеийн Голландын эдийн засгийн гол эх үүсвэр байжээ. Голланд тусгаар тогтносны дараа Испанийн хаан Голландын бүх боомтыг бүслэлтэд авч үйл ажиллагаа явуулах бололцоогүй болгосон юм.Үүний нэг жишээ нь Голландын худалдааны ямар ч онгоц Испанийн хил хязгаарт орохыг бүр мөсөн таслан зогсоосон байна. Ингээд Голландын эдийн засаг оршин тогтнох ямар ч бололцоогүй болсон...
Моралтай улс орон, ард иргэд хөгждөг: Израйлийн хөгжлийн түүхээс
Хүн төрөлхтний эдийн засгийн амьдрал ан агнуур, түүвэр, газар тариалан мал аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн эдийн засгаас өнөөдөр мэдлэгийн эдийн засаг гэсэн цоо шинэ эдийн засгийн соёл иргэншил рүү шилжиж эхэлж байна.
Мэдлэгийн эдийн засгийн соёл иргэншил нь дэлхийн тэргүүний шинжлэх ухааны хөгжлөөр дамжиж цоо шинэ мэдлэгийг бөөнөөр нь үйлдвэрлэж, энэ их мэдлэгийг мөнгө болгон хувиргаж, хувиарлах соёл иргэншил юм. Шинжлэх ухаан нь мөнгийг мэдлэг болгодог, инноваци нь мэдлэгийг мөнгө болгодог соёл иргэншил гэж тодорхойлж байна...
УДИРДАГЧ НЬ МОРАЛТАЙ УЛС ОРОН ХӨГЖДӨГ: Солонгосын хөгжлийн түүхээс
...Кимчинээс өөр ямар ч үйлдвэрлэлгүй Солонгос орныг генерал Пак дэлхийн гүрэн болгон хөгжүүлэх асар том зорилго тавин ажилдаа оржээ. Генерал Пак хамгийн түрүүнд гадны зээл тусламж авахаар хөөцөлдөж эхлэв. Гэтэл Солонгост найдаж, зээл өгөх орон олдсонгүй. Генерал Пак Солонгосын хөдөөгийн хоцрогдсон ядуу суурингуудыг өөрчлөх зорилт тавин Германаас авсан зээл тусламжаар хамгийн түрүүнд 40 аж үйлдвэрийн комплексыг Солонгос орны бүс нутгуудын ирээдүйн хөгжлийг төлөвлөн байгуулжээ
. Юуны өмнө оймс, цамц, өмдний гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн паркуудыг бүтээн босгосон. Улмаар эдгээр 40 аж үйлдвэрийн цогцолбор томоохон хотуудын хэмжээнд хөгжиж бүс нутгийн хөгжлийн төвүүд болжээ...
Сэтгэгдэл бичих