20-р зууны сүүлчээс л хүмүүс бид байгаль орчноо хэрхэн бохирдуулж, нөхөн сэргэхээргүй болтол нь сүйрүүлж байгаагаа ухаарч эхэлсэн гэхэд болох биз ээ.
Дэлхийн дулаарлыг энгийнээр тайлбарлавал бидний ямар нэг зүйл шатааснаас үүссэн утаа /СО, СО2/ гэх мэт хийнүүд дэгдэж атмосферт нэмэлт давхарга үүсгэж, нарны цацрагийг дэлхийгээс буцааж ойлголгүй дэлхийн агаар мандал дотор барьснаар хэвийн байдлаас илүүтэйгээр уур амьсгал эрчимтэйгээр дулаарч буй үзэгдэл билээ. Бөмбөрцгийг маань бүрчихсэн хүлэмж шиг л ажиллаж байна гэсэн үг. Энэ бүхний эсрэг дэлхий нийтээрээ утаагүй үйлдвэрлэлийг дэмжиж тэмцэцгээе хэмээн “Парис” ийн гэрээнд 2015 онд 169 улс нэгдсэн билээ.
Мэдээж хамгийн их утаа ялгаруулдаг салбаруудын нэг болох эрчим хүчний үйлдвэрлэлд нөхөн сэргээгдэх нар, ус, газрын дулааны ЦС-ууд эрчээ авч буй ба үүн дундаас дэлхийд хамгийн өндөр хүчин чадал бүхий усан цахилгаан станцын талаар танилцуулъя.
Энэхүү Усан цахилгаан станц /УЦС/ нь Хятадын төвийн бүсээс эх аван урагшаа Азийн таван улсруу хил дамнан урсдаг томоохон мөрөн болох “Янце” дээр түшиглэн баригджээ. 1912 оноос эхлэн энэхүү УЦС-г барих санаа гарч дэлхийн дайн, иргэний дайн гэх мэт үргэлжилсээр 1982онд эцэслэн барихаар Хятадын ардын их хурал шийдэж барилгын ажил эхэлснээр 2009 онд бүрэн чадлаараа ашиглалтад оржээ.
Боломжит хүчин чадал 22,500 МегаВатт нь дэлхий дээрх хамгийн чадалтай цахилгаан станц гэж тооцогдох ч жил бүрийн голын урсац, хур тунадсын байдлаар өөр өөр байдаг байна. 22,500 МВт гэдэг хэр их вэ гэж баримжаалвал дундаж 10 ширхэг атомын цахилгаан станцтай дүйцүүлэхүйц бөгөөд цөмийн цахилгаан станц /ЦС/ тай харьцуулахад маш аюулгүй хямд, нүүрс буюу дулааны ЦС аас ч илүү хямд, байгальд харьцангуй хор нөлөөгүй бөгөөд хүчин чадал харьцуулашгүй өндөр ажээ. Манай Монгол улсын нийт цахилгааны хэрэгцээ бүдүүн багцаагаар 1000 МВт буюу эл УЦС Монгол улсын хэрэгцээг 22 дахин хангана гэсэн үг.
Одоогийн байдлаар энэхүү УЦС нь дэлхий дээрх хамгийн үр ашигтай, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрт тооцогдож байгаа бөгөөд дэлхий дээрх топ 20 цахилгаан станцын 10 нь УЦС байна.
Энгийн бөгөөд товч тайлбарлавал, урсац сайтай том гол мөрнүүдийн дунд урсгалыг боож өндөр далан барьж усыг хуримтлуулж том хиймэл нуур үүсгэдэг. Гол урсахын хирээр нуурын түвшин өндөрт хүрсээр хангалттай өндөр болмогц жижиг хэмжээний хавхлагуудаа нээж өндрөөс доошоо дэлхийн татах хүчний нөлөөгөөр хүчтэй урсаж буй урсгал /хүрхрээ мэт/ дунд турбин буюу сэнс хэлбэрийн эргэвч байрлуулна. Ус доош урсахдаа /зурагт харагдаж буй шар саарал/ турбин сэнсийг эргүүлэх ба энэ эргэлтийн механик энерги цааш генераторт шилжин цахилгаан соронзон орон дотор эргэлдсээр эрчим хүч үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл ямар ч нүүрс, цөмийн бодис, хий шатааж үрж, ямар нэг урвалаас үүдэлтэй бохирдол ялгаруулахгүй зөвхөн голын урсацаас л энерги ялгаруулж байна гэдгээрээ хэзээ ч дуусахгүй бас байгальд ээлтэй технологи юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүс харин ч эсрэгээрээ байгаль орчин, нутгийн оршин суугчдад сөргөөр нөлөөлж байна ч гэж үзэн одоо ч маргаан гарсаар буй билээ
Давуу талууд:
- Мэдээж маш хямд, их хэмжээний эрчим хүч. Янце голын дагуу БНХАУ-н томоохон аж үйлдвэр, өндөр хөгжилтэй хотууд байрласан байдаг ба тэдгээр байршлуудыг маш хямд их хэмжээний цахилгаанаар хангаж буй. Үүнд та бидний мэдэх алдарт Шанхай хот ч мөн багтдаг.
- Урсгалын хяналтын систем. Голын доод хэсгээр бороо ихтэй жил маш их хэмжээний үер тохиож олон мянган хүн гэр орон, амь насаа алдсаар байсныг далан барьснаар мөн шийдэж чаджээ. Бороо их ороод үер болох үед даланг хааж голын урсгалыг бууруулчихна, ган гачиг болох гээд байвал арай их ус нөөцөөсөө тавьчихна. Байгаль эхийг бид дийлэхгүй ч, зохицуулж болж байна.
- Энэ зурагт харагдаж буй шат шиг зүйл бол яг ШАТ юм. Усан онгоцны шат. Түрүүн дурдсанчлан маш том үйлдвэр хотууд энэ голыг даган байрладаг учир усан тээвэр бол хамгийн их хэрэглэгддэг ба УЦС баригдахаас өмнө жилд 10 сая тонн ачаа тээвэрлэдэг байжээ. Гэвч далан барьснаар мэдээж өндөр даланг гатлах шаардлага тулгарснаар ийм шаталсан хэлбэрт усан онгоцний лифт баригдсан. Урсгал тогтворжиж, голын өргөн нэмэгдснээр даруй ачаа тээврийн хэмжээ 5 дахин нэмэгдээд байгаа юм байна.
- Аялал жуулчлал. Аливаа том инженерийн бүтээн байгуулалт технологийн дэвшил, бизнесийн ашигтай байдаг ч мөн үргэлж аялал жуулчлалын дагавар ашигтай байсаар ирсний адилаар мөнөөх УЦС маань хүртэл жилдээ олон сая гадна дотны жуулчин татдаг болсон байна.
Зоосны нөгөө талыг сөхвөөс, хиймэл нуур үүссэн хэсэгт нутгийн иргэд тариан талбай гэр орон тосгоноо алдаж бүгд өөр тосгод хотууд руу шилжсэн. Нүүсэн иргэд тэр бүр нөхөн төлбөр, нөхөн газар олголтод шударгаар хамрагдаж чадаагүй гэдэг. Мөн тус газарт эртний хотын туурь, балгас олдсон байсан ч, одоо хиймэл нуурын доор Хятадын бяцхан Атлантис болжээ. Голын эхтэй ойролцоох уурхай, хүнд үйлдвэрүүд ч орчны өөрчлөлтөөс болж тодорхой хэмжээний хохирол амсч буй аж.
Мэдээж үлэмж байгууламжууд, турбин, усан онгоцны шат гэх мэт нь голын биологийн системд хурцаар нөлөөлж, голын дагуух ургамал, загас, амьтад устаж үгүй болж байгаа сөрөг нөлөө ч ажиглагдаж байна. Үүнчлэн, олон мянган хүн загасчлал, тариалантай холбоотой ажлын байраа ч алджээ.
Цөөн үгээр дүгнэвэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд энэхүү 27,6 Тэрбум Ам.Долларын өртөгтэй дэлхийн хамгийн том УЦС туйлын ашигтай, дэлхийн дулаарлын эсрэг ногоон эрчим хүчийг хямд үнээр үйлдвэрлэж буй. Нөгөө талаас, орон нутгийн сая сая иргэд орон гэр, соёлын өв газраа усанд живүүлсэн, шинэ газарт дүрвэсэн, ажлын байраа алдсан, нутгийн ан амьтан, ургамал устаж үгүй болсон гамшиг гэмээр төсөл ямар ч байсан амжилттай хэрэгжиж.
3 Хөтлийн УЦС-н нөлөө
Энэхүү УЦС нь нийтдээ 27,6 Тэрбум Ам.Долларын хөрөнгөөр баригдахаар төлөвлөгдөж, гадаад болон дотоодын олон эх үүсвэрээс санхүүжүүлжээ. 2006 оны байдлаар, энэ төсөл өртгөө 10 жилийн дараа нөхнө гэж тооцоолж байсан ч, 2013 он гэхэд л ердөө тавхан жилд бүх өртгөө нөхжээ.
Баримжаагаар 366 грам нүүрсээс 1КВат эрчим хүч гаргаж авдаг гэж тооцвол, жилд дунджаар 31 сая тонн нүүрс шатаахын оронд эл УЦС ногоон эрчим хүч үйлдвэрлэж байна. 2018 оны 4-р сарын 6-ны дэлхийн зах зээлийн ханшаар 1 тн хүрэн нүүрс 60 ам.доллар гэвэл 1 жилд 1,86 тэрбум ам.долларыг нүүрс худалдаж авах боловсруулах тээвэрлэхээс хэмнэж, байгальдаа ч, эдийн засагтаа ч ээлтэй бүтээж байгуулалт хийжээ.
Монгол маань хэзээ Эгийн голын усан цахилгаан станцаа барих юм болдоо?
Улаанбаатарын утааны асуудал, өргөжин дэвжих үйлдвэржилт, бизнест бидэнд цахилгаан ус агаар мэт хэрэгтэй болоод байгаа билээ. Бид жил бүрийн өвөл, ОХУ-аас 200 Мегаватт цахилгаан $24 сая-р импортолж авдаг. Гэтэл манай улсад 162 тэрбум тонн нүүрсний нөөц энэ нь дэлхийн 10%, мөн 30 Гигаватт үйлдвэрлэх боломжит ус, нар, салхин Цахилгаан станц бүтээх байгалийн нөөц хангалттай бүр дэндүү хангалттай байна шүү дээ. Хэрвээ бид маш хямд үнээр их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадвал яагаад гэр хорооллын айл болгон цахилгаанаар халж, Улаанбаатар минь утаагүй, иргэд нь эрүүл аз жаргалтай, айл бүр дулаан, хүүхэд бүр нүүрс буталж түлэх цагаа сурч боловсорч өнгөрөөх боломжтой сайхан цагтай золгоно.
Түмэндалай Мөнхдалай
Ашигласан материал:
http://baabar.mn/article/2761
https://eneken.ieej.or.jp/data/5590.pdf
https://www.reuters.com/article/china-parliament-hydropower/chinas-yunnan-defends-dam-building-as-activists-head-to-court-idUSL4N1QP3U1
https://www.internationalrivers.org/campaigns/three-gorges-dam
Сэтгэгдэл бичих