Үндсэн хуулийн 27 жилийн ойг тохиолдуулан 1992 оны үндсэн хуулийн зүйл заалт болон төрийн хуваарилалтын эрх мэдлийн тухай 2015 онд бичиж байсан нийтлэлээ дахин хүргэж байна.
Аливаа улс төрийн нам, түүний гишүүд юун түрүүн үндсэн хуульт ардчиллынхаа суурь зарчмыг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд энэ тогтолцоог устгах төсөл, хөтөлбөр боловсруулж үйл хэрэг болгохоор ажиллаж байгаа намыг сонгуульд оролцуулахаас татгалзаад зогсохгүй албадан тараах Үндсэн хуулийн үндэслэл бий (үүнийг хууль тогтоомжид нарийвчлан заах хэрэгтэй).
Гэтэл, сүүлийн жилүүдэд МАХН Монгол Улс дахь парламентын засаглал, ардчилсан дэглэмийг устгаж бараг хязгааргүй эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн засаглал буюу дарангуй дэглэм рүү шилжүүлэх, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгааг үгүй хийх агуулгатай Үндсэн хуулийн төсөл боловсруулж сурталчилж байна. Энэ нь Үндсэн хуульт ардчиллын бараг бүх суурь зарчмуудыг үгүйсгэсэн төсөл харагдсан.
Мөн, 2018 оны наймдугаар сарын 21-нд МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ын дарга нар 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг үгүйсгэж, либерал ардчилсан дэглэмд аюул учруулж мэдэхүйц Шинэ дээд хууль гэгчийг батлах саналтайгаа хамтран мэдэгдэв. Иймээс, 1992 оны Үндсэн хуулиар хэрхэн хүний эрхийг баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт тэнцэлийг хангасан талаарх "Анхны жинхэнэ ардчилсан Үндсэн хууль" нийтлэлийнхээ гол агуулгыг олон нийтэд дахин хүргэх нь зүйтэй гэж миний бие үзлээ.
1789 оны Хүний ба иргэний эрхийн тухай Францын тунхгийн 16-р зүйлд “Хүний эрхийг хангаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль оршдоггүй” гэж заасан байдаг.
Ардчилсан үндсэн хуульт ёс үүсэхэд чухал хувь нэмэр оруулсан уг баримт бичгийн энэ заалтад буй хоёр шалгуураар үндсэн хуулиудыг үнэлж, хуурмаг болон жинхэнэ гэж ангилдаг
байна. Тодруулбал, нэгд хүний эрхийг зүгээр нэг тунхаглаад орхисон уу эсхүл үнэхээр бодитой эрх болгож хамгаалсан уу, хоёрт төрийн эрх мэдлийг хуваарилж дур зоргоороо аашлах боломжийг хязгаарлаж чадсан уу гэдэг ердөө хоёрхон шалгуураар үндсэн хуулиудыг үнэлж болно.
Монгол Улс түүхэндээ нийт дөрвөн Үндсэн хуулийг баталсан боловч дээрх хоёр шалгуураар авч үзвэл зөвхөн 1992 оны Үндсэн хууль жинхэнэ ардчилсан Үндсэн хуульд тооцогдох бөгөөд өмнөх социалист Үндсэн хуулиуд энэ шалгуурыг давж чадаагүй юм.
Социалист Үндсэн хуулиуд
1990 оноос өмнө Монгол Улсад ардчилсан тогтолцоо байсангүй.
1911 он хүртэл дундад зууны төрт улстай байлаа. Харин 1911-1924 онд Богд хаант Монгол Улсын үед үндсэн хуульт хаант засгийн тогтолцоонд шилжих тодорхой алхмуудыг хийж байжээ. Тухайлбал, орчин үеийн төрийн зохион байгуулалтын хэлбэр болох яамд бий болсон байна. Монголын эрдэмтэд, үндэсний лидерүүд Англи, АНУ, Норвеги, Мейжигийн Япон, Прүссийн Герман зэрэг улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан судлан Үндсэн хуулийнхаа төслийг боловсруулсан байдаг. Гэвч, Коминтерний төлөөлөгч нарт уг төсөл таалагдаагүйн улмаас 1918 оны Оросын Үндсэн хуулийн социалист үзэл баримтлалаар төслөө дахин боловсруулахыг тулгасан байна. Ингээд Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулийг баталснаар дэлхий дээрх хоёр дахь социалист улс болсонюм. Социализмын үед монголчууд де юрэ буюу хууль зүйн хувьд тусгаар тогтнолоо олж, эрүүл мэнд, боловсрол, ахуйн соёл, хотжилт, аж үйлдвэржилт зэрэгт урьд өмнө байгаагүй дэвшил гаргасан ч де факто буюу бодит байдал дээр зарим ноцтой асуудлууд байсан нь тухайн үеийн дэглэм, түүний үндсийг тогтоосон Үндсэн хуулиудтай холбоотой байлаа. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист тогтолцооны суурь болж байсан юм.
Үндсэн эрх болон эрх мэдлийн хуваарилалт гэсэн үндсэн хуулийг хэмжих хоёр шалгуураар авч үзвэл 1990 оноос өмнөх манай социалист Үндсэн хуулиуд /Хойд Солонгос, Хятадын одоогийн үндсэн хуулиуд мөн адил/ бол жинхэнэ буюу ардчилсан үндсэн хууль биш
юм. Нэгдүгээрт, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх, эрх чөлөөг тунхагласан боловч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй бөгөөд хориглодог байлаа. Жишээлбэл, намын үзэл сурталд харш, эсхүл МАХН-ыг шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс хавчигдан гадуурхаж, хэлмэгдэж байв. Хамгийн ноцтой нь социалист үндсэн хуулиар иргэдээ “жинхэнэ ард ба бусад” гэж албан ёсоор ангилж, язгууртан, хөрөнгөтөн, лам нарыг ялгаварлан гадуурхаж, улмаар олон мянган иргэдийг хэлмэгдүүлэхэд хүрсэн юм. Хоёрдугаарт, социалист үндсэн хуулиуд жинхэнэ үндсэн хууль биш байсны нэг нотолгоо нь төрийн бүх эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэх зарчмыг баримталсан явдал. МАХН, ялангуяа намын удирдлагад төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, дур зоргоороо авирлах боломжийг нээсэн байлаа. Хараат бус шүүхийн тогтолцоо ч байсангүй. Товчдоо, хуулийн засаглал бус нэг намын болон намын удирдлагад байсан хүмүүсийн засаглал оршиж байв.
1992 оны Үндсэн хууль ба хүний эрх
1992 оны Үндсэн хууль бол “Хүний ба иргэний эрхийн тухай” тунхагт заасан хоёр шалгуурыг хангасан анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль гэдгээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой. Юуны өмнө, энэ Үндсэн хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан юм. Бид өнөөдөр бодит амьдрал дээр үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших хийгээд сонгох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломжтой байна. Цаазаар авах ялыг бүр мөсөн халсан, гүтгэх ерөнхий гэмт хэргийг Эрүүгийн хуулиас (гэвч, сонгуулийн үед илт худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож буй) халсан.
Бид өнөөдөр бодит амьдрал дээр үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна
Хүний эрхийн олон улсын Фрийдом Хаус гэдэг байгууллага бий. Энэ байгууллага нь иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх судалгааг жил бүр явуулан дэлхийн улс орнуудыг 1-7 хүртэлх оноогоор дүгнэж, эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн 3 ангиллаар ардчиллын чанарыг хэмждэг. Аливаа улс 1-2.5 оноо авбал эрх чөлөөтэй, 3-5 оноо авбал хагас эрх чөлөөтэй, 5.5-7 оноо авбал эрх чөлөөгүй гэсэн үг. Энэ судалгаагаар манай улс 1991 оноос хойш эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтаж ирсэн юм. Фрийдом Хаусын судалгаагаар дэлхийн постсоциалист улсуудаас Төв болон Зүүн Европын Чех, Польш зэрэг улсууд болон Монгол Улс л “эрх чөлөөтэй”. Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсуудаас ганцхан Монгол “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж байна. Казакстан, Узбекстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнууд болон Хятад, Орос улсууд “эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтдаг. Зүүн хойд Азид зөвхөн Монгол, Япон, Өмнөд Солонгос гэсэн гуравхан улс л “эрх чөлөөтэй”-д тооцогддог. Энэ судалгаа Монголд иргэний болон улс төрийн үндсэн эрх бодитойгоор хэрэгжиж байгааг илэрхийлдэг.
1992 оны Үндсэн хууль ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
“Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх” гэдэг жинхэнэ үндсэн хуулийн хоёр дахь шалгуурыг ч 1992 оны Үндсэн хууль мөн давсан. Төрийн эрх мэдлийг хуваарилах гэдэг нь төрийн чиг үүргүүдийг өөр өөр этгээдээр хэрэгжүүлүүлэхийг хэлж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг тусгасан бодлогыг хууль болгон баталдаг хууль тогтоох эрх мэдэл, батлагдсан хуулийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх эрх мэдэл, хуулийг зөрчсөн эсэх маргааныг төвийг сахисан байр сууринаас хараат бусаар шийдвэрлэх шүүх эрх мэдэл гэсэн гурван салаанд төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Энэ бүх эрх мэдлийг нэг хүн (жишээ нь, ерөнхийлөгч эсхүл хаан) хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг гэдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх хангалттай нотолсон. Товчхондоо, төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн хэрэг. Энэ онолыг Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар нь анх тодорхойлж, АНУ-ын Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон байдаг.
1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилахдаа хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-аас эмхлэн байгуулсан Засгийн газар (болон ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч), мөн шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэдгийг тодорхой зааж өгсөн юм.
Гэхдээ, төрийн эрх мэдлийн гурван салаа нь тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлээд зогсохгүй нэг нэгэндээ хяналт тавьж, харилцан тэнцэлтэй байх ёстой.
Жишээ нь, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл харилцан бие биеэ хянах боломжтой. УИХ Засгийн газрыг эмхлэн байгуулж, түүний хэрэгжүүлэх хуулийг баталдаг бол УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн, эсхүл бодлогын хувьд алдаатай гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавьж болдог. Энэ хоригийг УИХ дийлэнх олонхын саналаараа давж чадсан тохиолдолд л тэр хууль нь хүчин төгөлдөр үлддэг. Хууль тогтоох болон шүүх эрх мэдэл мөн адил. УИХ шүүхийн бүтцийг тогтоосон хуулийг баталдаг бөгөөд шүүх хуулийг хэрэглэж хэрэг, маргааныг шийдвэрлэх ёстой. Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх явцдаа хуулийг тайлбарладаг бөгөөд хуулийн тайлбарын талаар маргасан тохиолдолд аль тайлбар хүчин төгөлдөр вэ гэдгийг Улсын дээд шүүх хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх жишээтэй. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар шийдвэрээрээ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгодог.
Түүнчлэн, шүүх болон гүйцэтгэх эрх мэдэлд ч хяналт, тэнцэл тодорхой хэмжээнд бий. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангадаг бол Захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг шийдвэрлэж хариуцлага хүлээлгэдэг. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш учраас эрүүгийн болон иргэний шүүх ч төрийн аливаа албан тушаалтан болон улс төрчид холбогдсон маргааныг төвийг сахиж шийдвэрлэх үүрэгтэй. 1992 оны ардчилсан Үндсэн хуульд энэ мэтээр төрийн эрх мэдлийн гурван салааг харилцан хяналт-тэнцэлтэйгээр хуульчилж өгсөн юм.
Ардчилсан сонгуулийн ач холбогдол
Төрийн эрх мэдлийг хуваарилах талаарх ярианд ардчилсан сонгуулийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, төрийн эрх мэдлийн эх үндэс нь ард түмэн. Ардчилсан нийгэмд иргэд хэн нэгний тогтоосон хуульд бус харин өөрсдийн сонгосон төлөөлөгчдийн баталсан хуульд захирагдаж амьдардаг учраас эрх чөлөөтэй. Ард түмний сонгосон хүмүүс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрх ардчилсан сонгуулийн дүнгээр улс төрийн нам, эвслийн хооронд шилждэг.
Монголд парламентын сонгуулийг нийт 8 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг нийт 7 удаа амжилттай явуулжээ. Энэ бүх сонгуулийн үр дүнгийн дагуу төрийн эрх мэдлийг хүч хэрэглэхгүйгээр нэгээс нөгөөд шилжүүлж ирсэн байна. Жишээ нь, 1996 онд МАХН Ардчилсан холбоо эвсэлд, 2000 онд Ардчилсан холбоо эвсэл МАХН-д, 2012 онд МАН Ардчилсан намын бусад нам, эвсэлтэй байгуулсан эвсэлд Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх мэдэл очсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс, эрх баригч ямар ч нам байсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, үүний дагуу эрх мэдлийг сөрөг хүчинд шилжүүлэн өгдөг болсон нь өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудын нэг яах аргагүй мөн.
Монголд сонгууль булхайтай явагдсан гэх хардалт, шүүмжлэл гардаг. Ер нь эхнээсээ төгс шударга явдаг сонгууль гэж байхгүй. Дэлхийн бусад ардчилсан орнуудын түүхэнд ч сонгуулийн булхай гарч байсан, харин түүнийгээ аажмаар багасгах замаар шийдэж иржээ. Харин манай сонгуулиуд харьцангуй шударга явж ирсэн байдаг. Үүнийг гадны ажиглагч, судлаачид ч хэлдэг. НҮБ-ээс, Япон, АНУ, Европын холбооноос, мөн дэлхийн томоохон хэвлэлийн агентлагуудаас төлөөлөгч нар ирж ажиглалт хийгээд манай сонгуулиуд ноён нуруугаараа шударга явагдсан, иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадсан гэсэн дүгнэлт гаргаж байв. Фрийдом Хаусын судалгаагаар ч мөн ингэж гардаг. Ардчилсан сонгууль явуулж, түүнийхээ үр дүнгээр төрийн эрх мэдэл улс төрийн нам, хүчнүүдийн хооронд шилждэг нь ардчиллыг шинээр тогтоосон улс орон бүрд байдаг жишиг биш. Жишээлбэл, Бирм буюу одоогийн Мьянмар улсад 1990 онд парламентын сонгууль явагдахад сөрөг хүчин болох Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам 80 орчим хувийн саналаар ялалт байгуулжээ. Гэвч, цэргийн эрхтнүүд уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сөрөг хүчний намын дарга Ан Сан Су Чиг гэрийн хорионд оруулж, бусад лидерүүдийг нь хорьж цагдан улс орноосоо дайжихад хүргэсэн түүх бий.
Тулгамдсан асуудлууд
Монгол Улс ардчилсан дэглэмд шилжээд 25-хан жил болж байна. Эргээд харахад Монголд төрийн эрх мэдлээ тодорхой хэмжээнд зааглаж хуваарилаад өгчихсөн, бие биеэ тодорхой хэмжээнд хянаж, тэнцэж байна, хүний үндсэн эрх, эрх чөлөө боломжийн хэмжээнд хэрэгжиж байна, дээр нь ардчилсан сонгуулиа хийж чадаж байна. 1990 онд дэглэм солигдоход, мөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаар төрийн эрх мэдлийг шилжүүлэхэд хүчирхийлэл гараагүй нь бидний бахархах ёстой амжилт мөн. Гэвч, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын зааг, харилцааг тодорхой болгох, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх зэрэг төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэлтэй холбоотой зарим тулгамдсан асуудал байна.
Хэдийгээр хүний эрхийн хамгаалалтаар Монгол Улс бүс нутагтаа тэргүүлдэг улсуудын нэг боловч хүний эрхийн ноцтой зөрчлүүд ч байсаар байна.
Гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хүмүүст эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, доромж хандах, үндэслэлгүйгээр удаан хугацаанд хорих, ижил хүйстэн хүмүүс алагчлал, хүчирхийлэлд өртөх, гүтгэлэг, доромжлолыг гэмт хэрэгт тооцсоноор төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий хүмүүсийн талаарх шүүмжлэлийг боомилж, үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчих зэрэг хүний эрхийн зөрчлүүд гардаг гэдгийг харуулсан судалгаа, тайлангууд ч гарсаар байна.
Ийм нөхцөлд үндсэн эрхийн зөрчил гарсан гэх тодорхой хэргүүдийг Үндсэн хууль болон хүний эрхийн олон улсын гэрээг бариад шийдвэрлэдэг шүүх Монгол Улсад өнөө хэр нь байхгүй байгаа нь харамсалтай юм
. Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэх ёстой Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн тодорхой зөрчлийг харьяаллын биш гээд авдаггүй. Ердийн шүүх нь Үндсэн хуульд баталгаажсан эрхийг зөрчсөн хуулийг хэрэглэх ёсгүй ч ийм саналыг Цэцэд гаргаж шийдвэрлүүлэх нь тун ховор бөгөөд Үндсэн хууль болон олон улсын гэрээн дэх үндсэн эрхийн заалтыг хэрэглэж маргаан шийддэггүй.
Бид эдгээр тулгамдсан асуудлаа шийдээд, үндсэн хуульт ардчиллаа бэхжүүлээд явах ёстой. Учир нь, ардчилал гэдэг бол бидний амьдралыг бүхий л талаар төгс төгөлдөр болгох ид шидийн зүйл биш. Харин бид өөрсдөө өөрсдийн туршлагаасаа суралцаж, хувийн болон хамтын амьдралаа сайжруулж боломжийг олгодог процесс юм. Ардчилал бидэнд хувь заяагаа сонгох бодит боломжийг л өгдөг.
Сэтгэгдэл бичих